Friday, March 30, 2012

Монгол Улсын төсөв 2008-2011 он

Яг иймэрхүү загвараар ТЕЗ-ийн төсвийн танилцуулгаа хийнэ. Түүний дараа орон нутгууд өөрсдийн салбарын төсвөө ижилхэн хийгээрэй. А.Мөнх-Оргил

 1.     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2008
Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн нийт орлого 2,423.2 тэрбум төгрөг, нийт зарлага 2,560.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 136.9  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,718.1 тэрбум төгрөг, зарлага 1,946.6 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 228.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

 I Тодотгол 2008
 Монгол Улсын 2008 оны батлагдсан төсвийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцлийг хангах, хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас төсөвт зайлшгүй нэмж тусгах шаардлагатай арга хэмжээг тусгах, УИХ-аас эрх олгосны дагуу Засгийн газрын тогтоолуудаар 2007 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийгдсэн зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор 3 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.
 Монгол Улсын 2008 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого 2,425.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,774.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 349.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,676.6 тэрбум төгрөг, зарлага 2,141.1 тэрбум төгрөг болж, улсын төсвийн нийт тэнцэл 464.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
 II Тодотгол 2008
 Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хууль батлагдсанаас хойш гарсан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас бий болсон өөрчлөлтүүдийг тусгах, төсөвт байгууллагуудын тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлэх шаардлагын улмаас 2008 оны 10 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.
 Ингэснээр Монгол Улсын 2008 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,496.9 тэрбум төгрөг, нийт зарлага 2,516.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 19.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,720.3 тэрбум төгрөг, зарлага 1,815.6 тэрбум төгрөг болж, улсын төсвийн нийт тэнцэл 95.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.6 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
  2.     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2009
 Засгийн газраас 2009 онд баримтлах төсвийн бодлого нь макро эдийн засгийн зорилтуудыг хангаж, мөнгөний бодлоготой уялдсан, төрийн албаны тоо болон цалин хөлсийг нэмэгдүүлэлгүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалт, урсгал зардлыг багасгах замаар эх үүсвэрийг чөлөөлж, тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг гагцхүү хэрэгцээтэй нийгмийн бүлгүүдэд зориулахад чиглэсэн Төсвийн хумих бодлого байсан.
 Монгол Улсын 2009 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн нийт орлого 2,223.9 тэрбум төгрөг, нийт зарлага 2,619.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 395.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,847.8 тэрбум төгрөг, зарлага 2,200.9 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 353.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
I Тодотгол 2009
 Олон улсын санхүүгийн зах зээл дээр бий болсон  санхүүгийн хямралын улмаас дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ огцом буурсан нь  манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч байгаатай холбогдуулан төсвөөс санхүүжүүлэх урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хумих зайлшгүй шаардлага тулгарсан тул 3 дугаар сард тодотгол хийсэн.
 УИХ-ын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн чуулганаар нэгдсэн төсвийн нийт орлого 1,973.01 тэрбум төгрөг, нийт зарлага 2,314.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 341.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн нийт орлого 1,621.3 тэрбум төгрөг, нийт зарлага 1,854.7 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 233.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.
 II Тодотгол 2009 /МУХС-ийн төсөвт/
 ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын байгууллага,хандивлагч орнуудтай тохирсон хэлэлцээрийн дагуу нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, үүнд чиглэсэн зардлыг бууруулахгүй байх, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 7 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.
