Friday, December 7, 2012

Дэлгэцийн зургийг хуулах



Өдөр тутам ашиглах шаардлага гардаг функцийн талаар. Мэддэг хүнд нь хэтэрхий энгийн боловч мэдэхгүй нэгэнд хэрэгтэй болов уу. 

Хэрхэн  Print screen хийх буюу Дэлгэцнийхээ зургийг хуулж  авах талаар хичээл.
Доорх дарааллаар үйлдлийг давтаж хийгээрэй:
1. Таны Keyboard-н дээр Insert, Home, Delete гэсэн товчлууруудын ойролцоо “Print screen” гэсэн товч байгаа.

Дэлгэцийг бүтнээр нь зургийг авах: 

2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen гэсэн товчыг дарна .Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно. Мөн шууд Microsoft Word зэрэг програм дээр CTRL+V дарахад зураг хэлбэрээр орж ирнэ

Зөвхөн идэвхтэй байгаа хэсгийг авах зургийг авах: 

2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen+Alt гэсэн товчыг дарна. Ингэснээр зөвхөн хамгийн сүүлд идэвхжсэн програмын хуудас хэсэг хадгалагдана..Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно.

Wednesday, December 5, 2012

Засгийн газрын 2012 оны 179 дүгээр тогтоол -ОУ хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.8-ыг үндэслэн, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод байгуулсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.

4. Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй. 

   5. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад 2012 онд олгох нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулж цаашид олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх 

          ухааны сайд                                                                          Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоол


Хоолны зардлын дундаж норматив батлах тухай

Thursday, November 29, 2012

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2003.03.21 Дугаар 82 Улаанбаатар хот

Журам батлах тухай
"Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2003 оны хуулийн 2, 3 дугаар заалт, "Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам"-ыг нэгдүгээр, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, арга зүйчдийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газар (Л.Эрдэнэчимэг), Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (Ц.Гэлэгжамц), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Боловсрол, соёлын төвийн ажиллах журам"-ыг батлах тухай Гэгээрлийн сайдын 1997 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД

Сайдын 2003 оны 82 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аймгийн Боловсрол, соёлын газар, (цаашид “газар” гэнэ) нь тухайн нутаг, дэвсгэрийнхээ боловсрол, соёлын байгууллага, иргэдийг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах,тэдний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх боловсрол, соёлын асуудал эрхэлсэн байгууллага мөн.

1.2. Газар нь үйл ажиллагаандаа төрөөс боловсрол, соёлын талаар баримтлах бодлого, Боловсролын болон соёлын тухай багц хууль, Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана.
1.3. Энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын ажиллах журмыг баталж мөрдөнө.
1.4. Газар нь хөдөлмөрийн дотоод журамтай байна. Журмыг газрын даргын тушаалаар батална.
1.5. Газрын дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.

1.6. Газар нь дэргэдээ боловсрол, соёл, урлагийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд багш, соёлын ажилтан, уран бүтээлчид, иргэд, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр зэрэгтэй багш, соёл, урлагийн болон удирдах ажилтны төлөөлөл бүхий орон тооны бус “Арга зүйн зөвлөл” ажиллуулж болно.
1.6. Газар нь эрдэм шинжилгээ, арга зүй, мэдээлэл сурталчилгаа, лавлагаа, толь бичиг бүхий номын сан, сургалтын кабинет, лаборатори, мэдээлэл, сургалтын төв,уран бүтээлийн студи, түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
Хоёр. Үндсэн үйл ажиллагаа
Газар нь дор дурдсан үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.1. Боловсрол, соёл, урлагийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах, мэдээлэх;
2.2. Боловсрол, соёл, урлагийг хөгжүүлэх орон нутгийн бодлого, чиглэлийг тодорхойлох, стратегийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хийх,хяналт-шинжилгээ, үнэлгээ өгөх;
2.3. “Аймаг, нийслэлийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээ”-нд заасан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн биелэлтийг боловсрол, соёлын байгууллагаар хангуулах, үр дүнг тооцох, аудит хийлгэн дүгнэлт гаргуулах, түүний мөрөөр арга хэмжээ авах;
2.4. Төрийн өмчийн боловсрол, соёлын болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл, төсвийн зарлага, санхүүжилтийн гүйцэтгэлийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргуулан үнэлгээ өгөх, тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнах;
2.5. Боловсролын стандарт, үндэсний киррикюлим,сургалтын төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллага, хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх,гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг батлах, хяналт тавих;
2.6. Нутаг дэвсгэрийн Боловсрол, соёлын байгууллагын оновчтой бүтэц, байршлыг бий болгох, тэднийг захиргааны болон мэргэжил-арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

