Ойролцоо утгатай үгс нь хоорондоо тэс өөр дуудлагатай үгс байдаг боловч бүгд нэг л утга илэрхийлдэг. Хэдийгээр нэг утга илэрхийлнэ гэх боловч яг бүрэн тохирдоггүй тул тэдгээр үгсийг хэл шинжлэлд ойролцоо утгатай үгс гэж нэрлэдэг.
Англи хэлний ойроолцоо утгатай үгсийг хэрхэн зөв хэрэглэж сурахыг хэсэг үйл үгс дээр авч үзье, тухайлбал: look, see, watch буюу listen, hear.
Эхний гурван үгсийг монголоор “харах”, “үзэх” гэж орчуулдаг. Бид монголоор ярихдаа тус хоёр үйл үгийг хооронд нь салгаж хэрэглэдэг билээ. Түүний адил See, look, watch нь тус тусдаа хэрэглэгдэх өөрийн гэсэн онцлогтой. Аливаа юмыг яаж харж буйгаас шалтгаалан англи хэлэнд эдгээр гурван үгсийг өөр өөр нөхцөлд хэрэглэдэг.
1. See
See –Таны нүдэнд харагдсан бүхнийг энэ үгээр илэрхийлж болно.
2. Look
Look, see хоёр нь ямар ялгаатай вэ гэхэд See нь аливаа юмыг онцолж хараaгүй нөхцөлд хэрэглэгддэг. look нь анхаарлаа зориуд хандуулж харсан нөхцөлд хэрэглэгдэнэ.
3. Watch
Ямар нэгэн зүйлийг тодорхой хугацаагаар анхааран харж байгааг илэрхийлэхэд тус үгийг хэрэглэдэг.
When I went into the kitchen, I could see our cat.
Би гал тогоонд орж ирээд муураа харлаа.
Juju couldn’t see me, because she was looking at her empty food bowl. When I called her, she looked at me.
Жужу хоолныхоо хоосон таваг руу харж байсан тул намайг харахгүй байлаа. Харин түүнийг дуудахад тэр над руу харав.
Juju was watching me when I walked to the corner of the kitchen to get her some food. She was hungry.
Түүнд хоол өгөх гээд гал тогооны буланд очиход Жужу над руу харж байлаа. Тэр өлсгөлөн байв.
Нүдээ нээгээд хархад танд юу үзэгдэж байна тэр бүгдийг see үйл үгээр илэрхийлж болдог бол look нь анхаарлаа хандуулж онцолж харсан нөхцөлд хэрэглэгдэнэ. Анхаарлаа хандуулан хэсэг хугацаагаар харахыг watch үйл үгээр илэрхийлнэ.
I can’t see you. Би чамайг харахгүй байна.
Look at me! Над руу хараач!
Did you watch TV all day? Чи өдөржингөө зурагт үзсэн үү?
Англи хэлний listen, hear “сонсох” үйл үгс нь мөн хоёр өөр нөхцөлд хэрэглэгддэг.
Honey, did you hear what she said?
No, sorry, I wasn’t listening. What did she say?
Хонгор минь, түүний юу хэлснийг сонсов уу?
Үгүй, сонсоогүй. Тэр юу гэж хэлсэн бэ?
Be quiet! I’m listening to the weather report.
Чимээгүй бай! Би цаг агаарын мэдээ сонсч байна.
Listen to me!
Намайг сонс!
Last night I heard someone laughing at my door.
Хэн нэгэн хүн манай хаалган дээр инээхийг урд шөнө би сонссон.
Дээрхи жишээн дээр listen нь анхаарлаа хандуулан, чих тавин сонсоход хэрэглэгддэг бол hear нь чихэнд аяндаа сонсогдоод байгаа зүйлс дээр хэрэглэгддэг байна.
Ойролцоо утгатай үгсийг та хэрэглэж сурвал үг яриа тань илүү сонирхолтой болохоос гадна англиар зөв ярьж сурахад тань тус нэмэр болно.
