Friday, December 30, 2011

Сайхан баярлаарай

Гэр бүл, найз нөхөд хамт олон, миний таньдаг болон танихгүй сайн хүмүүст бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. 

Сайхан баярлаарай 
Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Хүндэтгэсэн


Tuesday, December 27, 2011

БСШУЯ-ны 2011 оны онцлох үйл явдлууд

1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ЕБС-ын стандарт хөтөлбөр Монгол Улсад нутагшиж эхэллээ



а/ “Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төвийн хооронд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. / 2011.04.13 /


“Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын  төв хооронд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар тал гарын үсэг зурлаа.

Хоёр талын хооронд хамтран хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг хэллээ.

Хоёр талын хооронд хамтран ажиллах Засгийн газрын түвшний харилцааг албан ёсоор баталгаажуулж харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан явдал нь Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран бага, дунд боловсролын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд хариу өгөх чадамжийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд баталгаажсан, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгох хоёр талын хамтын ажиллагааг яриа хэлэлцээний түвшнээс бодит ажил хэргийн түвшинд шилжүүлж, стандарт, бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийг энэ оноос хэрэгжүүлж эхлэх үндсийг бий болголоо.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэл нь зөвхөн стандарт, хөтөлбөрийг шинэчлэх асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд шинэ стандарт, хөтөлбөрт нийцүүлэн сурагчдыг үнэлдэг, боловсролын чанараа хянадаг, багшаа бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг, сурах бичгээ зохиодог тогтолцоог өөрчлөн шинэчилнэ.

Санамж бичгийн хүрээнд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, шинэчилсэн хөтөлбөрүүдийг турших, сурах бичгийг зохиох, багш нарыг давтан бэлтгэх, багш бэлтгэх сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Бага, дунд боловсролын стандартын шинэчлэлийг хэрэгжүүлснээр манай бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөр, сургалтын чанар нь олон улсын түвшинд баталгаажиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалт нь сурагчдыг олон улсын түвшинд өрсөлдөх түвшний мэдлэг, боловсролтой, сурах эрмэлзэлтэй төдийгүй суралцах арга, чадвартай өөртөө итгэлтэй, үндэсний өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлдэг, эх орноороо бахархдаг, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгох байдлаар зохион байгуулагддаг болно.

Стандарт, хөтөлбөрт суурилсан шинэчлэлийн бодлогын хэрэгжилт нь  манай улсын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжийг ч бий болгох болно.

2. Өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их сургуулиудад суралцах оюутны тоо нэмэгдэв


а/АНУ-ын Аризонагийн их сургуультай хамтран хос диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), АНУ-ын Аризонагийн их сургуулийн хооронд Уул уурхайн мэргэжлээр 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. АНУ-ын Аризонагийн их сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэхүү гэрээг байгуулснаар ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар Монголын оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл монголдоо хоёр жил суралцаад цаад сургуулийнхаа шаардлагыг хангахуйц англи хэлний түвшинтэй бол Аризонагийн их сургуульд дахин хоёр жил суралцаж хоёр их сургуулийг зэрэг төгсөнө гэсэн үг юм. Энэ нь манай уул уурхайн салбарт дэлхийн түвшинд хүрсэн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарах бололцоог бүрдүүлж байна.

б/Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д  суралцах оюутны тоо нэмэгдэнэ
2011-2012 оны хичээлийн жилд Фулбрайтын Гадаад Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр 15 оюутан АНУ-ын их дээд сургуулиуудад магистрийн зэргээр сурах боллоо. Фулбрайт нь АНУ-ын засгийн газрын тэргүүлэх боловсролын  хөтөлбөр бөгөөд өөрийн шилдэг оролцогч нар, өндөр шалгуур болон шударга нээлттэй сонгон шалгаруулалтаараа хэдийнээ дэлхийд танигдсан  юм.  1994 оноос өнөөг хүртэл 100 орчим Монгол оюутан АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр суралцаад ирсэн.
   
2010 оны 1-р сард БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон АНУ-ийн Төрийн Департамент дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жүдит Макхале нар Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны үр дүнд 2009 онд 4 оюутан явдаг байсан Фулбрайтын магистрын тэтгэлгээр 2011 онд 15 оюутан АНУ-д суралцахаар болоод байна. Уг 15 оюутан нь эрүүл мэнд, хот тохижилт, боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан технологийн чиглэлүүдээр Нью-Йорк, Охайо, Небраска, Иллиной, Техас, Жоржия зэрэг АНУ-ын  нэр хүндтэй их дээд сургуулиуудад суралцана.    
    
2012-2013 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр боловсрол, инженер, эрүүл мэнд, мэдээллийн технологи болон шинжлэх ухаан технологийн  мэрэгжлээр магистрийн зэргээр сурах хүсэлтэй оюутнуудад зарлагдсан.

в/ Дэлхийн тэргүүлэх 50 их сургуульд бакалаврын түвшинд суралцуулах эрх олгох боллоо.
Монгол Улсын Их Хурлаас 2011 онд анх удаа дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр суралцах бакалавр оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэхээр улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан.
   