 Монгол Улсыг Хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2009 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,418.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 364.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.
 III Тодотгол 2009 /НДС-ийн төсөвт/
 Нийгмийн Даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,436.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 381.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн хуулиар батлагдсан.
 3.     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2010 ОН
 Монгол Улсын 2010 оны төсвийг боловсруулахдаа эдийн засгийн хямралын үед хүн амын мөнгөн орлогыг  болон тэтгэмжийн хамрах хүрээг бууруулахгүй байх, ингэхдээ стратегийн орд газруудаас бий болж буй орлогыг иргэдэд хуваарилах механизмтай уялдуулан хамтатган шийдэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хумих бодлогыг баримтлахгүй байхаар төлөвлөсөн.
 Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,426.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,785.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувь, улсын төсвийн нийт алдагдал 152.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэхээр батлагдсан.
Тодотгол 2010
 Орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, Улсын Их хурлаас хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газарт чиглэл болгосныг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн Засгийн газрын бондын зардлыг төсөвт бүртгэх, зайлшгүй шаардлагатай урсгал зарлагын эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тодотгол хийсэн.
 Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан төсвөөс 218.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,645.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсан төсвөөс 322.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 103.6 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэхээр УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.
 4.     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2011
 Монгол улсын 2011 оны төсвийн бодлогын гол чиглэл нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн суурийг оновчтой бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг татварын болон бодлогын бусад арга хэрэгслээр дэмжих, улмаар уул уурхайгаас хэт хамааралтай болж буй эдийн засгийн бүтцийг аажмаар өөрчлөх, жижиг дунд үйлдвэрлэл, түүн дотроо дотоодоос түүхий эдээ хангадаг үйлдвэрлэлийн салбарыг хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах асуудал байсан.
 УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24 –ний өдрийн хуралдаанаар батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогыг хуримтлуулах зорилгоор төсвийн тогтворжуулалтын санг үүсгэлээ.
 Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.9 хувь, улсын төсвийн орлого 2,492.3 тэрбум төгрөг, зарлага 2,782.7 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар батлагдсан.
 Тодотгол 2011
 Улсын Их хурлаас Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн шийдвэртэй зардлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг боловсруулсан.
 Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,942.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,931.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 988.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.7 хувь, улсын төсвийн орлого 3,080.0 тэрбум төгрөг, зарлага 3,609.8 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 529.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан.
 5.     МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2012
 Монгол Улсын 2012 оны төсвийг эдийн засгийн өсөлт, олон улсын зах зээл дэх ашигт малтмалын үнийн нөлөөллийг үндэслэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд хөтөлбөрөөр төлөвлөж, төсвийн байгууллагын өөрийн орлого төсвийн зарлагыг санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан боловсруулсан. Эдийн засгийн өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод татварын зохицуулалт хийх, хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжих зэрэг чухал арга хэмжээнүүдийг төсөвт тусгасан.
 Монгол улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,825.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 6,309.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.8 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -3.0 хувь, улсын төсвийн орлого 4,360.7 тэрбум төгрөг, зарлага 4,865.9 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 1,059.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос татан авна уу.

