Sunday, October 31, 2010

БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2009 оны 12 дугаар  сарын 14-ны өдөр
Дугаар  560/276
Улаанбаатар хот



Журам батлах тухай

            “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.   “Хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлгийн зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх, зарцуулах журам”-ыг нэгдүгээр, “Хүүхдийн цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цай, тэтгэлгийн зардлын гүйцэтгэлийг тооцох хүснэгт”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.   Уг журмыг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсүгэй.

3.   Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /С.Наранцогт/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай.



БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                          
                           
Ё. ОТГОНБАЯР


САНГИЙН САЙД
                            
       

С. БАЯРЦОГТ






Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

                                      2007.10.09                           Дугаар 362                              Улаанбаатар хот
                                                                   Журам батлах тухай
Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д даалгасугай.
3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.
САЙД                              Ө.ЭНХТҮВШИН
                              
                                                         



 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2007 оны 362 дугаар тушаалын хавсралт

БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН
ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
      1.1. Иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн  албан бус сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ.
      1.2. Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй сургуулийн насны хүүхдэд суурь боловсрол заавал олгох, бүх нийтийн ерөнхий боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
      1.3.Дүйцсэн хөтөлбөрийн сургалт (цаашид "сургалт" гэх)-ын агуулга, арга зүй, хэлбэр, хугацаа нь суралцагчдын боловсрол эзэмших хэрэгцээ, боломжид тулгуурласан чөлөөтэй, уян хатан, олон хувилбартай байна.
      1.4. Сургалтын бага боловсролын түвшинд 10 ба түүнээс дээш, суурь, бүрэн  дунд боловсролын түвшинд 15 ба түүнээс дээш насны иргэд хамрагдан суралцана.
ХОЁР. Сургалтын зохион байгуулалт
2.1.Сургалтыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дүгнэлтийг үндэслэн         сум, дүүргийн Засаг дарга бүртгэж, захирамж гаргаснаар иргэн, хуулийн этгээд (цаашид "сургалт зохион байгуулагч" гэх) бие даасан хэлбэрээр, эсвэл, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
2.2.Сургалт зохион байгуулах тухай бүртгэлийн хүчинтэй байх хугацаа хоёр жил байх ба сургалтын чанар, үр дүнд үндэслэн, цаашид хоёр жилийн хугацаагаар сунгаж болно.
2.3.Сургалт зохион байгуулагч нь сургалт явуулахаар хүсэлт гаргахдаа дараах шаардлагыг хангасан байна:
  • 2.3.1. Сургалт явуулах танхим, техник хэрэгслээр хангагдсан байх;
  • 2.3.2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 287 дугаар тушаалаар батлагдсан "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр"-т нийцүүлэн боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар батлуулсан байх;
  • 2.3.3. Сургалт явуулахад шаардагдах бага, суурь, бүрэн дунд боловсролын сурах бичиг, сургалтын модулиудыг бэлтгэсэн байх;
  • 2.3.4. Сургалт явуулах багш нь багшлах эрхтэй, дүйцсэн хөтөлбөрийн сургалтын агуулга, холимог бүлгийн сургалтын арга зүйн сургалтад хамрагдсан байх;
  • 2.3.5. Сургалт зохион байгуулагч нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаас гадна, төсөл, хөтөлбөр, хандив тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүжилтийн бусад эх үүсвэртэйгээ нотолсон байх.
2.4.Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар тус журмын 2.3-т тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд дүгнэлтийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Боловсрол, соёлын газрын дүгнэлтгүй, бүртгэлд ороогүй сургалт зохион байгуулагчид хуульд заасан санхүүжилт олгохыг хориглоно.
2.5.Энэхүү журмын 2.3-т тавьсан шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас энэ тухай хариу өгнө.
ГУРАВ. Сургалтын баримт бичиг
3.1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрт дор дурдсан зүйлийг тусгаж батлуулсан байна:
  • 3.1.1. Бага, дунд боловсролын стандартын "Агуулгын стандарт"-д нийцэж, амьдрах ухаанд суурилсан агуулга;
  • 3.1.2. Бага, дунд боловсролын стандартын "Арга зүйн хөгжлийн үндэс", зайны болон холимог бүлгийн сургалтын зарчмыг баримталж, суралцагчдын хэрэгцээ сонирхолд суурилсан арга зүй;
  • 3.1.3. Бага, дунд боловсролын стандартын "Үнэлгээний стандарт"-д нийцэж, суралцагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн үнэлгээ;
     3.2. Сургалтын төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгаж  батлуулсан байна:
  • 3.2.1 Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хичээлийн жилийн бүтэц, зайны сургалт, бие даах болон танхимд хичээллэх сургалтын цагийн хэмжээ, хичээлийн хуваарь;
  • 3.2.2 Багшлах мэргэжлийн боловсон хүчин, санхүүгийн нөөцийн хуваарилалт,
                      тооцоо;
  • 3.2.3 Боловсролын түвшин бүрээр судлах модулийн тоо;
  • 3.2.4 Давтлага, шалгалтын хуваарь.