2008, 2009, 2010 оны улсын олимдиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн болон олон улсын олимдиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах бөгөөд эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
  
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх олгосон тухай албан захидлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадад эхний 3 байранд орсон 44 оюутанд гардуулав.
  
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх авсан эдгээр оюутнууд дэлхийн тэргүүлэх 50 инженер-технологийн их сургуулиудад хандан суралцах хүсэлтээ тавихад Монгол Улсын Засгийн газраас санхүүжилтийн баталгаа өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах авъяаслаг залуучуудыг дэлхийн тэргүүлэх их сургуулиудад манай улсад нэн тэргүүний шаардлагатай байгаа инженер-технологийн мэргэжлээр суралцах сайхан боломжийг олгож байна.

3. Монголын багш нар Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв

Монгол Улсад ардын хувьсгал ялж, олноо өргөгдсөний арваннэгдүгээр он буюу 1921 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар “Бага сургууль байгуулах тухай” тогтоолыг баталж, Нийслэл хүрээнд буюу одоогийн Улаанбаатар хотод анхны бага сургуулийн шавыг тавьж, 59 хүүхэд, 2 багштайгаар хичээллэж эхэлснээр өнөөгийн шинэ цагийн боловсролын салбарын эхлэл тавигдсан түүхтэй.



Эдүгээг хүртэл 90 жилийн хугацаанд манай боловсролын салбар маань сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол гэсэн тогтолцоотойгоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол болтлоо хөгжөөд байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 864 цэцэрлэг, ерөнхий боловсролын 760 сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төв, 102 их, дээд сургуульд 900 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус эрдэм мэдлэгээр жигүүрлэж, эрдмийн саруул танхимд 40,0 мянган багш зааж байна.

Монгол төрийн түшээдээс эхлээд эрдэмтэн судлаачид, эмч сувилагч, инженер технологич, сэтгүүлч зураглаач, цагдаа цэрэг, ажилчин тариаланч, сурагч багачууд гээд хэн бүхнийг эрдмийн дөрөөнд анх дөрөөлүүлж, ухаан билгийн оньсыг тайлсан ачтан бол яахын аргагүй БАГШ билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм заалгаагүй хүмүүн гэж байхгүй.

4. Манай улс олон соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэв



а/Монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв хөөмэйг хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр бүртгэн авсан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авлаа
ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын 5 дугаар хуралдаан Кени Улсын Найроби хотноо өнгөрсөн оны 11-р сард хуралдаж монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв- монгол хөөмэйн урлагийг хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр бүртгэн авсан юм.
         
Ийнхүү бүртгэн авсныг гэрчлэх ЮНЕСКО-гийн “БАТЛАМЖ”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнгөрөгч бямба гаригт / 2011.01.29 / Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад боллоо. ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авах ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Соёл урлагийн хорооны дарга, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Үндэсний түүхийн музейн захирал Саруулбуян зэрэг албаны хүмүүс оролцов. Батламжийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Үндэсний түүхийн музейд хадгалуулахаар тус музейн захирал Саруулбуянд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхдөө “ ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах  Дэлхийн өвийн Хороо монгол хөөмэйн уламжлалт урлагийг 2010 оны 11-р сарын 16-ны өдөр “ Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад” бүртгэн авлаа. Дэлхийн өв санд монгол хөөмэйг бүртгэсэн нь түүний дэлхий дахины үнэ цэнийг түгээн алдаршуулж, соёлын олон төрөл зүйлийг хүндэтгэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь улам бүр өргөх болно.” гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова уг батламжид бичсэнийг уншин танилцууллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ манай ард түмний утга соёлын гайхамшигт  өв- хөөмэйг хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр бүртгэн авсан явдал нь хөөмэйн урлагийг цааш хөгжүүлэн авч явах давхар хариуцлага бидэнд ногдож байгаа юм гэж онцлон анхаарууллаа.

б/ “Бүргэдийн ан буюу шувуучлахуй” уламжлалт зан үйлийг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авлаа
2008 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улс хамтарч Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд  бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн юм. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг  ЮНЕСКО 2010 оны 11 сард “Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл”-д албан ёсоор бүртгэн тунхагласан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулж, ЮНЕСКО-гоос Ерөнхий захирал Ирина Бокова-гийн гарын үсэгтэй Батламж бичгийг Монгол улсад ирүүлсэн байна.
   
Батламжийг хүлээн авах ёслол өчигдөр /2011.03.21/ Улсын филормонид боллоо. Батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейд, хуулбарыг Баян-Өлгий аймгийн музейд болон Соёлын өвийн төвд хадгалуулахаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гардуулан өглөө.
   
Манай өвөг дээдэс шонхороор ан хийж, цагаан шонхор шувууг туг сүлдэндээ дээдлэж ирсэн түүх буй. Шувуучлахуйн нэг гол  хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн амьд уламжлал манай улсын казах үндэстний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдүүн хэсэг болж өвлөгдсөн нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай, гавъяатай хэрэг юм.
  