Эх сурвалж: www.iltod.gov.mn

Thursday, March 29, 2012

Үлгэрийн бүсгүйчүүл минь одоо хаана байна аа

           
Эрт урьдын цагт гэнэ
Эрэлхэг баатар Монгол бүсгүй
Эр хүний хуяг дуулга өмсөөд
Эх орноо хамгаалан босч
Эзэрхэг Мингийн цэрэгтэй
Эрэгчин эмэгчнээ үзсэн гэнэ
Эрт урьдын цагт гэнэ
Эрэлхэг баатар Монгол бүсгүй
Эр хүний хуяг дуулга өмсөөд
Эх орноо хамгаалан босч
Эзэрхэг Мингийн цэрэгтэй
Эрэгчин эмэгчнээ үзсэн гэнэ

         Эрт урьдын цагт гэнэ
         Эрэмгий зоригт Монгол эхнэр
         Эрчит нумаа хөвчлөөд
         Эцсийн тулаанд шархадсан
         Эр нөхрөө өмгөөлж
         Эрсдэн тулалдсан гэнэ
Эрт урьдын цагт гэнэ
Айлын бэр болсон
Алаг нүдэн охин
Алтайн харуулд явсан
Амраг нөхрөө хүлээж
Арван найман жил
Ариун үнэнчээр хүлээсэн гэнэ
         Эрт урьдын цагт
         Идлэг шонхор мэт зоригтой
Ийм бүсгүйчүүл байсан гэнэ
Эх нутаг, эр нөхөртэй хайртай
Эмнэг хангал унаж
Эрээн нум агссан
Эрэмгий хүүхнүүд байсан гэнэ
Эрт урьдын цагт
Энэ бүхэн байсан гэнэ
Эр хүнийг эрдэнэ мэт хүндэтгэж
Эвлэг ухаалаг харьцдаг
Эхнэр хувцастай мэргэн гоо
Эзэн Богдын голомтыг асааж
Энхрий үрсээ торниулдаг байсан гэнэ
         Эрт урьдын цагт гэнэ
         Уян налирхай хуруугаараа
Уянгат ятгаа тоглодог
Уртын дууны шуранхайгаар
Уул усаа баясгадаг
Уужим цээл хоолойтой
Усны дагина шиг бүсгүй байсан гэнэ
Эрт урьдын цагт гэнэ
Үйл үртсэнд уран
Үлэмжийн хатгамал шагласан
Үг хэлэнд цэцэн
Үлгэр домог үгүүлсэн
Үүлтэй тэнгэрээс заларсан мэт
Үзэмж төгс бүсгүй байсан гэнэ
Эрт урьдын цагт гэнэ
Өглөө эрт босож
Өрхний оосроо татдаг
Үнээ малаа сааж
Өрөм сүүгээ бялхаадаг
Өег  цагаан цайгаа чанаж
Өөд нь өргөдөг бүсгүй байсан гэнээ
Эрт урьдын цагт гэнэ
Наашаа харахад нь
Нар гэрэлтэж
Навч цэцэг дэлгэрдэг
Цаашаа харахад нь
Сар мандаж
Цас ордог бүсгүй байсан гэнэ
Эрт урьдын цагт гэнэ
Эгшиглэнт намуухан дуунд нь
Эрвээхэй нисэн ирж
Эрээн цэцэгтэй андуурдаг
Энхэл хонгор аашинд нь
Эрийн сэтгэл хайлж
Энхрийлэл хайраа өгдөг бүсгүй байсан гэнэ
Эрт урьдын цагт...

Эх сурвалж: www.tsenher.blog.banjig.net

Tuesday, March 27, 2012

Эх дэлхийн цаг 2012 хөдөлгөөнд нэгдэцгээе


Энэ хөдөлгөөнийг дэмжээд миний хувьд дөрвөн жил болжээ. Харин та ...?


хуучны бичлэгээ сэргээн засварлаж орууллаа.
 
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2012”
Сүүлийн хоёр жилд Монголд энэхүү хөдөлгөөний зохион байгуулалттайгаар явуулж байгаа бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 31-ний Бямба гарагийн 20:30 цагаас 21:30 цагийн хооронд НЭГ ЦАГ гэрлээ унтраах юм байна.
Бурхан таны хайртайг сэтгэл зүрхээрээ мэддэгийн нэгэн адил дэлхий таны хайрыг хаанаас ч мэдрэх болно. Иймд та заавал талбай дээр очих хэрэггүй. Хурдтай хөгжиж, хурдтайгаар мөхөл рүүгээ дөхөж буй эх дэлхийнхээ төлөө та хаа байгаа газрынхаа бзх гэрэл цахилгааныг унтрааж нэг цагийг эрчим хүчгүйгээр эх дэлхийд та хэн болчихсон байгаагаа төсөөлөн нэг ажаарай.

Албан ёсны цахим хуудас



Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ
Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.
Иймд энэ оны 3-р сарын 31-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.
Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ.

Амьдралын 7 гаргалгаа


1. Өнгөрсөнтэйгээ эвлэр. Тэгж гэмээнэ тэр 
    Одоог чинь үгүй хийж чадахгүй.

2. Бусад хүмүүсийн чиний тухай бодол
    Бусад хүмүүсийнх учраас Чамд огт хамаагүй.


3. Цаг хугацаа бараг л бүх шархыг эдгээдэг,
    Цаг хугацаанд, чамайг эдгээх Цаг хугацаа өг.


4. Чамаас өөр хэн ч чиний
    Аз жаргалтай байх шалтгаан болж чадахгүй.


5. Өөрийн амьдралыг бусдынхтай бүү харьцуул,
   Тэдний зам ямар байсныг чи огт мэдэхгүй.


6. Хэт их бодохоо боль,
    Бүх Хариултыг олохгүйгээр ч амьдарч болно.


7. Инээмсэглэ, чиний нуруун дээр
   Энэ дэлхийн бүх ачаа овоорчихоогүй байна.