     3.3.Сургалтын явц, үр дүнг дор дурдсан баримт бичигт хөтөлнө:
- Багшийн журнал;
- Суралцагчийн хувийн хэрэг;
-  Бага боловсрол эзэмшсэнийг гэрчлэх батламж;
- Суурь, бүрэн дунд боловсролын үнэмлэх.
ДӨРӨВ. Сургалтын хэлбэр, хугацаа
4.1.Хичээлийн жил 10 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд сургалт зохион байгуулагч нь  жил бүрийн 9 дүгээр сарын 25-наас өмнө суралцагчдыг бүртгэж, суралцагч, эсвэл, тэдний хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулсан байна.
4.2.Сургалтын үргэлжлэх хугацааг бага боловсролын түвшинд жилд 550-иас, суурь боловсролын түвшинд 730-аас, бүрэн дунд боловсролын түвшинд 790-ээс доошгүй цагаар тус тус төлөвлөнө.
4.3.Сургалтыг суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, суралцах боломжид тохируулан танхимын, зайны, бие даах, гэрийн буюу шавь сургалт, түр цугларалтын аль нэгээр, эсвэл, эдгээрийн хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд журмын 4.2-т заасан сургалтын хугацааг баримтална.
4.4.Суралцагч зайны болон бие даах хэлбэрээр суралцах гэрээ байгуулсан       тохиолдолд жилд хоёроос доошгүй удаа 21 хоногоос дээш хугацаагаар түр   цугларалт болон танхимын сургалтад заавал хамрагдсан байна.
4.5.Түр цугларалт ба танхимын сургалтын үед бүлгийг 15-аас, гэрийн буюу      шавь сургалтын үед 10-аас дээш суралцагчтай байхаар тус тус зохион байгуулна.
ТАВ. Сургалтын явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ
5.1.Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг даргын  тамгын газар, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын алба тус тус хяналт тавьж, үнэлгээ өгнө.
5.2.Хамран сургалт, захиргааны удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг бүх шатны Засаг дарга, сургалтын явц, чанар, үр дүн, хамрагдалтын талаар сургалт зохион байгуулагчаас гаргасан статистикийн мэдээллийг хянах үүргийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар тус тус гүйцэтгэнэ.
5.3.Суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг сургалт зохион байгуулагч, ерөнхий боловсролын сургууль, тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ.
5.4.Сургалт зохион байгуулагч нь суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж, төгсөлтийн шалгалт өгөх суралцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар дамжуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор багтаан ирүүлэх ба төгсөлтийн шалгалт өгөх, боловсролын үнэмлэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг бага, дунд боловсролын төгсөлтийн шалгалтын журмаар зохицуулна.
5.5.Энэ журмын 5.1-д байгаа эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн сургалт явуулах боломжгүй тухай дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга дор дурдсан нөхцөлүүдийн аль нэг шалтгаанаар бүртгэлээс хасах үүрэгтэй:
                      5.5.1.Сургалт зохион байгуулагч хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан   буугдсан;
                      5.5.2.Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг 2-3 удаа зөрчсөн;
                      5.5.3.Сургалтын орчин, хөтөлбөр хэрэгжилт нь боловсролын стандартыг зөрчсөн, статистикийн мэдээллийг худал гаргасан, сургалт явуулж буй багш энэ журмын 2.3.4-т заасныг хангаагүй;
                      5.5.4.Суралцагчдад ногдох нормативт зардал болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар илэрсэн;
                      5.5.5.Албан боловсролын өдөр, орой, эчнээ, экстернат болон албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг давхардуулан суралцах нөхцөлийг бүрдүүлэн, боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон.
ЗУРГАА. Санхүүжилт
6.1.Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй нэг суралцагчид ногдох нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
6.2.Сургалтын модулиудыг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах бөгөөд дүйцсэн     хөтөлбөрөөр сургалт явуулахад суралцагчаас төлбөр авахгүй.
6.3.Сургалт зохион байгуулагчид аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар болон сум, дүүргийн Засаг даргын тамгын газраар дамжуулан улсын төсвөөс санхүүжилт олгохдоо дараах баримт бичгүүдийг үндэс болгоно. Үүнд:
         - Сум, дүүргийн Засаг дарга бүртгэсэн тухай шийдвэр
         - Сургалт зохион байгуулагч харъяа нутаг дэвсгэрийн Засаг даргатай боловсрол нөхөн олгох, бие даан эзэмших сургалтад иргэдийг хамруулан сургах, үр дүнг тооцох, мэдээлэх талаар байгуулсан гэрээ
                   - Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө
                    - Багшлах боловсон хүчний судалгаа
                    - Нэг суралцагчид ногдох хувьсах зардлаас гадна санхүүжилтийн бусад эх үүсвэрийн талаарх баримт нотолгоо
                    - Суралцагчдын дэлгэрэнгүй бүртгэл
                   - Суралцагчтай байгуулсан гэрээ
                   - Суралцагчдын шилжих хөдөлгөөний бүртгэл
                   - Зохих анги, түвшний болон төгсөлтийн шалгалтын мэдээ, тайлан
6.4.Эдгээр баримт бичгийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор аймаг,  нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлэн баталгаажуулсан байна.
6.5.Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар сургалт зохион байгуулагчийн болон сургалтын талаарх статистикийн мэдээллийг нэгтгэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  хүргүүлнэ.
                                                                             --------оо0оо--------

Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг батлах тухай


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
===================================================================
2007.12.20                                       Дугаар 17                                    Улаанбаатар хот
Чиглэл батлах тухай
                        Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дугаар заалт,   "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
            1. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
                                    САЙД                                                             Н. БОЛОРМАА
  

 


   Боловсрол, соёл, шинжлэх ухааны 
сайдын 2007 оны 12 дугаар сарын 20-ны
өдрийн 17 дугаар тушаалын хавсралт

Бага насны  хүүхдийн хөгжилд эцэг, эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас
баримтлах чиглэл
Нэг. Ерөнхий зүйл
            Орчин үеийн судалгааны үр дүнгээс үзэхэд 0-6 насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдэнд тавих эцэг эхийн хайр, халамжийг чухалчлан үзэх, гэр бүлийн  гишүүдийн хүүхдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлснээр хүүхдийн эрүүл өсч хөгжихөд чухал нөлөө үзүүлж чадна гэсэн  дүгнэлт гарч байна.
            Гэр бүл бол хүүхдийн хөгжлийг тэтгэгч анхдагч орчин бөгөөд хүүхэд хамгийн чухал дэмжлэгийг гэр бүлээсээ л авч байдаг ба түүний хөгжилд эцэг эхийн оролцоо хэдийчинээ их байх тусам бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн  үзүүлэлт нь төдийчинээ дээшилдэг байна. Гэвч дийлэнх эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих арга замаа олоход бэрхшээл тохиолддог тул тэдэнд сурган хүмүүжүүлэх ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээ байнга үүсч байдаг. Тиймээс эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь туслах, тэдний оролцоог дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байдаг.
            Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн өргөн хүрээтэй оролцоо, идэвхтэй хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох нь бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн чанарын баталгааг хангах гол шалгуур хэмээн олон улсад үзэж байна.
            Гэр бүлийн оролцоо гэдэгт эцэг эх, гэр бүлийн гишүүд, багш нар хамтран гэрт болон цэцэрлэг дээр хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бэхжүүлэх үйл ажиллагааг ойлгодог. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын дор дурдсан эрхийг хангах үйл ажиллагааг явуулах нь гэр бүлийн оролцоог сайжруулах суурь үндэс болно. Үүнд:
  • o Үйлчлүүлэгч байх: Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох
  • o Дэмжигч байх: Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх
  • o Сайн дурын туслагч байх: Багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх
  • o Зөвлөгч байх: Үр ашиг, хэрэгцээний талаар мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх бололцоо олгох
  • o Суралцагч байх: Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний суралцахад зориулсан сургалтын орчинг бүрдүүлэх
  • o Мэдээллийн эх сурвалж байх: Эцэг эх нь өөрийн хүүхдийн талаар мэдээллийн хамгийн сайн эх сурвалж болж чадах тул хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх багшид тус болох мэдээллийг байнга өгч байх нөхцөлийг бүрдүүлэх
Жич: Хүүхдийн эцэг эх, гэр бүл, олон нийтийн гишүүд ямар нэгэн хөлс шаардахгүйгээр байгууллагын бүхий л үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахыг сайн дурын үйл ажиллагаа гэнэ.
Хоёр. Баримтлах чиглэл
            Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд эцэг эх, гэр  бүл, олон нийтийн хүч, нөөц, чадавхийн дэмжлэгийг авахдаа дараах чиглэлийг  баримтална. Үүнд:
1. Эцэг эх, гэр бүлтэй байнгын харилцаа тогтоох;
2. Эцэг эх, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах;
3. Эцэг эхийг хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцуулах;
4. Олон нийттэй хамтран ажиллах.
Гурав. Баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  • 3.1. Эцэг эх, гэр бүлтэй байнгын харилцаа тогтоох чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • 3.1.1. Ажилтнуудад олон нийтийн нөөц бололцооны талаар болон түүнийг ашиглах стратегийн талаар мэдээлэх;
  • 3.1.2. Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа буюу үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллээр эцэг эхийг хангах;
  • 3.1.3. Эцэг эхэд хүүхдийн хөгжлийн түвшин, амжилт дутагдлын талаар бүхий л зүйлийг мэдээлж байх;
  • 3.1.4. Эцэг эхээс санал авах, тэднээр хянуулах зорилгоор хүүхдийн хийсэн бүтээлийг тэдэнд хүргүүлэх;
  • 3.1.5. Байгууллагын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлт, бодлого, журам, үйл ажиллагааны зорилго, арга барилын талаар хүүхдийн эцэг эх, гэр бүлийнхэнд түгээх;
  • 3.1.6. Эцэг эхэд хүүхдийг нь хөгжүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа тайланг хүргэж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө өгөх санал дэвшүүлэх;
  • 3.1.7. Эцэг эх, багш нарт мэдээлэл солилцох таатай нөхцөлийг бүрдүүлэх;
  • 3.1.8. Эцэг эхтэй хамтарсан зөвлөгөөн хийх;
  • 3.1.9. Бүтэн жилийн турш бүх эцэг эхтэй харилцах үйл ажиллагааг зохицуулсан төлөвлөгөө хийх;
  • 3.1.10.Хүүхдийн хөгжилд анхдагч үүрэг гүйцэтгэгч "эцэг эх, гэр бүлийн гишүүдтэй байнгын харилцаа тогтоож, тэдний туслалцаа дэмжлэгийг авч хамтран ажилласнаар хүүхдийг хөгжүүлэх зорилгоо биелүүлж чадна" гэсэн итгэл үнэмшлийг багш, ажилтнуудад төлөвшүүлэх.
  • 3.2. Эцэг эх, гэр бүлийн гишүүдийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • 3.2.1. Хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо чухал болохыг тэдэнд ойлгуулах мэдээлэл бэлтгэж тараах;
  • 3.2.2. Эцэг эхэд ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэйг тодруулах судалгаа хийх;
  • 3.2.3. Эцэг эхийн хэрэгцээг хангах арга замыг олох;
  • 3.2.4. Эцэг эх, хүүхдийн хооронд эерэг харилцаа тогтоох арга замын талаар сургалт зохион байгуулах;
  • 3.2.5. Бүх гэр бүлд хүрч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
  • 3.2.6. Эцэг эхийн хайр халамжийн уламжлалт аргыг хүлээн зөвшөөрч гэр бүлийн үүрэг хариуцлагыг хүндэтгэн дэмжих бодлого барих;
  • 3.2.7. Эцэг эх, гэр бүлийг дэмждэг бусад байгууллагуудтай хамтарч ажиллах;
  • 3.2.8. Хүүхэд эцэг эхтэйгээ хамтарч хийх даалгавар өгөх;
  • 3.2.9. Хүүхдэд хэрэгтэй үед нь туслах, дэмжлэг үзүүлэх талаар эцэг эхэд сургалт зохион байгуулах;
  • 3.2.10.Хүхэд бүрийг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, эцэг эхийг оролцуулах;
  • 3.2.11.Эцэг эхэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих үр дүнтэй зөвлөгөө өгөхөд ажилтнуудаа сургах;
  • 3.2.12.Эцэг эхийн оролцоо хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмждэг талаарх судалгаа шинжилгээний дүгнэлтийг нээлттэй мэдээлэх;
  • 3.2.13.Эцэг эх хүүхдэдээ туслах талаар зааж, зөвлөмжилсөн мэдээллийн хуудас тараах;
  • 3.2.14.Хүүхдийн хийж бүтээсэн зүйлийг үнэлж дүгнэхэд эцэг эхийг идэвхитэй оролцуулах;
  • 3.2.15.Үүргээ биелүүлэхэд шаардлагатай ур чадвараа хөгжүүлэхэд нь бүх эцэг эхэд тасралтгүй дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх.