2.7. Аймаг, нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн байгууллагыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлого боловсруулах,хэрэгжүүлэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэн чадавхийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
2.8. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, соёл, урлагийн байгууллагын ажилтанг төр захиргааны байгууллагын шагналаар шагнуулах асуудлаар санал боловсруулан шийдвэрлүүлэх;
2.9. Боловсрол, соёл, урлагийн байгууллага,суралцагч, багш, ажилтан, ардын авьяастны дунд бага хурал, сургалт, семинар,олимпиад, уралдаан тэмцээн, урлагийн наадам зохион байгуулах, сурталчлах,тайлан мэдээг хугацаанд нь гаргах;

2.10. Бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, аттестатчилах, сургалтын байгууллага байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг зогсоох талаар санал, дүгнэлт гаргах;
2.11. Сургууль завсардалтыг бууруулах, иргэдэд албан ба албан бус арга замаар боловсрол, мэргэжил олгох, соёл, урлагийн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх;
2.12. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт болон мэргэжлийн сургуулийн элсэлтийн шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран дүрэм, журмын дагуу зохион байгуулах, зохих түвшний боловсрол эзэмшсэн иргэдэд олгох боловсролын гэрчилгээ, үнэмлэх захиалах, нэгж байгууллагад хүргэх, тайлан мэдээ гаргах;
2.13. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын байгууллагын барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэрэг хөрөнгө оруулалтыг төлөвлөх,хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.14. Боловсрол, соёлын байгууллагыг ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, тавилга, компьютер, кабинет,лабораториор хангах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад хяналт тавих;
2.15. Түүх соёлын дурсгалт зүйл, утга соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, үндэсний дэвшилтэт зан заншлыг өвлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх.
Гурав. Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны хүрээ
3.1. Боловсрол, соёлын газар нь төрийн захиргааны болон мэргэжил-арга зүйн нэгжтэй байх бөгөөд төрийн захиргааны нэгжид дарга, боловсрол, соёл, төсөв,санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мэргэжил-арга зүйн нэгжид арга зүйчид хамаарагдана. Газарт үйлчилгээний ажилтан ажиллана.
3.2. Газрын даргыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

3.3. Газрын мэргэжилтэн, арга зүйчдийг боловсрол, соёл, урлаг, төсөв санхүүгийн мэргэжлийн ажилтнуудаас ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулж, газрын дарга томилж, чөлөөлнө.
3.4. Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн дарга, мэргэжилтэн, арга зүйч, ажилтан нь ажлын байрны тодорхойлолтоо боловсруулж, даргаар батлуулан мөрдөнө.
3.5. Боловсролын болон соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн нь тухайн салбарын төрийн болон орон нутгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх, орон нутгийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, аттестатчилах ажлыг зохион байгуулна.

3.6. Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь боловсрол, соёлын байгууллагын эдийн засаг, санхүүгийн удирдлага болон тухайн жилийн төсвийг төлөвлөх, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэлийн хэрэгжилтийг зохицуулах,хяналт-шинжилгээ хийх, тайлан балансыг хянан нэгтгэж, зохих хууль тогтоомжийн дагуу тайлагнана.