Үүнийг явуулсан хүнд баярлалаа

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ


Сангийн сайдын 2007 оны   3   дугаар
сарын  30 -ний өдрийн   81 дүгээр
тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ


 



ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ


 

 



ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО,
ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Улаанбаатар
2007 он



ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ




1.      Ерөнхий зүйл
1.1. Үнэлгээний хороо нь аливаа худалдан авах үйл ажиллагааг тухайн захиалагчийн өмнө хариуцан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль / цаашид хууль гэх/ тогтоомж, энэхүү  журам болон  үнэлгээний зааварт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
1.2. Үнэлгээний хороо нь хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны журмыг сонгох, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн урилга зарлах, тендер хүлээж авах, нээх, тендерийн үнэлгээ хийх, үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг олж авах, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж захиалагчид өгөх, тухайн тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлэх, гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх  үүрэгтэй.
1.3. Захиалагч үнэлгээний хороог энэ журмын 2 дугаар зүйлд нийцүүлэн байгуулж түүнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавина.

2. Үнэлгээний хорооны бүтэц, бүрэлдэхүүн
2.1. Үнэлгээний хороо нь гурав ба түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд захиалагч тэдгээрийн дундаас үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргыг сонгож томилно. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тухайн байгууллагын худалдан авалт хариуцсан мэргэжилтэн байвал зохино.
2.2. Үнэлгээний хорооны гишүүд хуулийн 47.3, 47.5-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ шаардлагыг хангаж буй тухайгаа захиалагчид энэ журмын хавсралт дахь маягтын дагуу бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Үнэлгээний хорооны гишүүн бүр дараах үйл ажиллагааг тус бүрдээ хариуцна:
2.2.1. Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад харшлах зүйлгүй болохыг захиалагчид бичгээр мэдэгдэх,
2.2.2. Үнэлгээ хийхэд шаардлагатай хууль, дүрэм, заавар, журмыг бүрэн ойлгосон байх,
2.2.3. Тендерийн баримт бичиг боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангахуйц, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг баримтлах,
2.2.3. Тендерийн баримт бичигт урьдчилан тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу бүх тендерийг үнэлэх,
2.2.4. Үнэлгээний хорооны хуралдаанд оролцох, шийдвэр гаргахад өөрийн саналыг хараат бусаар өгч оролцох,
2.2.5. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний дүгнэлтэд гарын үсэг зурах.
2.3. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь энэ журмын 2.2-т заасны дагуу бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцох бөгөөд дараах нэмэлт чиг үүргийг тус тусдаа хариуцна:
2.3.1 Үнэлгээний хорооны дарга нь хуралдааныг товлох, үнэлгээний хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах;
2.3.2 Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг бүрдүүлж, хавтаст хэрэг хөтлөх, баримтжуулж, хадгалах;
2.4. Тендер шалгаруулалтыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийн мэргэжлийн ажилтан/мэргэжилтэн/ захиалагчийн боловсон хүчний дотоод нөөцөд байхгүй буюу тусгайлсан мэдлэг шаардлагатай бол захиалагч байгууллагын дарга өөрийн санаачлагаар, эсхүл үнэлгээний хорооны хүсэлтээр мэргэжлийн шинжээч, зөвлөхийг томилон ажиллуулж болно. Мэргэжлийн шинжээч буюу зөвлөхийг сонгоход Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн түүний харьяалагдах байгууллагын удирдлагатай нь зөвшилцөнө.
2.5. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын буюу мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөгчийг оруулах бол түүнд үнэлгээний хорооны ахлагч болон нарийн бичгийн даргын үүргийг хариуцуулахгүй.
2.6. Үнэлгээний хорооны гишүүд илүү цагаар ажилласны хөлс, урамшуулал болон мэргэжлийн шинжээч, зөвлөхийг урьж ажиллуулсан тохиолдолд тэдэнд цалин, урамшуулал олгох нь зүйтэй гэж захиалагч үзвэл Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжын дагуу шийдвэрлэнэ.