Бид өмнөх хичээлүүд дээрээ see-watch-look харах, listen-hear сонсох, do-make хийх, slap-smack алгадах гэсэн ойролцоо утгатай үгсийг хэрэглэж сурсан бол энэ удаад worry- worried -to be worried санаа зовох, shout- yell хашгирах, work-job ажил гэх мэт ойролцоо утгатай үгсийг авч үзье.
Хэн нэгэн хүнд болон ямар нэгэн юманд санаа зовох үед дараах үгсийг хэрэглэдэг.
to worry санаа зовох
to be worried санаа зовох
worried сандарсан
Ямар нэгэн үйл явдалд эсвэл хэн нэгэн хүнд яг одоо, энэ мөчид санаа зовж байгаа бол to be worried –г хэрэглэнэ.
to worry –г байнга санаа зовж байдаг зүйл дээрээ хэрэглэдэг. worried нь to be гүй хэрэглэгдэхээрээ тэмдэг нэр болж сандрах гэсэн утга илэрхийлдэг.
I worry about you.
Би чиний төлөө санаа зовдог.
His worried parents called the police.
Сандарсан эцэг эх нь цагдаа дууджээ.
I’m worried about you.
Би чамд санаа зовж байна.
I’m worried about you because I’m your mother.
Би чиний эх учраас чиний төлөө санаа зовж байна.
to shout- хашгирах
to yell- хашгирах
to shout гэдэг нь дуу ,чимээ шуугиантай холбоотой бол to yell нь хэн нэгэн хүн рүү ууртайгаар зандархад хэрэглэгддэг.
The children are shouting.
Хүүхдүүд хашгирч байна.
Zolboo always yells at somebody.
Золбоо дандаа хэн нэгэн хүн рүү хашгирч ярьдаг.
He gave a shout for help.
Тэр тусламж эрж хашгирав.
Don’t yell at me!
Над руу битгий хашгичаад бай!
to be angry- уурлах.
to be upset – уурлах
Sam is angry. Сам ууртай байна.
Tom is upset, too. Том бас ууртай байна.
Ann gets angry easily. Анн маш амархан уурладаг.
Эдгээр өгүүлбэрт орсон to be angry, to be upset, to get angry бүгд уурлах гэдэг үгээр монгол руу орчуулагджээ.
to be angry нь сэтгэлийн хүчтэй хөдөлгөөн гаргаж уурлахад хэрэглэгддэг бол to be upset -ийг сэтгэл нь тавгүйтэж, ямар нэгэн юманд дотроо бухимдаж уурлаад байгаа хүн дээр хэрэглэх нь илүү тохиромжтой.
I’m angry.
Миний уур хүрч байна.
I have a bad news which might upset you.
Санаа зовоох муу мэдээтэй.
If you are upset you can talk to me.
Уур чинь хүрээд бухимдаад байгаа бол надтай яриачдээ.
Хэн нэгэн хүнд уурлахад with угтвар хэрэглэгддэг бол амигүй юманд at ордог.
I’m angry with you.
Чамд л уур хүрээд байна.
I’m angry at his joke.
Түүний онигоонд уур хүрээд байна.
Mary is very upset with me right now.
Мэри над руу уурлаад байна.
Хэн нэгэн хүнийг уурлуулсан нөхцөлд make гэдэг үйл үгийг хэрэглэдэг.
You made me angry yesterday.
Чи өчигдөр намайг уурлуулсан шүү.
What’s made you angry?
Чи юундаа ингэтлээ уурлав?
work ажил, ажиллах
job ажил
to work энэ үйл үгээр ажил хийж хөдөлмөрлөхийг илэрхийлдэг. Ямар ажил хийж гүйцэтгэтгэхийг job үгээр хэлнэ.
Where do you work? Та хаана ажилладаг вэ?
David works in a school. Дэйвид сургуульд ажилладаг.
He hasn’t worked for a week.
Тэр ажилд ороод долоо ч хоноогүй байна.
Do not call him at work.
Түүний ажил руу битгий утасд.
Work with me! Надтай ажиллаарай.
Ironing is hard work. Индүүдэх нь хүнд ажил юм.