3.7. Мэргэжил-арга зүйн нэгж нь багш, соёл, урлагийн ажилтныг мэргэжил-аргазүйн удирдлагаар хангаж, зөвлөн туслах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх,боловсрол, соёлын байгууллагын статистик, мэдээ тайланг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлнэ.
Дөрөв. Эрх, үүрэг
4.1. Газар нь дор дурдсан эрхтэй:
4.1.1. Боловсрол, соёлын хөгжлийн асуудлаар холбогдох байгууллага, хүмүүст санал тавьж шийдвэрлүүлэх;
4.1.2. Батлагдсан төсөвт багтааж бүтэц, орон тоогоо тогтоох;
4.2. Газар нь дараах үүрэгтэй:
4.2.1. Нутаг дэвсгэрийнхээ боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
4.2.2. Багшийг сургууль, цэцэрлэгт томилох,багшийг аттестатчилах, багшид мэргэжлийн болон багшлах эрх олгох, хасахад санал, дүгнэлт гаргах;
4.2.3. Боловсрол, соёлын ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, байгууллага, ажилтнуудын хөдөлмөрийг үнэлэх, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
4.2.4. Орон нутгийн боловсрол, соёлын хөгжлийн бодлогод нийцүүлэн санхүүгийн нөөцөө оновчтой хуваарилан байршуулж, төсвөө бодитой төлөвлөх, санхүүгийн гүйцэтгэлийн тайланг шаардлагын дагуу үнэн зөв гаргаж, холбогдох байгууллагуудад мэдээлж тайлагнах;
4.2.5. Төсвийн байгууллагын удирдлага,санхүүжилтийн хуулийн дагуу үйл ажиллагааныхаа үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ дүгнүүлэх;
4.2.6. Боловсрол, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад статистик мэдээг зохих стандартын дагуу хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх;

4.2.7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхлэн гаргаж буй тушаал, шийдвэрийн эмхтгэлийг орон нутагт татан авах, холбогдох байгууллага, хүмүүст сурталчлах ажлыг зохион байгуулах.

Tuesday, November 27, 2012

ӨНөөгийн Монгол Хэл

 Д.Пүрэвдорж
 
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
Ууцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг
Шоконд ордог
Сейфэнд нуудаг
Плита наадаг
Плитка залгадаг
Хийсэн бүтээл дессартаци
Хичээлийн давтлага консультаци
Өргүүр шат лифт
Өндөг араа лүфт
Цаасан хүүдий пакет
Царсан шал паркет
Томхон танхим заал
Тойрон бүжвэл баар
Хурлын дарга спикер
Хувийн дугаар регистр
Яриан жүжиг драм
Янзын хүрээ раам
Санаандгүй явдал сюрприз
Салбан өмд тарпеез
Нүхэн гарц тунель
Нүнжигтэй эд оригнал
Алхаж яваа нь лидер
Адагт үлдсэн нь лоодор
Мулгуу нь пакт
Муу нь акт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Оноол ажил норм
Онцлох хувцас форм
Цэргийн дуулга каск
Цээрийн баг маск
Гэрийн тавилга мебель
Гэрлийн утас кабель
Халуун уур паар
Хальсан бөмбөг шаар
Сахлын хутга бритка
Саравчтай малгай кепек
Тааран шалбуур жинс
Тарчиг тэтгэвэр пенс
Эрээвэр зууш салад
Эмчийн нөмрөг халад
Элдэв шүхэр зоонтог
Эрвээхэй зангиа паантиг
Үнэ хямдрал сээл
Үнгэг шохой мээл
Үзэх зүс имиж
Үлэг жаал дэбил
Чимэгт зар реклам
Чихэвч мөр рэглаам
Илүү зан хобби
Ихсийн булагнал лобби
Сайн дуу хит
Сагсны байр шит
Нүдний шил оптик
Нүүрний гоёл косметик
Тунгийн тариур шприц
Турсган цавуу скоч
Аюулын нөөц фонд
Арилжааны өөш бонд
Үзэсгэлэнт бүсгүй оны мисс
Үдшийн мэдээ сити нюүс.


Sunday, November 25, 2012

Сургалтын төвд заадаггүй англи хэл #1

Англи хэл сурах нь бараг нийгмийн синдром болсон өнөө цагт хүн бүр номон дээр бичигдсэн дүрмийг цээжилж болсон болоогүй тест бөглөөд л гадагшаа явах юм.
Хэрэлдэж сурсан цагтаа л хэл сурсан гэж үзэж болох уу. Хэрвээ тийм бол хар ярианы буюу өдөр тутмын амьдралдаа америкчуудын хэрэглэдэг зарим хар ярианы үгийг сонирхуулья.
Үүнийг ямар ч сургалтын төв та нарт мөнгө төлөөд ч бараг заахгүй дээ.