Уг батламж бичгийг хүлээж авах ёслол Казах үндэстний үндэсний баяр- баяр-Наурызийн баяртай давхцаж байгаа нь бэлгэшээлтэй хэрэг болж байна.   

в/ Лу.“Алтан Товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгэн авлаа
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 10 дугаар бага хурал 2011 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Манчестер хотноо болж өнгөрлөө.

Энэхүү хуралдаанаар гишүүн орнуудаас 2010 онд нэр дэвшүүлсэн нийт 80 гаруй баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Бүртгэлийн хорооны тайлан, үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн 45 хосгүй үнэт дурсгалыг Олон Улсын Баримтат өвийн (Дэлхийн Баримтат өв)  жагсаалтад бүртгэн авлаа.

Монгол улсаас нэр дэвшүүлсэн Лу.“Алтан Товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг Дэлхийн Баримтат өвд бүртгэсэн байна. Эдгээр өвүүд нь Монгол Улсаас Дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгэгдсэн анхны өвүүд болж байна.

Баримтат өвийн Олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 238 баримтат өв бүртгэгдээд байна.

г/ “Монгол алтайн нурууны хадны зургийн цогцолбор” дэлхийн өвд бүртгэгдлээ
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган БНФУ-ын Парис хотноо хуралдаж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол Алтайн нурууны хадны зураг цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргалаа. Хуралдааны бэлтгэл шатанд Дэлхийн Өвийн Хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал ба дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөл /ICOMOS/-өөс Монгол Улсаас нэр дэвшүүлж буй дурсгалт газрыг дэлхий өвд тавигдах 3 шалгуурын 2-ыг хангахгүй гэх үндэслэлээр хойшлуулсан зөвлөмжийг гаргасан юм. Монгол Улсын зүгээс дээрхи зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж дахин хэлэлцэхийг хүссэн билээ.

Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газрын атташе Б.Хулан нар оролцов. Дэлхийн өвийн хорооны гишүүн Бразил, Австрали Улсыг дэмжлэгтэйгээр манай төлөөлөгчдийн идэвхтэй оролцооны үр дүнд өвийг дахин хэлэлцэж улмаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэ нь манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм. Хадны зураглалын хувьд бусад улсуудтай харьцуулахад талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ гайхамшигтай дурсгал хэмээн судлаачид үздэг.

д/ “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа” өвийг ЮНЕСКО бүртгэн авлаа
ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар хуралдаан Индонези Улсын Балид оны 11 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд хуралдаанаараа Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа” өвийг хэлэлцэж “Яаралтай Хамгаалах Шаардлагатай Өвийн Жагсаалт”-ын  бүх шалгуурыг хангасан гэж үзэн Хүн Төрөлхтний Биет Бус Соёлын өвийн жагсаалтанд бүртгэж авлаа.

5. Манай улсад ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Ирина Бокова айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова Монгол Улсад 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд айлчилж байна. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадамд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт зочноор уригдсан юм.



ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс  - ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх жил айлчилж байгаагаар онцлог юм.  Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 49 жилийн хугацаанд ЮНЕСКО-гийн 4 Ерөнхий захирал манай улсад  айлчилсан. Ерөнхий захирал хатагтай И. Боковагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг байгууллаа. Мөн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова айлчлалынхаа үеэр Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад Монголын үндэсний их баяр “Наадам”-ыг, Дэлхийн баримтат өвд Лу.”Алтан товч”, “Монгол Шунхан данжуур”-ыг ЮНЕСКО-д бүртгэн авсан батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод гардуулан өглөө.

6. НҮБ болон ЮНЕСКО-гийн Төв байранд Монголын уртын дуу цуурайтаж, морин хуур эгшиглэлээ



2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн Төв байранд Монгол Улсын урлагийн  тоглолт боллоо.

Тоглолтыг нээж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар үг хэлэв.

Түүхэнд анх удаа ЮНЕСКО-гийн Төв байранд тоглосон Монголын урлагийн тоглолтыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганд оролцохоор уригдан ирсэн гадаадын зочид, өндөр, дээд албан тушаалтнууд, элч, төлөөлөгчид хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Манай уран бүтээлчдийн тоглолт бүр халуун алга ташилтыг дагуулж байсан бөгөөд ДБЭТ-ын  дуучин МУГЖ  Д. Амартүвшин, дуучин С.Наран, ҮДБЭЧ-ын нугараач Н.Цэгцэглэн, морин хуурч Жигжиддорж нарын тоглолт үзэгчдийн сэтгэлийг бүр их догдлууллаа.
          
Энэхүү тоглолт нь  Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн хөөмий, бий биелгээ, морин хуурыг өөрийн үндэстний соёлын өв болохыг олон орны төлөөлөгчдөд дахин нотлон харуулж чадлаа гэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тоглолтыг дүгнэн хэллээ. Манай урлагийнхан мөн НҮБ-ын төв байранд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойд зориулж тоглосон юм.

7. Дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл “Аида” дуурь Монголын тайзнаа  төдийгүй төв азид анх удаагаа тоглолоо
    

140  жилийн түүхтэй дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл гэгддэг Дж. Вердийн  “Аида” дуурийг манай дуурийн урлагийн уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа анх удаа тавьсан нь зөвхөн монголдоо төдийгүй төв Азид анх удаагаа тавьсан тэмдэглэлт явдал боллоо. “Аида” дуурийг дэлхийн олон театрь урын сангийнхаа хойморт залдаг бөгөөд манай уран бүтээлчид энэхүү алдарт дуурийг өөрийн орны тайзнаа тавьсан нь монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаа гэдгийг албан ёсоор баталсан хэрэг юм. 


    
Дуурь бүжгийн эрдмийн театрынхны хувьд“Аида” дуурь нь олон жилийн мөрөөдөл байсан гэж хэлж болно. Энэхүү хүчирхэг дуурь нь театрын уран бүтээлчдээс мэргэжлийн өндөр түвшний мэдрэмж, чадал,чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусдаас онцгойрдог.
   
Дуурийн урлагийн ноён нуруу, тайлагдашгүй оньсого мэт мөнхийн бүтээлийг туурвиснаар зөвхөн эх орныхоо соёл урлагийн амьдралд шинэ хуудас нээгээд зогсохгүй олон улсын хэмжээнд манай уран бүтээлчдийн авьяас билиг, хүч чадлыг харуулж сурталчлахад түлхэц болох юм.
   
“Аида” дуурийг тавихад БСШУЯ-ны зүгээс онцгой анхаарч хөрөнгө санхүүгийн хувьд дэмжиж, ОХУ-аас мэргэжлийн удирдаач найруулагчийг ирүүлж хамтран ажиллахад нь тусалсан байна.
  
Энэхүү хүчирхэг дуурь нь дөрвөн бүлэг, долоон үзэгдэлтэй бөгөөд хүчирхэг хөгжим, зуугаад найрал дуучдаар дамжуулан хайр дурлал, өс хонзон, үзэн ядалт, ялалт ялагдал, үхэл хагацал гээд хүний амьдралын бүхий л талыг харуулдаг.
 
Урьд нь “Аида” дуурийг Египэтийн пирамидын дэргэд болон Хятадын цагаан хэрмийн дэргэд  задгай талбайд тавьж байсан бөгөөд манай уран бүтээлчид ч цаашдаа энэхүү  дуурийг говьд задгай талбайд тавих төлөвлөгөөтэй байна.

8. Монголын эрдэмтэн судлаачид түүх архелиогийн олон чухал олдвор оллоо



а/ 1500 жилийн өмнөх язгууртны бунхныг олж нээлээ.
Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн “Шороон бумбагар” гэдэг газраас  МЭӨ 6-7 зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг  Монгол-Казахын хамтарсан экспедиц илрүүлж, архелогийн малтлага хийсний үр дүнд түүх соёлын үнэт олдворууд  олоод байна. Мянганы засмал замыг дайрч өнгөрдөг Баяннуур сумаас арваадхан километрийн зайтай уудам цэлгэр хөндийд орших энэхүү бунхныг 1500-гаад жилийн өмнөх Уйгарын нэртэй том язгууртны булш гэж судлаачид үзэж байна. Хоёр улсын судлаачид бунханд хүрэх хонгилыг олон хоног ухсаны эцэст  бунхны хаалганд тулж хүрсэн байна. Арван гурван метрийн гүнд байгаа энэхүү бунханд хүрэх хонгил нь  2 метрийн өргөнтэй, 40 гаруй метр урт нүсэр том байгууламж юм. Бунхнаас 270 шахам олдвор олдсон байна.

б/ Монгол нутгаас Хүннүгийн хамгийн том бунхант булш оллоо.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгаас МЭӨ 2-р зууны үед хамаарах Хүннүгийн язгууртны бунхант булш олсон нь Хүннүгийн үед хамаарах хамгийн том бунханд тооцогдож байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Салхитын ам гэдэг газраас хүннүгийн жирийн иргэдийн булш олдсон байна. Эдгээр түүхийн баримт нь эртний  хүчирхэг гүрэн хүннү нь монголчуудын дээд өвөг болохыг нотлох түүхийн чухал олдвор юм.

в/ Монголын түүхийн таван эх сурвалжийг цогцоор нь хэвлэн нийтлэв.
Монголын түүхэнд холбогдох тулгуур 5 эх сурвалж-“Лу.Алтан товч”, “ Хураангуй алтан товч”, “Саган сэцэний Эрдэнийн товч”, “Асрагч нэртийн түүх”,” Шар тууж”-ийг цогцоор нь хэвлэн нийтэлсэн тохиолдол өмнө нь байгаагүй юм. Энэхүү түүхийн 5 эх сурвалжийг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МУИС, Улсын номын сан хамтран хэвлэжээ.