It is hard work. Энэ бол хүнд ажил.
to work нь мөн машин техник болон цахилгаан хэрэгсэл дээр хэрэглэгддэг.
Don’t try to use that computer. It doesn’t work. We are waiting for the engineer to fix it.
Тэр компьютерийг битгий хэрэглээрэй. Ажиллахгүй байгаа. Түүнийг засах инженерийг бид хүлээж байна.
Job нь нэр үг учраас ажлын нэр, ажилтны үүрэг хариуцлага болон ямар ажил хийдгийг тодорхойлж өгдөг.
David has now a new job. He is a cook in a small restaurant.Дэйвид одоо шинэ ажилтай болсон. Тэр нэг жижиг ресторанд тогооч хийдэг.
I have a few jobs to do at home this weekend. I need to fix a broken door, paint my bedroom, and finish my book.Надад гэртээ хагас бүтэн сайнаар хийх хэд хэдэн ажил байна, тухайлбал, эвдэрсэн хаалгаа засах, унтлагынхаа өрөөг будах, номоо дуусгах гээд.
It was the secretary’s job to open the mail. Нарийн бичгийн даргын ажил нь захидал задлах байлаа.
It is your job to be on time. Ажилдаа цагтаа ирэх нь таны үүрэг мөн.
It was a costly job. Энэ нь үнэтэй ажил байлаа.
My job is very interesting. Миний ажил маш сонирхолтой.
Ижил утгатай өөр өөр үгсийн ялгааг гаргаж сурвал үгсийн сан тань баяжихын зэрэгцээ найрууллага тань сайжирна.
Англи хэлний clever, intelligent, smart гэх ойролцоо утгатай үгс нь гурвуулаа ” ухаантай” гэсэн утга илэрхийлдэг боловч хоорондоо утгын ямар нарийн ялгаа гаргадгийг энэ удаагийн хичээлээрээ авч үзье.
Эдгээр үгс нь тэмдэг нэр учраас хүн болон амигүй зүйлсийн тодотгол болж өгдөг. clever тус үгийг ухаантай, ухаалаг, сайн, зөв гэж монгол руу орчуулна.
A clever student ухаантай оюутан
A clever answer зөв хариулт
Cathy was much cleverer than John.
Кати Жоноос илүү ухаалаг байсан.
That was a clever move.
Энэ нь ухаалаг зөв алхам байлаа.
It is not very clever of you to argue with her.
Түүнтэй маргалдах нь тийм сайн зүйл биш ээ.
It isn’t very clever of you to have cheated at the exam.
Шалгалтан дээр хуурч мэхлэх нь буруу хэрэг юм.
It was a clever plan, but it didn’t work.
Энэ нь сайн төлөвлөгөө байсан боловч хэрэгжиж чадаагүй.
Intelligent нь оюуны өндөр чадавхтай, боловсролтой гэсэн утга илэрхийлдэг.
An intelligent child ухаантай хүүхэд
People are much more intelligent than animals.
Хүн амьтнаас оюун ухаанаараа илүү.
I was surprised at his intelligent remark.
Түүнийг ухаантай үг хэлсэнд маш ихээр гайхав.
John Brown is an intelligent and well-educated man.
Жон Браун нь оюуны өндөр чадавхтай бөгөөд боловсрол сайтай хүн юм.
Англи хэлний intelligent гэх үгийг монгол хэлний “сэхээтэн” гэдэг үгтэй андуурч болохгүй.
smart нь сэргэлэн цовоо, цэцэн цэлмэг, гүйлгээ ухаан сайнтай гэсэн утга илэрхийлдэг.
A smart reply овжин хариулт
A smart boy сэргэлэн хүү
David isn’t as smart as he looks.
Дэйвид нь ухаантай харагддаг боловч үнэндээ тийм биш ээ.
Sam is good and quick in thinking, in a word he is very smart.
Сам гүйлгээ ухаан сайтай хүн юм өөрөөр хэлбэл тэр маш сэргэлэн.
Steve was smart, witty and ready of speech.
Стив нь цовоо сэргэлэн, хурц ухаантай, цэцэн цэлмэг хүн байлаа.