Далайд дусал нэмэр болог /гэхдээ арай өөр найрлагатай дусал шүү кк/
  1. It rains like a cats and dogs - Бороо асгах, устай бороо орох
  2.  XXOO- kiss kiss hug hug
  3. Who`s your daddy?- Хэн нь лаг байна. 
  4. Are you chicken? - Аймхай, хулчгар
  5. Goochy-goo - гижиг гижиг
  6. Black thousand - Хар мянга
  7. Look and lost - Үзээд алдах
  8. Eating you - Ядаргаа болох
  9. Feeling like a million dollars - Гайхалтай санагдах
  10. Cat got your tongue? - Яагаад дуугаа хураачихаав?
  11. spic and span - гял цал болтол цэвэрлэх
  12. chit chat - хэдэн үг солих
  13. go together- үерхэх болзох
  14. pop the question- гэнэт асуулт тавих
  15. walk arm in arm- гар гараасаа хөтлөлцөн алхах
  16. come clean-шударга байх
  17. sleep like a dog- үхсэн мэт унтах
  18. sleep a wink- цурам ч хийлгүй унтах
  19. let someone have it- шанг нь хүртээх хариуг нь барих
  20. get laid- загас наадуулах кк
  21. fishy- something wrong - нэг л сэжигтэй санагдах
  22. Let's bounce - за явья арилья
  23. Fuck me - итгэмээргүй юм аа
  24. Bird-ass nigga - амархан гомдогч
  25. out of the question-ямар ч боломжгүй
  26. Have a hunch-Зөн совинтой
  27. Run into someone- хэн нэгэнтэй тааралдах
  28. Drop by-хальт дайрах ороод гарах
  29. c.r.e.a.m. - cash rules everything around me буюу мөнгө бүхнийг захирна 
  30. Benjamins - хар ярианд 100$ орлуулж хэрэглэдэг яагаад гэдгийг мэднэ биздэ :brows: 
  31. Do you have a light? - гудамжинд явж байхад асуудиймдаа гал байна уу гэсэн үг.
  32. Piece of cake – ядах юмгүй амархаан
  33. paint the town red - бут авах
  34. under the weather-бие эвгүйрхэх, чилээрхэх
  35. In hot water-хүнд байдалд орох, асуудалд орох
  36. About to-яг тэгэх гэж байсан
  37. cheer up-урам орох
  38. I don`t give a shit- надад ямар ч падлий байхгүй
  39. By no means-Тэгэлгүй яахав ямар ч асуудалгүй
  40. every other-өнжөөд нэг
  41. Feel like-тэгмээр ингэмээр санагдаад байна.
  42. Figure out-Учрыг нь олох 
  43. Get the hang of - Ямар нэгэн зүйлтэй байнга зууралдах
  44. give a hand-туслах
  45. Have a heart-Өрөвдө л өө? /гуйх үед/
  46. Keep an eye on-Нүд салгалгүй харах
  47. Jump to conclusions- Шууд шийдвэр гаргах, таах
  48. Ins and outs-Сайн мууг нь мэдэх
  49. Iron out-Засч залруулах
  50. Once in a blue moon-Маш ховор бараг л байдаггүй зүйлl
  51. on the blink-Ямар нэг зүйл ажиллахгүй байх
  52. pick up the tab - Тооцоо хийх, даах
  53. play by ear- Сэлгүүцэх
  54. on the right track- Зөв зүйл хийх
  55. quite a few-Нэлээд хэдэн удаа
  56. right away-Нэн даруй