г/ Ганжуур Данжуур их хөлгөн судруудыг орчин цагийн Монгол бичгээр хэвлэв
Түүх соёлын хосгүй бүтээл “Ганжуур”,”Данжуур” их хөлгөн судруудыг орчин цагийн монгол бичигт буулгаж эхний 9 ботийг хэвлэн нийтлэв.


Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны хэвлэлийн алба

Шинэ жилийн мэндчилгээ



Wednesday, December 21, 2011

Орон нутгийнхаа шилдэг залууд нэр дэвшигч Увс аймгийн мэргэжилтэнд амжилт хүсье

Өнөөдрийн байдлаар түрүүлж байгаа юм байна. Хүмүүс саналаа өгөөрэй.
http://www.west.mn/poll.html  гэж ороод Санхүү эдийн засагт нэр дэвшигчид 2 гэдэгт Шинэбаяр БСГ-ийн эдийн засаг гэдэгт саналаа өгөөрэй.

Thursday, December 15, 2011

Монгол Улсын 2012 оны төсөв

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиудын төсөл Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар эцсийн редакц хийгдлээ. Одоогоор энэхүү хуулиуд хүчин төгөлдөр болж баталгаажаагүй болохыг анхаарна уу.

 Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,825.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 6,309.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -3.0 хувь болж байна.
 Үүнд, Улсын төсвийн 2012 оны нийт орлого 4,630.7 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 4,865.9 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 235.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Монгол Улсын 2012 оны төсвийн онцлог
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнээр тооцлоо. Мөн уг хуулийн 19.3-д заасны дагуу  2012 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг баримтлан боловсрууллаа;
  • Төсвийн тогтворжуулалтын санд нийт 322.4 тэрбум төгрөг нэмж хуримтлуулахаар төлөвлөлөө;
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 4 дүгээр сарын 1-ээс 80.0 мянган төгрөгөөр, 2012 оны 10 дугаар сарын 1-ээс 23 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тооцов;
  • Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын томоохон арга хэмжээнүүдийг тусгалаа;
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор:
  1. Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгох,
  2. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 170,000 оюутны 2011 – 2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох,
  3. Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ны нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгалаа.

2012  оны төсвийн талаарх дэлгэрэнгүй тооцоо, мэдээллийг доорх холбоосуудаас татан авна уу.
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – ДНБ-д харьцуулсан
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – ХАРЬЦУУЛСАН
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – ТОВЧОО
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ЗАРЛАГА
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
ОРОН НУТГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
ТӨВ БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСӨВ ХООРОНДЫН 2012 ОНЫ ШИЛЖҮҮЛГИЙН ТООЦОО
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2012 ОНЫ ТӨСӨВ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГУУДЫН 2012 ОНЫ ТӨСӨВ
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ХҮСНЭГТИЙН 15-Д ТУСГАГДСАН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

Орон нутгийн төсвийн тооцоо:

Sunday, December 11, 2011

News.mn ийн нийтлэл

“Бид цалингаа нэмтэл хичээл заахгүй. Эцэг, эхчүүд та нар үр хүүхдээ асран хамгаалах ажлаа сайн хийгээрэй” гэсэн лүндэн буулгачихаад багш нар өөрсдийн төлөөх тэмцэлдээ мордов. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг багш нар мөнөөх татварыг нь бүрдүүлэгч эцэг, эхчүүдэд “Хүүхдээ хараад гэртээ суувал суу” гэсэн лут даалгавар өгөхдөө төрд нэмэрлэдэг татвар буурч, хүсээд байгаа цалинг нь нэмэхэд нэрмээс болно гэдгийг бодоогүй юм болов уу. Багш нарын ярьж, хэлж байгаагаар тэд Монголын үгээгүй ядуу пролетариуд болж гүйцжээ. Цалингүй шахам байж хүний хүүхдэд юм сургаж, асарч хүмүүжүүлэх гэсээр байгаад туйлдаж яваа гэх. Улсад өчнөөн жил зүтгээд 200-гаадхан мянган төгрөг авч байна гэж баахан багш нар телевизээр гомдол мэдүүлэв. Тэгээд Засгийн газраас нэмэх цалингаа дөрөвдүгээр сараас биш, нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүл гэсэн шаардлага тавин  өнөөдрөөс хугацаагүй ажил хаялт эхлүүлээд байгаа юм. Энэ явдал мэдээж хэрэг хоёр талтай. Гэхдээ энэ тэмцлийн салаа, мөчир бүр ямар үр дагавартай вэ гэдгийг боловсролын салбарын сэхээтэн багш нар олон талаас нь бодолцох хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: www.news.mn

“Яамд мини банзалтай охидоор дүүрч, тэд бидний хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэхгүй, багш нар боломжийн цалинтай гээд байна. Халбал таарна” хэмээн нэгэн багш зурагтаар загнаж байна. “Ардчилсан Ерөнхийлөгчтэй Монгол Улсын багш нар байна даа. Ерөнхийлөгчид хэлж байгаад Засгийн газраас мөнгө гаргуулъя” гэж бас нэг нь сүржигнэхэд“Ё.Отгонбаяр сайд бидэнтэй ирж уулзсангүй. Засгийн газрыг огцруулъя” гэж нөгөө нь омогдлоо. Үүнийг сонссон багачуудад “Манай багш нарт цалин өгдөггүй Засгийн газар гэж мангас байдаг юм байна” гэсэн бодол төрнө. Ээж, аавынх нь татварын мөнгөөр багш нар цалинжаад, эргээд хүүхдэд нь ном зааж байгаа гэдгээ багш нар мэддэг л баймаар юм, уг нь.