3.3. Эцэг эхийг хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцуулах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • 3.3.1. Бүтэн жилийн турш бүх эцэг эхтэй харилцах үйл ажиллагааг зохицуулсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
  • 3.3.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр явуулж байгаа аливаа үйл ажиллагаанд эцэг эх таны оролцоо чухал хэрэгтэй гэдгийг ойлгуулах мэдээлэл бэлтгэж тараах;
  • 3.3.3. Эцэг эх, багш, ажилтнуудыг хамтран ажиллах, шийдвэр гаргахад саналаа солилцох бололцоогоор хангах;
  • 3.3.4. Эцэг эхийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, холбоо байгуулахыг дэмжих;
  • 3.3.5. Эцэг эхийг шийдвэр гаргах болон бодлого боловсруулахад оролцуулах;
  • 3.3.6. Эцэг эхийг байгууллагын бодлого, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллээр хангах;
  • 3.3.7. Эцэг эхийг байгууллагын зорилгыг тодорхойлох, бодлого хөтөлбөрийг сайжруулах буюу үнэлэх, гүйцэтгэлийн баримт гаргах үйл ажиллагаанд оролцуулах;
  • 3.3.8. Ойлгомжтой, оролцоход хялбар, сайн мэдээлэгдсэн үйл ажиллагаа нь шийдвэрийн үр дүнг нэмэгдүүлэх, зөв шийдвэр гаргахад шийдвэрлэх нөлөөтэйг багш, ажилтнууддаа ойлгуулах сургалт зохион байгуулах;
  • 3.3.9. Эцэг эхэд байгууллагын захиргаа нь нээлттэй, тэдний дэмжлэг туслалцааг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх;
  • 3.3.10.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд эцэг эхэд найрсаг хандах, тэдэнд тааламжтай уур амьсгал бүрдүүлэх;
  • 3.3.11.Эцэг эхийн сонирхол, авьяас чадварыг судалж, тэдний чадавхийг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;
  • 3.3.12.Байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байгаа эцэг эхэд бусад арга замаар оролцох боломж олгох;
  • 3.3.13.Эцэг эхийн дэмжлэг туслалцааг үнэлэх;
  • 3.3.14.Шийдвэр гаргах явцад оролцогч талууд хүндэтгэлтэй, бүрэн эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх;
3.4. Олон нийттэй хамтран ажиллах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зүгээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • 3.4.1. Ажилтнуудад олон нийтийн нөөц бололцооны талаар болон түүнийг ашиглах стратегийн талаар мэдээлэх;
  • 3.4.2. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд түгээх;
  • 3.4.3. Гэр бүлийг дэмжих үйлчилгээ болон сургалтад эцэг эхийг бүрэн хамруулах талаар олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах;
  • 3.4.4. Ахмадын зөвлөл, хороод гэх мэт байгууллагуудтай холбоо тогтоож сайн дурынхныг ажиллуулах;
  • 3.4.5. Ажилтнууддаа сайн дурынхны оролцоог үр дүнтэй ашиглах талаар сургалт зохион байгуулах;
  • 3.4.6. Эцэг эх, гэр бүлийн гишүүдийн сайн дурынхны өвөрмөц чадвар, авъяасыг нээх судалгаа явуулах;
  • 3.4.7. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох цаг хугацааны боломжийг судалж тодорхойлох;
  • 3.4.8. Эцэг эх болон сайн дурынхан оролцох үйл ажиллагаа хэдийд, хаана, ямар хугацаатай явагдахыг мэдээлэх;
  • 3.4.9. Сайн дурынхныг үүргээ гүйцэтгэхтэй холбоотой нөхцөл бололцоо, тодорхой мэдээлэл тухайлбал, харилцах багш, ажилтны нэр зэрэг бусад шаардагдах мэдээллээр хангах;
  • 3.4.10.Олон нийтийн хүч, нөөцийг сургуулийн өмнөх боловсролын байгууллага, гэр бүл, хүүхдийн хөгжилд үр дүнтэй ашиглах арга механизмыг бий болгох.
Дөрөв.  Баримтлах чиглэлийн хэрэгжилтийг үнэлэх
жишиг шалгуур үзүүлэлт
•1.      Эцэг эх, гэр бүлтэй байнгын харилцаа тогтоох
Үзүүлэлтүүд
Тогтмол
Заримдаа
Огт хийдэггүй
1. Мэдээлэл харилцааны хэрэгслийг ашиглан хоёр талын харилцааг хялбарчлах арга замыг хайх