Bessie was a girl of good natural capacity, she was smart in all she did.
Бэсси байгалаас заяасан ухаантайгаас гадна хийж буй бүхий л зүйлдээ ухаалаг ханддаг байлаа.
Англи хэлэнд smart fool үгчилбэл “ухаантай тэнэг” гэсэн өвөрмөц хэллэг байдаг. Тус өвөрмөц үг хэллэгээр “чадвартай” гэсэн утгыг илэрхийлдэг.
I consider myself a smart fool. Don’t be anxious about my future.
Би өөрөө өөрийгөө аваад явчих чадвартай гэж боддог. Иймд миний ирээдүйн төлөө санаа зовох хэрэггүй.
Монгол хэлний ойролцоо утгатай үгсийн толь бичгийг зохиосон доктор, профессор Б.Сумъяабаатар “аливаа хэлний чимэг нь ойролцоо утгатай үгс байдаг” гэж тодорхойлжээ.
Speak, talk, tell, say- ийн ялгаа.
TO SPEAK
1. ярих, ярилцах
Did you speak to him this morning?
Өнөө өглөө түүнтэй ярьсан уу?
I saw him, but I didn’t speak to him.
Би түүнтэй уулзсан боловч яриагүй.
2. ярих чадвар
My son speaks very quickly.
Манай хүү маш хурдан ярьдаг.
Does your baby speak?
Танай хүүхэд ярьж чадах уу?
Speak louder!
Чанга яриач!
Dogs can’t speak.
Нохой ярьж чадахгүй.
3. ямар нэгэн гадаад хэлээр ярих чадварыг тодорхойлоход хэрэглэнэ.
Do you speak English?
Та англиар ярьдаг уу?
What languages do you speak?
Та ямар ямар гадаад хэлээр ярьдаг вэ?
I can speak English and German.
Би англи, германаар ярьж чадна.
How many languages do you speak?
Та хэдэн гадаад хэл мэдэх вэ?
How well does she speak English?
Тэр англиар хэр зэрэг сайн ярьдаг вэ?
I think she speaks English very well.
Миний бодлоор тэр англиар маш сайн ярьдаг.
4. хурал, цуглаан дээр үг хэлэх.
I don’t want to speak at the meeting tomorrow.
Маргаашийн хурал дээр би үг хэлмээргүй байна.
Who is going to speak at the meeting?
Хурал дээр хэн үг хэлэх гэж байна?
I want to speak at the meeting.
Хурал дээр би үг хэлмээр байна.
TO TALK ярих, хөөрөх, ярилцах
Тус үйл үгийн үндсэн утга нь speak -тэй адил боловч олон хүнд биш нэг хоёр хүнд хамаардаг. Speak нь албан ёсны үг хэллэгт ордог бол talk нь ярианы хэлэнд илүү хэрэглэгддэг.
They can talk all day
Тэд өдөржингөө ярьж чадна.
He talks a lot of nonsense.
Тэр дандаа дэмий юм ярьж явдаг.
My daughter talks in her sleep.
Охин маань зүүдэндээ ярьдаг.
My son learnt to talk very early.
Хүү маань эрт хэлд орсон.
Ann talks too much.
Анн дэндүү яриа.
Stop talking!
Ярихаа боль!
When Saraa and Tuya start talking it's hard to stop them.
Сараа Туяа хоёр яриа дэлгэвэл тэднийг зогсоох арга байхгүй.
What are you talking about?
Чи юугаа яриад байгаа юм бэ?
Don’t be shy, talk to your teacher.
Чи ичиж зоволгүйгээр багштайгаа яриад үз.
TO SAY хэлэх
1. хэлэх, дуугарах
What are you trying to say?
Чи юу хэлэх гээд байна вэ?
What is he saying?
Тэр юу гэж хэлсэн бэ?
Never say "no" to your boss.
Даргадаа “үгүй” гэж хэзээ ч битгий хэлж бай.
I must say that you are wrong.
Чиний буруу гэдгийг би хэлэх ёстой.
Say something.
Дуугараач.
Don’t say anything.
Дуугүй бай.