“Төсвийн байгууллагын цалинг нэмнэ” гэж Засгийн газар хэлээд байхад “наашлуул” гээд байдаг энэ багш нар төр, засагт үнэхээр буруу эрхэлжээ. Цалин, тэтгэврийг хэзээ нэмбэл инфляцид бага өртөх вэ гэж тооцож байгаад хугацаа заахад заавал наана нь нэм гээд байгаа багш нарыг яалтай. Үүний цаана өчнөөн мянган хүүхдийн эрх ашиг хохирч байна. Уг нь эрхэм багш нарын гарт Монгол Улс ирээдүйгээ даатгачихаад байгаа юм шүү дээ. Хамгийн хариуцлагатай үүрэг хүлээсэн тэд Засгийн газраас цалин нэмэх сургаар мөнөөх эх орны ирээдүй үеийг гудамжинд тавьж туучихаад “мөнгө, мөнгө” гээд харайж явах. Тэгээд бүр татвар төлөхгүй, цалингаа бүтнээр нь авмаар байна гэцгээв. “Төрөх, татвар төлөх, үхэх” гэсэн гуравхан үнэнтэй зах зээлийн нийгэмд багш нар татвар төлөхгүй, хөхөө шиг бусдын татвараар амьдраад явах юм байх.

Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн энэ цагт зөвхөн багш нар ч цалингийн гачаалд орсон хэрэг биш. Цалин нэмээд өгөх төр, засагтай төсвийн байгууллагынхан хэдэн сар тэвчиж чадахгүй жагсаал цуглаандаа тулаад байгаагаас биш улсын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн багш нараас нэг их дээр цалингүйгээр ажлаа хийгээд л явж байна. Цалин нэмээд өг гэж  эрхэлж туних төр, засаггүй хувийн хэвшлийнхэн харин ч ямар нэг ял ул бололгүй төсөв бүрдүүлж, татвараа төлсөөр байгаа. Төсвийнхний цалинг жагссан тоолонгоор нь нэмээд байвал баахан хоосон цаасан мөнгөний “үер” бууж инфляци жолоогүй өсөхийн цондон болно. Хувийн хэвшлийнхэн төсвийнхөнд чирэгдэх учир арга буюу бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө. Бүх зүйлийн үнэ нэмэгдээд ирэхээр буруу эрхэлсэн багш нар дахиад жагсана. Мөнгө нэхнэ. Ийм гинжин хэлхээ Монголын эдийн засаг инфляцдаа идэгдэн сөхөрч унатал үргэлжилнэ.

Төр, засаг ч гэж төр, засаг. Багш нарыг жагссан тоолонд айлын буруу эрхэлсэн хүүхдийг уйлах болгонд аманд нь чихэр хийдэг шиг “Цалинг нь нэмээд өгье” гэсээр байгаад сургачихсан юм уу гэж харах хүмүүс байна. Дээсэн дөрөөн дээр байгаа хүний амийг аврахаар цаг мөчтэй өрсөн зүтгэдэг эмч, сувилагч, өтгөн шингэн, аль хэцүү бүхэнтэй зууралддаг асрагч нар, гал түймэр, ус үертэй тэмцэгч аврагчид, өвлийн хүйтэн, зуны халуунд эх орны торгон хилийг манах хилчид жагсч цуглаж, хэрүүл шуугиан дэгдээгээгүй байна. Тэдний авдаг цалин багш нарынхаас дээрдэнэ гэж байхгүй. Харин ч багш нар анги удирдсан, дэвтэр зассан, конспект бичсэн гээд хөдлөх болгоноо “мөнгөжүүлж” бодсоор байгаад сургуульд ирж очихоо ч үнэлүүлэх шахсан нөхөд.