2. Эцэг эх, багш нар хүүхдийн амжилт, хөгжлийн үзүүлэлтийн талаар мэдээлэл солилцох таатай нөхцөлийг бүрдүүлэх



3. Байгууллагын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаа, үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэх



4. Эцэг эхчүүдэд хүүхдийн хөгжлийн талаарх дүгнэлт, шаардлагатай дэмжлэг, дагалдах зөвлөгөөг явуулах



5. Байгууллагын зорилго, бодлого, үйл ажиллагаа, дүрэм журмын талаарх мэдээллийг түгээх



6. Жилд хоёроос доошгүй удаа эцэг эхтэй хамтарч зөвлөгөөн хийх



7. Эцэг эх, багш нарын хооронд яаралтай холбогдох боломж, нөхцөлийг бүрдүүлэх



8. Эцэг эхчүүдэд хүүхдийн ололт амжилт, дутагдлыг мэдээлэх



9. Эцэг эхчүүдийг байгууллагын удирдах ажилтантай харилцах боломжоор хангах



10. Эцэг эх, багш нар хамтран оролцож болох албан бус үйл ажиллагааг зохион байгуулах



2. Эцэг эх, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ур чадварыг сайжруулах
Үзүүлэлтүүд
Тогтмол
Заримдаа
Огт хийдэггүй
1. Эцэг эх, хүүхдийн хооронд эелдэг харилцаа тогтоохын чухлыг ойлгуулах үйл ажиллагаа зохион байгуулах



2. Гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн хөтөлбөрт эцэг эхийг хамруулах



3. Зөвхөн эцэг эхийн уулзалтад оролцдог хүнээс гадна гэр бүлийн гишүүдэд хүрч ажиллах



4. Эцэг эхийн уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилыг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн үүрэг хариуцлагыг хүндэтгэн дэмжих бодлого баримтлах



5. Эцэг эх, гэр бүлийг дэмжих сургалт, бусад үйлчилгээ явуулдаг мэдээлэл, сурталчилгааны төвтэй харилцах боломжоор хангах



6. Хүүхдэд нөлөөлөх асуудлын талаар шийдвэр гаргахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх



7. Эцэг эхчүүд гэртээ хүүхдэдээ тохиромжтой туслалцаа үзүүлэх, багштай эргэх холбоо тогтоох талаар мэдээлэл өгөх