  57. say that again- Тэгэлгүй яахав, яах ч аргагүй тийм
  58. Sleep on it-Бодох хугацаа хэрэгтэй байна
  59. Break the ice-Нүүр хагарах
  60. Few and far between-Маш ховорхон тохиолдох
  61. Be tired of -Залхах үзэж ядах
  62. An old hand-Хуучин бууны хугархай, дадлага туршлагатай
  63. As a matter of fact-Яг үнэндээ
  64. Be on one`s own-Бие дааж амьдрах
  65. friend in need is a friend needed-Зовох цагт нөхрийн чанар
  66. penny saved is a penny earned-Дуслыг хураавал далай
  67. A watched pot never boils-Бухын дордохыг харж үнэг турж үхэх
  68. EASY COME EASY GO-Амархан олдсон хоол хоол болдоггүй
  69. Beauty is only skin deep-Царайны сайхнаар цай сүлэхгүй
  70. Birds of a feather flock together-Нэг тэрэгний хоёр дугуй
  71. Blood is a thicker than the water-Элэг дордойвч, уруул дордойхгүй
  72. Don`t count your chickens before they hatch- Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий
  73. Long time no see-Удаан уулзсангүй шүү
  74. It`s been a while-Удаан уулзаагүй шүү
  75. What have you been doing?-Ойрдоо юу хийж бна юу яажшуухан амьдарч байна
  76. Don`t look a gift horse in the mouth-Бэлгийн морины шүдийг үздэггүй
  77. Early to bed,early to rise makes a man healthy, wealthy, and wise-Эрт болвол нэгийг үзнэ
  78. Every gray cloud has a silver lining-Цаг цагаараа байдаггүй
  79. Familiarity breeds contempt-Хүний сайныг ханилан байж мэднэ
  80. Finders-Keepers, Loosers-weepers- Хаясан хүний хальс
  81. Haste makes waste- Яарвал даарна
  82. Honesty is the best policy- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
  83. Money is the root of all evil-Мөнгө цагаан нүд улаан
  84. One good turn deserves another-Аяганы хариу өдөртөө
  85. Hold up!-Хүүе байзаарай. /урдхан талд ойрхон байгаа хүнийг дуудахдаа/
  86. Hey Buddy!- Хүүе хөгшөөн, найз аа /Ихэвчлэн эрчүүд хоорондоо/
  87. Can you spare some change? - Задгай, бутархай мөнгө бна уу
  88. Do you have time?- Зав байна уу
  89. Do you have the time - Цаг хэд болж бна
  90. After you- Таны дараа
  91. Age before beautyАхмадаараа эхэлж морил /албан ярианд огт хэрэглэхгүй/
  92. Make way - Холдоорой, зам тавиарай /хүн ихтэй газарт/
  93. Scoot over -Жаахан зайчилна уу /Автобус, сандал дээр/
  94. May I join you?- Хажууд чинь сууж болох уу? эсвэл Оролцож болох уу?
  95. Chill!- Чшшш\Олон нийтийн газар чанга дуу авиа гаргахад эсэргүүцэж хэлэх үед хэрэглэнэ\
  96. Oh my *ss!- Өө чааваас, арай ч дээ, хөөрхий
  97. window shopping- дэмий дэлгүүр хэсэх
  98. Black out- Тог тасрах