“Нарт хорвоод байхгүй нандин сайхан мэргжил гагцхүү багш хүнд заяажээ” гэж анги болгонд шахам бичиж өлгөсөн сурган хүмүүжүүлэгчид нандин албаа зүхэж,  цалин нэмэх сургаар бүр наашлуулахаар жагсаал цуглаандаа гарсан нь сонгуулийн бэлтгэл ажил ч юм болов уу гэж санамаар. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод, нэр дэвшигчдийн сурталчилгааны багийнхан багш нараас голлож бүрддэг. Тэгээд сонгууль дөхөж байгаа болохоор өөрсдийнхөө “үнэ цэнэ”-ээр далайлган цалин нэхэж сүржигнэв. Цалингийн нэмэгдлийг гуравхан сар хүлээх тэнхэл багш нарт байхгүй гэвэл хилс хэрэг болно. Харин “Сонгуульд биднийг зүтгүүлдэгээ мартав аа. Цалин хөлс ахиухан өгч наана нь тордвол таарна шүү” гэсэн нэг маягийн дохио байж ч мэдэх юм шүү. Гэхдээ үүнийг өнөөдөр хүүхдээ сургуульд нь хүргэж чадаагүй эцэг, эхчүүд өөр өөрсдийнхөөрөө тунгаах биз ээ. Энэ тэмцэл хугацаагүй гэдэг нь хүүхдүүдэд хохиролтой байгаа юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Thursday, December 8, 2011

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоол

2009 оны 1 дүгээр                                                       Улаанбаатар хот
сарын  7-ны  өдөр                Дугаар 3              
                                                                          
                               Журам шинэчлэн батлах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

            1. “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

            2. Энэ тогтоол гарсантай холбогдууланЖурам батлах тухайМонгол Улсын Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 178 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
           
            Монгол Улсын Ерөнхий сайд                                                С.БАЯР  

            Монгол  Улсын  сайд,
            Засгийн газрын Хэрэг
            эрхлэх газрын  дарга                                                                    Б.ДОЛГОР



                                           Засгийн газрын 2009 оны 3 дугаар
           тогтоолын хавсралт


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ХУРАЛДААНЫ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
                                                 
            1.1. Засгийн газрын хуралдаан (цаашидхуралдаангэнэ)-ыг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон энэхүү журмыг баримтална.

            1.2. Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

Хоёр. Хуралдааны тов, ирц

            2.1. Хуралдаан ээлжит болон ээлжит бус байна.

            2.2. Ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагийн 10.00 цагаас эхэлнэ.

            2.3. Ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор буюу Тэргүүн шадар сайд эсхүл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болгосноор зарлан хуралдуулна.
           
            2.4. Хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулахыг Ерөнхий сайд шийдвэрлэнэ. Хаалттай хуралдаанаартөрийн нууцын жагсаалт”-д орсон болон Ерөнхий сайд хаалттай хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн асуудлыг хэлэлцэнэ.

            2.5. Хаалттай хуралдаанд зөвхөн Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашидХэрэг эрхлэх газаргэнэ)-ын Тэргүүн дэд дарга, тухайн асуудлыг хариуцсан ажилтан оролцож, нууцын ажилтан тэмдэглэл хөтөлнө.

            2.6. Шаардлагатай гэж үзвэл аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад этгээдийг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно.

            2.7. Засгийн газрын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаанд заавал оролцоно.

            Тайлбар: хүндэтгэн үзэх шалтгаанд өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, эсхүл энэ журмын 2.8-д заасны дагуу гадаад буюу орон нутагт томилолтоор явсныг тооцно.

            2.8. Засгийн газрын гишүүн нэг хоногоос дээш хугацаагаар гадаад явбал Засгийн газраас, орон нутагт явбал Ерөнхий сайдаас тус тус зөвшөөрөл авч, очих газар болон холбоо барих хаягаа Хэрэг эрхлэх газарт мэдэгдэнэ.

            2.9. Хуралдааныг Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно. Хуралдаанд Засгийн газрын гишүүд таслах (батлах) эрхтэй оролцоно.
                                                 
Гурав. Хуралдаанд оролцох (бусад) албан тушаалтан

            3.1. Хуралдаанд дор дурдсан албан тушаалтан заавал оролцоно:

            3.1.1. Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;

            3.1.2. Ерөнхий сайдын ахлах зөвлөх;

            3.1.3. Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга;

            3.1.4. Хэрэг эрхлэх газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга;

            3.1.5. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга.

            3.2. Хуралдаанд дараахь албан тушаалтан дор дурдсан журмын дагуу зөвлөх эрхтэйгээр оролцоно:

            3.2.1. Засгийн газрын гишүүний эзгүйд дэд сайд;

            3.2.2. нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төрийн мөнгөний бодлого, улсын нэгдсэн төсөв болон банк, санхүүгийн салбартай холбоотой асуудлыг хэлэлцэхэд Монгол банкны ерөнхийлөгч;

            3.2.3. улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхий аудитор;
           
            3.2.4. статистикийн тооллого явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, статистикийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авах, албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх болон гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд Үндэсний статистикийн хорооны дарга;

            3.2.5. санхүүгийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга;

            3.2.6. харьяа нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга.

            3.3. Хэрэг эрхлэх газар хуралдаанаар холбогдох асуудлыг нь хэлэлцэхэд энэ журмын 3.2-т заасан албан тушаалтанд хуралдааны тов, төлөвлөгөөг хүргэнэ.
           
            3.4. Хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох албан тушаалтны эзгүйд түүнийг төлөөлж оролцохгүй.

Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудал

            4.1. Хуралдаанаар Засгийн газрын тухай хууль болон бусад хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудал, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудал хэлэлцэх бөгөөд түүний дотор дор дурдсан асуудлыг заавал хэлэлцэнэ:

            4.1.1. хуулийн төсөл;

4.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн төсөл;

4.1.3. Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;

4.1.4. Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүнээс ирүүлсэн санал (төсөл);

4.1.5. Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрүүг шийдвэрлэх асуудал.

            Саналын зөрүүтэй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг байлцуулан байр суурийг нь тодотгосон байна;

            4.1.6. Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хэлэлцүүлгийн шатанд оруулсан өөрчлөлттэй холбоотой асуудал;

            4.1.7. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татах асуудал.
             
Тав. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авах

            5.1. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн уг асуудалд дор дурдсан журмын дагуу санал заавал авна:

            5.1.1. Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам;

            5.1.2. хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь тодорхой яамны бодлогын хүрээнд хамаарч байгаа бол уг яам;

            5.1.3. хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам. Хууль зүй, дотоод хэргийн яам санал өгөхдөө дараахь асуудлыг заавал тусгасан байна:

               a/ хууль тогтоомжийн төсөл нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан нийтлэг болон нэр томъёо, хэл зүйн бусад шаардлагыг хангаж байгаа эсэх;

               б/ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх;

            5.1.4. төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд Сангийн яам. Сангийн яам санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна;

            5.1.5. Засгийн газрын гишүүний гадаад томилолттой холбогдох асуудалд Гадаад харилцааны яам;

            5.1.6. эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ашиг сонирхолтой холбоотой асуудалд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;

            5.1.7. нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд уг шийдвэрээр ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц иргэд, аж ахуйн нэгж, байгууллага. Ийнхүү санал авахдаа албан бичиг, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, өөрийн байгууллагын веб хуудсаар дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр авна.

            5.2. Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам эцэслэн хянаж, хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг өгнө.

            5.3. Хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн төсөлд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл, хэрэв хууль, Засгийн газрын тогтоолоор яам, агентлагт дүрэм, журам, заавар гаргахыг даалгахаар бол тэдгээрийн төслийг хавсаргасан байх бөгөөд яам болон агентлагаас батлах дүрэм, журам, зааврын төсөлд Засгийн газрын гишүүн санал өгөхгүй боловч хууль, Засгийн газрын шийдвэрийн төсөлд санал өгөхдөө тэдгээрийг харьцуулж үзнэ.

            5.4. Хуралдаанаар нэмэгдэл хөрөнгө гаргахтай холбоотой асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа Засгийн газрын гишүүн санхүүжүүлэх эх үүсвэрийг төсөлд тодорхой тусгана.

            5.5. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудалд холбогдох төрийн бус байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.

            5.6. Яам нь төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын    5 өдөрт багтаан санал өгнө. Төслийг санал авахаар явуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан санал ирүүлээгүй бол зарчмын өөр саналгүйд тооцно. Асуудлыг санаачлагч нь санал өгөх хугацааг заасан тохиолдолд түүнийг баримтална.

            5.7. Энэ журмын 9.4-т заасан тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөлд Засгийн газрын гишүүний саналыг бичгээр буюу факсаар, эсхүл цахим хэлбэрээр авч болно.

Зургаа. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг Хэрэг
    эрхлэх газарт хүргүүлэх

            6.1. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

            6.2. Хуралдаанд танилцуулах мэдээлэл, сонсгол нь (Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, төсөв, гэрээ, хэлэлцээрээс бусад) 35 мөрөөр бичсэн        8 хуудаснаас, танилцуулга 4 хуудаснаас илүүгүй байна.

            6.3. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн материалыг хүлээж авахдаа Хэрэг эрхлэх газар дор дурдсан бүрдүүлэлтийг шалгаж үзнэ:

            6.3.1. энэ журмын 5.1-5.3, 6.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;

            6.3.2. төсөл, хөтөлбөрийн төсөлд түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл (шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээний хамт), хөрөнгө зардлын тооцоог хавсаргасан эсэх;

            6.3.3. материалыг хувилж олшруулах, архивын нэгж болгон хадгалах шаардлагын дагуу бэлтгэсэн эсэх;

            6.3.4. материалд холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн санал болон тэдгээрийн товъёог.

            6.4. Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэр болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган  материалыг буцаана.

6.5. Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.

Долоо. Хуралдааны бэлтгэл хангах

            7.1. Хуралдааны шийдвэрийн томъёоллыг тухайн асуудал оруулж байгаа Хэрэг эрхлэх газрын ажилтан хийж, хууль зүйн техникийн хувьд Хуулийн хэлтсээр хянуулна.

            7.2. Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.

            7.3. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргахдаа Засгийн газрын нэг гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэх, ингэхдээ уг асуудлыг хэлэлцэхэд олон хүн оролцох, хугацаа шаардагдах улсын төсөв, Үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг асуудлыг эхэлж оруулах зарчмыг баримтална.