3. Үнэлгээний хорооны хуралдаан
3.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана.
3.2. Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно.
3.3. Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна.
3.4. Үнэлгээний хорооны шийдвэрийг хуулийн 47.6 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд тусгаж, уг хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
3.5. Үнэлгээний тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах ажлыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцна.
3.6. Үнэлгээний хорооноос гаргасан эцсийн шийдвэр буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, эсвэр бүх тендерээс татгалзах тухай шийдвэрийн төслийг үнэлгээний дүгнэлт хэлбэрээр бэлтгэж, захиалагчид хүргүүлнэ. 

4.      Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд баримтлах журам, заавар
4.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
4.2. Үнэлгээний хороо хуулийн 47.2 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дараах журам, зааврыг мөрдөж ажиллана:
4.2.1. Тендерийн баримт бичиг боловсруулахдаа Сангийн сайдын 2006 оны 418 дугаар тушаал, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 74, 309 дүгээр тушаалаар тус тус батлагдсан тендерийн жишиг баримт бичгийн аль тохирохыг ашиглах,
4.2.2. Тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэхдээ “Босго үнэ батлах тухай” Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоол, Сангийн сайдын 2006 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Цахим сүлжээнд, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам”-ыг баримтлан нийт төсөвт өртөг нь хуулийн 8.1.5 дахь заалтад заасан босго үнээс давсан худалдан авах ажиллагааг цахим хуудас / www.e-procurement.mn/-нд зарлан мэдээлэх,
4.2.3. Тендерийг үнэлэхэд Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар”, “Дотоодын давуу эрх тооцох аргачлал, заавар” болон үнэлгээний хорооноос боловсруулсан тухайн тендерийн баримт бичгийг баримтлах,
4.2.4. Холбогдох бусад хууль, тогтоомж, журам зааврууд

5. Үнэлгээний хорооны дүгнэлт, түүнээс татгалзах, дахин үнэлгээ хийх

5.1. Үнэлгээний дүгнэлтэд үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрүүд/хуралдааны тэмдэглэлүүд/, гэрээ байгуулах эрх олгох тухай, эсхүл  тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай зөвлөмж, Сангийн сайдын 2007 оны ... сарын .. өдрийн .. тушаалын хоёрдугаар хавсралтанд тусгагдсан үнэлгээний зааврын дагуу бэлтгэсэн холбогдох маягт, тооцоо, бусад үндэслэлүүдийг тусгасан үнэлгээний тайланг хавсаргана.
5.2. Үнэлгээний дүгнэлт нь хууль, тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн бол захиалагч байгууллагын дарга үнэлгээний дүгнэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор энэхүү зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэлд зөрчлийн үндэслэл, тайлбарыг заавал дурдсан байна.
5.3. Үнэлгээний хороо нь захиалагч байгууллагын даргын мэдэгдлийг хүлээн авсан даруй буюу ажлын 3 хоногт багтаан хуралдаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, захиалагчид хүргүүлнэ. Үүнд:
5.3.1. Захиалагчийн бичгээр ирүүлсэн шаардлагад дурдсан алдаа, зөрчил нь үндэслэлтэй бол түүнийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах тухай шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн дахин дүгнэлт гаргах;
5.3.2. Урьд гаргасан шийдвэр, дүгнэлтээ үндэслэлтэй болохыг нотолж, хэвээр үлдээх шийдвэр гаргах.

6. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээ байгуулах эрх олгох

6.1. Захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагааг дараахь байдлаар хянаж баталгаажуулна. Үүнд:
6.1.1. Үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний дүгнэлтийг  хянаж, баталгаажуулах,
6.1.2. Тендерт оролцогчоос хуулийн 54.1 дэх хэсгийг үндэслэн тухайн тендер шалгаруулалттай холбоотой гарсан гомдлыг хянан, шийдвэрлэх,
6.1.3. Захиалагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний аль ч шатанд үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж болно.
6.2. Хуулийн 53.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн бол захиалагч 6.1.1-т заасан хяналт тавьсны үндсэн дээр эцсийн шийдвэр гарах(тендерийн урилгыг зарлан мэдээлэх, мөн гэрээ байгуулах эрх олгох, тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох)-аас өмнө Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр хүсэлт гаргаж түүнд үнэлгээний дүгнэлтйг хавсаргана.
6.3. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа зөвхөн захиалагч байгууллагын даргаар дамжина.
6.4. Захиалагч үнэлгээний дүгнэлтийг хүлээн авснаас хойш, шаардлагатай бол хуулийн 53 дугаар зүйлийн дагуу Сангийн яамаас холбогдох зөвшөөрөл авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөвхөн үнэлгээний дүгнэлт буюу холбогдох зөвшөөрөлд үндэслэн гэрээ байгуулах эрхийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн этгээдэд олгоно.
6.5. Хуулийн 53.4.2-т заасан үндэслэлээр Сангийн яамнаас тендер зарлах, гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй тохиолдолд захиалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгуулсны үндсэн дээр дахин зөвшөөрөл авах хүсэлтээ тавьж, шийдвэрлүүлнэ.
6.6. Захиалагч байгууллагын тухайн тендер шалгаруулалттай холбоотой хуулийн 49.2.1- 49.2.9 –т заасан бүх баримт материалыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бүрдүүлж, архивт шилжүүлнэ. Харин хуулийн 49.2.10-т заасан гэрээг дүгнэж, бараа, ажил үйлчилгээг хүлээж авсан баримт, материалыг тухайн гэрээний хэрэгжилтийг хариуцсан зохин албан тушаалтан бүрдүүлж, архивлана.


7. Хариуцлага

7.1 Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт нь хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн хорооны гишүүд адил хариуцлага хүлээнэ.
7.2  Үнэлгээний хорооны шийдвэрээс эсрэг саналтай гишүүн хурлын тэмдэглэлд саналаа тэмдэглүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.
7.3 Үнэлгээний хорооны гишүүн нь хууль зөрчсөн гэж захиалагч үзсэн, мөн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүссэн учир өөрөө татгалзсан тохиолдолд захиалагч үнэлгээний хорооны гишүүн, эсвэл зарим гишүүдийг, түүнчлэн бүх гишүүдийг өөрчилж, чөлөөлж, нөхөн томилж болно.


---------------000-----------------

ХАВСРАЛТ


ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХЫГ
ЗӨВШӨӨРСӨН МЭДҮҮЛЭГ

(Үнэлгээний хороонд томилогдсон гишүүдэд хамаарна)



…………………………………………………………………………….. ............................  би
(ҮХ-ны гишүүний нэр, албан тушаал)

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.1, 46.2, 47.1-т заасны дагуу   захиалагч байгууллагын нэр, тухайн байгууллагын төсвийн ерөнхий менежер (цаашид захиалагч гэх)-ын  ...................................... тоот тушаал/захирамж – аар байгуулагдсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилогдон ажиллахыг зөвшөөрч, энэхүү мэдэгдлээр дараах баталгааг гаргаж байна:

Нэг.
1.1.  Би тухайн тендер шалгаруулалтад оролцогч талуудтай сонирхлын зөрчилгүй, хэрэв сонирхлын зөрчил бий болох нөхцөл үүссэн тохиолдолд шударгаар мэдэгдэж, үнэлгээний хорооны гишүүнээс татгалзана;
1.2.  Үнэлгээний хорооны дүгнэлт гаргах ажиллагаанд хувийн сонирхолоор бус, хөндлөнгийн байр сууринаас хандана;
1.3.  Миний хараат бус, хөндлөнгийн байр сууринаас хандах байдалд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал байхгүй;
1.4.  Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсоноос хойш, үнэлгээ хийх явцад энэ мэдэгдлийн 1.1-1.3-т дурдсан нөхцөл байдал үүсвэл Захиалагчид нэн даруй мэдэгдэнэ.
Хоёр.
            2.1. Тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн үнэлгээ хийх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомж болон Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээ хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журам”, “Тендерийн үнэлгээний заавар”-т заагдсан эрх, үүргийн дагуу шуурхай, шударга хийж гүйцэтгэнэ.


Гарын үсэг:     ______________________________________

Огноо:             ______________________________________



Албан ажлын хэрэгцээнд:


Овог, нэр
Албан тушаал
Гарын үсэг
Огноо
Цаг, минут
Хүлээн авсан





Хүлээлгэн өгсөн