Please say each word clearly and loudly.
Үг бүрийг тод чангаар хэлнэ үү.
2. Хэн нэгэн хүний хэлсэн үгийг шууд дамжуулахад хэрэглэнэ.
My friend says that he likes Washington DC.
Найз маань Вашингтон хотод дуртай гэнэ.
He said goodbye to me.
Тэр надад баяртай гэж хэлсэн.
Don't forget to say "Thank you".
“Баярлалаа” гэж хэлэхээ битгий мартаарай.
Say "yes".
“Тийм” гэж хэлдээ.
"Look at me," she said.
Над руу хараач гэж тэр эмэгтэй хэлэв.
Are you coming? - It's hard to say.
Чи ирэх үү? Хэлэхэд хэцүү л байна.
I want to hear this word from you, say it.
Чамаас тэр үгийг сонсмоор байна, хэлээд өгөөч.
TO TELL
1. хэлэх, өгүүлэх, мэдээлэх
Tell me where you live.
Чи хаана амьдардагаа хэл.
She doesn’t want to tell me the story of her life.
Тэр амьдралынхаа тухай надад ярихыг хүсэхгүй байна.
Don't tell your sister about me.
Эгчдээ миний тухай битгий хэлээрэй.
You promised not to tell.
Чи хэлэхгүй гэж амласан шүү дээ.
Teach the child to tell time.
Хүүхдэд цаг зааж өг.
Can you tell me the time, please?
Цаг хэд болж байгааг хэлж өгнө үү?
Tell us a story, please.
Бидэнд түүх ярьж өгөөч.
I can tell you what Mary said.
Мэригийн юу хэлснийг би танд хэлж чадна.
What is she telling you?
Тэр чамд юу гэж хэлээд байна?
2. Say шууд үгэнд ордог бол tell нь хөндлөнгийн үгэнд хэрэглэгддэг.
Harry said, “Open the door.”
Харри:” Хаалгаа нээ” гэж хэлэв.
Harry told me to open the door.
Харри надад хаалгаа нээ гэж хэлсэн.
She said that.
Тэр тэгэж хэлсэн.
She told me about it.
Тэр надад үүний тухай хэлсэн.
What did she say?
Тэр юу гэж хэлсэн бэ?
What did she tell you?
Тэр чамд юу гэж хэлсэн бэ?
She said that to me
Тэр надад үүнийг хэлсэн.
Tell, say хоёр үйл үгийн ялгаа нь юунд байна вэ гэхэд tell нь ардаа хэн гэдгийг тодотгож өгдөг бол say нь араасаа төлөөний үг авч явдаггүй.
Tell whom? Хэнд хэлэх вэ?
Say what? Юу хэлэх вэ?
I can’t say for sure.
Би яасан ч хэлж чадахгүй.
I can’t tell you for sure.
Би чамд яагаад ч хэлж чадахгүй.
He said “I can’t tell you.”
Би чамд хэлж чадахгүй гэж тэр хэлэв.
Anar said something. Анар нэг юм хэлсэн.
Anar said something to me. Анар надад нэг юм хэлсэн.
Anar told me something. Анар надад нэг юм хэлсэн.
tell –тэй хэрэглэгддэг үг хэллэг
tо tell the truth үнэнийг хэлэх
tо tell a lie – худлаа хэлэх
tо tell a joke – онигоо ярих
to tell the difference ялгааг олж хэлэх
Do as you are told. Хэлсэнийг хий.
Time will tell. Цаг хугацаа харуулна
I told you so! Би чамд хэлсэн шүү дээ!
Don’t tell on your sister! – Эгчийгээ битгий ховлоод бай!
When in doubt, tell the truth. (Mark Twain). – Эргэлзэж байгаа бол үнэнийг хэл. /Марк Твейн/
Даяармонгол болон Орлоо цахим хуудсын уншигчдын хүсэлтийн дагуу “хэлэх, ярих” гэсэн утгатай англи хэлний speak, talk, say, tell гэх дөрвөн үйл үгийн ялгааг энэ удаад авч үзлээ.
No comments:
Post a Comment