8. Хүүхдийн хөгжлийг дэмжих, ямар туслалцаа үзүүлэх талаар эцэг эхчүүдэд семинар зохион байгуулах



9. Багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэх хувийн төлөвлөгөөг гаргахад эцэг эхийг  оролцуулах



10. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүдтэй хамтран ажиллах мэдлэг, чадварт сургах сургалтад багш, ажилтнуудыг хамруулах



11. Эцэг эхийн сонирхол, авъяас чадварыг судалж, тэдний чадавхийг  ашиглах



12. Цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд сайн дураараа оролцох боломж, хөтөлбөрөөр хангах



13. Бүтэн жилийн турш бүх эцэг эхчүүдтэй харилцах системийг бий болгох



14. Эцэг эхийн оролцоо, тэдний дэмжлэг туслалцааг үнэлэх



15. Эцэг эх, ажилтнуудын дунд эелдэг дулаан уур амьсгал  бүрдүүлэх



3. Эцэг эхийг хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцуулах
Үзүүлэлтүүд
Тогтмол
Заримдаа
Огт хийдэггүй
1. Мэдээллийг ойлгомжтой бэлтгэх



2. Эцэг эхийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, холбоо байгуулахыг дэмжих



3. Эцэг эхчүүдийг байгууллагын бодлого, сургалт, аюулгүй байдал, боловсон хүчний асуудал хэлэлцэх гэх мэт шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах



4. Эцэг эхчүүдийг байгууллага, багшийн үйл ажиллагааг үнэлэх, бодлого, хөтөлбөрийг сайжруулах, дагаж мөрдөх журам, дүрмийг боловсруулах үйл ажиллагаанд оролцуулах



5. Хүүхдэд нөлөөлөх шийдвэрийн талаар эцэг эхчүүдэд урьдчилан мэдээлэх, тэдний оролцоог дэмжих



6. Шийдвэрийг хэрэгжүүлэх эцэг эхчүүдийн  сонирхлыг дэмжих, хүндэтгэх



7. Эцэг эхчүүд, багш, ажилтнуудыг шийдвэр гаргахад саналаа хуваалцах  сургалтад хамруулах



            4.Олон нийттэй хамтран ажиллах
Үзүүлэлтүүд
Тогтмол
Заримдаа
Огт хийдэггүй
1. Гэр бүл, олон нийтэд зориулсан хүүхдийн чөлөөт цаг, боловсрол, эрүүл мэндийн сургалтын  хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангах



2. Хүүхдийн хөгжлийг хангах, гэр бүлийг дэмжих олон нийтийн үйлчилгээний байгууллага, хүмүүстэй түншлэл тогтоох



3. Цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих сайн дурын үйл ажиллагааг орон нутаг, байгууллага, хүмүүсийн дунд өрнүүлэх



4. Гэр бүлийг дэмжих үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг хамруулахад олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах



5. Багш, ажилтнуудыг олон нийтийн нөөц бололцоо, түүнийг ашиглах боломжийн талаарх мэдээллээр хангах



Тав. Хүрэх үр дүн
  1. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай байнгын харилцаа тогтоосноор эцэг эх хүүхдийнхээ бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг гэр бүлийн нөхцөлд дэмжих мэдлэг, чадварт ахиц гарна.
  2. Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх эв дүй, цэцэрлэгийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролцоо, хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага сайжирснаар эрүүл, аюулгүй, эрсдлээс хамгаалагдсан, боловсролын тэгш, чанартай үйлчилгээ авах боломж ихэснэ.
  3. Эцэг эх, олон нийттэй хамтран ажилласнаар багш нарын мэргэжлийн ур чадвар, байгууллагын шийдвэр гаргалтад оролцох менежментийн чадавхи дээшилнэ.
  4. Эцэг эх, олон нийт, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамтын ажиллагаа, үр ашигтай түншлэл нь хүүхдийн хөгжлийг хангах хувилбарт сургалтыг нэвтрүүлэх, улмаар боловсролын үйлчилгээний хүртээмж, нийц, чанарт бодитой нөлөө үзүүлнэ.
-------- о О о -------