Статистик төсвийн гарын авлага

Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан багц гарын авлагын статистик, төсвийн хэсэгт оролцсон бөгөөд энэхүү гарын авлагаа орууллаа.

Анх удаа хийсэн тул алдаа дутагдал байгаа тул хүлцэл өчий. Та бүгдийн шүүмжлэлийг хүлээн авч сайжруулах боломж олдох байх гэж найдаж байгаа.
/Үнэгүй тараагдсан гарын авлага шүү/



Монгол Улсын 2013 оны төсөв

Бүтэн жил хэрэг болох мэдээлэл тул орууллаа. Эх сурвалж: www.iltod.gov.mn
 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийг баталлаа. Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай  хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.
Монгол Улсын 2013 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус  тооцогдсон. Үүнд: Улсын төсвийн 2013 оны нийт орлого 5,223.6 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 5,975.1 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 751.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

 Монгол Улсын 2013 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас  812.5 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаж, өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 421.8 тэрбум төгрөг төлөх бөгөөд  шинээр 497.7 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглан, өмнөх жилүүдэд авсан гадаад зээлийн үндсэн төлбөрт 84.7 тэрбум төгрөгийг төлнө.
 Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын хувьд 2012 оны төсөвтэй харьцуулахад 1,558.0 тэрбум төгрөг буюу 28 хувиар, нийт зарлага 17 хувиар буюу 1,132.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ний 4.8 хувьтай байсан бол 2013 онд ДНБ-ний 2 хувь болж буурч батлагдлаа. 2013 оны нийт зарлагын 33.3 хувь нь бараа, ажил, үйлчилгээнд, 33.4 хувь нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн бусад зардалд, 6 хувь нь зээл, зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулагдах бол 27.2 хувь нь өрх гэр, хувь хүнд чиглэсэн шилжүүлэгт зарцуулагдана.
             Монгол Улсын 2013 оны төсвийн онцлог
  • Төсвийн бодлого нь макро эдийн засгийг тогтворжуулах үндсэн нэг хэрэгсэл болохын хувьд  төсвийн тогтвортой  байдлыг хангах төдийгүй ,  санхүү, төсвийн харилцааны ил тод байдал, төрийн үйлчилгээний үр ашиг, оновчтой байдлыг хангахад чиглэгдэж, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага, тэнцэл, улсын өрийн талаарх тусгай шаардлагуудыг 2013 оны батлагдсан төсвийн үзүүлэлтүүд бүрэн хангаж байна;
  • Монгол Улсын 2013 оны төсвийн орлогыг “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн төсвийн тусгай шаардлагын дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцож, мөн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцсоноор эрдэс баялгийн үнийн хэлбэлзэлийн улмаас төсөвт үзүүлж болзошгүй эрсдэлийг бууруулах юм. Улмаар гол эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ба тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох 169.8 тэрбум төгрөгийн орлогыг Тогтворжуулалтын санд нэмж хуримтлуулна;
  • Төсвийн орлогын бодлогод татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг  баримтална;
  • Бизнесийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд учирч байгаа зарим саад бэрхшээлийг арилган, татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах замаар татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, түүнчлэн татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
  • Далд эдийн засгийг бууруулж, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвар хураалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулж, татварын албаны мэдээллийн баазыг өргөжүүлж ажиллахаас гадна ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь сайн иргэн хүний шинж чанар гэж ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх болно;
  • УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг хийснээр тус компаниас ирэх оноос эхлэн ашигт малтмалын нэмэлт нөөц ашигласны төлбөрийг авах, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах замаар төсвийн орлогыг 445.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2013 оны төсөвт тусгагдсан;
  • Улсын төсвийн 2013 оны урсгал зарлага нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байхаас гадна  урсгал зардлыг тэлэхгүй байх, 2012 оны төсөвт хийгдсэн огцом тэлэлтийг саармагжуулах, Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх, нэн шаардлагатай зардалд инфляцийн тохируулга хийх тухайлбал, зөвхөн боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагуудын эм, хоолны зардалд үнийн өсөлтийн тохируулга хийх зарчмыг баримтлан төлөвлөгдлөө;
  • 2012 онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 71.2 хувь, халамжийн тэтгэвэр 1.9 дахин өссөн бөгөөд 2013 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгана;
  • Нийгмийн халамжийн сангаас ядуу өрхөд олгох тэтгэмжийг хоол тэжээлийн хөтөлбөрөөр орлуулж уг хөтөлбөрийн хамрах хүрээ, нэг иргэнд ногдох хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн;
  • Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу багш нарыг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардалд шаардагдах 34.9 тэрбум төгрөг зарцуулагдана;
  • Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын нормативыг тус бүр 50 хувь нэмэгдүүлж, нийт 61.4 тэрбум төгрөгийг 2013 онд тус арга хэмжээнд зориулна;
  • Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн олгоход нийт 16.5 тэрбум төгрөгийг хуваарилсан ;
  • Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдаж шүүхийн эрх зүйн орчин бүхэлдээ өөрчлөгдөж байгаа тул дээрх хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардагдах нийт 38.8 тэрбум төгрөг тус тус  төсөвт батлагдлаа.
  • Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын онцлогнь Төсвийн шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэх, Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлт, иргэдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын томоохон арга хэмжээ авахад чиглэгдэж  байна;
  • Эдийн засгийн өсөлт, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг харгалзан Монгол улсын хэмжээнд 2013 онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг урьд оноос бууруулахгүй, тогтвортой байлгаж, улсын төсвөөс нийт 1,550.2  тэрбум төгрөг, гадаад төслийн зээлээр 369.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ;
Хүний хөгжил сангийн төсвийн талаар
  • Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялагийн сангийн хэлбэрээр ажиллуулах бодлогын хүрээнд Хүний хөгжил сангийн төсвийн нийт орлого 621.4 тэрбум төгрөг, нийт зарлага 284.2 тэрбум төгрөгөөр, тэнцэл 337.2 тэрбум төгрөгийн ашигтай байхаар батлагдсан бөгөөд 49.8 тэрбум төгрөгийг сандаа хуримтлуулна;
  • Хүний хөгжил сангийн 2013 оны төсвөөс төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 12.2 тэрбум төгрөг төлөх бол иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг,  0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар тутам 20.0 мянган төгрөг олгох арга хэмжээнд нийт 1.0 сая орчим хүүхэд хамрагдаж, тус арга хэмжээнд бэлэн мөнгөөр 240.0 тэрбум төгрөг зарцуулна.
Орон нутгийн төсвийн талаар 
  • Төв болон орон нутгийн төсвийн харилцаанд санхүүгийн дэмжлэг, орлогын болон тусгай зориулалтын шилжүүлгийн шинэ механизмыг  2013 оны төсөвт нэвтрүүлснээр, орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах шинэчлэлтийг хэрэгжүүлнэ;
  • Төв орон нутгийн төсвийн шинэ харилцаанд шилжсэнээр 2013 оны орон нутгийн төсвийн нийт орлого 1,828.9 тэрбум төгрөг,  нийт зарлага 1,873.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 10.6 хувьд хүрсэн бол, энэ нь 2012 оны орон нутгийн төсвийн орлого, зарлага 4.7 хувь байсантай харьцуулахад орон нутгийн төсөв 2.5 дахин тэлсэн байна;
  • Улсын төсвөөс 17 аймгийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд 2013 онд 152.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгож, төсвийн тэнцэл нь ашигтай гарсан 4 аймаг, нийслэлийн суурь төсвийн ашгаас суурь зарлагатай тэнцэх дүнг буюу 209.5 тэрбум төгрөгийг тэдгээрт үлдээн, Өмнөговь, Улаанбаатар, Орхон аймгуудын суурь зарлагаас давсан ашиг нийт 29.9 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, аймаг нийслэлд дахин хуваарилж байна;
  • Төсвийн тухай хуульд заасны дагуу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж нийт  792.7 тэрбум төгрөгийн санхүүгийн  эх үүсвэрийгт орон нутагт  шилжүүллээ;
  • 2013 оноос орон нутгийн хөгжлийг дэмжих “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-тай болох төдийгүй аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүр өөрийн “орон нутгийн хөгжлийн сан”-тай болж байна.  Уг сангаас нийтдээ 247.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээг 2013 онд  орон нутагт хэрэгжүүлнэ;
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн  сан нь дотоодын Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь болон хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх бөгөөд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд орлогын шилжүүлэг тооцож олгохдоо төсвийн хуульд заасан  орон нутгийн хөгжлийг харуулах макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд үндэслэн тусгай аргчлалын дагуу хуваарилна;
  • Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилтын хүрээнд 2013 оноос орон нутгийн төсвийн орлогыг “суурь орлого”-оор буюу Улсын Их Хурлаас баталсан татварын хувь, хэмжээний доод хязгаараар тооцож эхэлсэн. Тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийнхаа онцлог байдалтай уялдуулан хуулиар эрх олгогдсон зарим татварын хувь хэмжээг өөрөө тогтоох бөгөөд татварын хувийг өсгөснөөс нэмж төвлөрөх нийт 33.1 тэрбум  төгрөгийн орлогыг орон нутаг хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулах боломжтой болж байна. 
Хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар
–        Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль (хадгаламжийн хүүд татварт ногдуулах тухай): Хуулийн дагуу 1 банкинд 1 хадгаламж эзэмшигчийн 100.0 сая төгрөгөөс дээшхи хэмжээний 1 жилээс бага хугацаатай буюу богино хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулах, бусад аливаа тохиолдолд хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татвар чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, урт хугацаагаар ихээхэн хэмжээний хадгаламж байршуулж хүү олох, өөр өөр банкуудад хуваан байршуулах, 100 сая төгрөгөөс бага хэмжээгээр мөнгөн хөрөнгөө хадгалуулах зэрэгт 2016 он буюу 3 жилийн хугацаанд албан татвар ногдуулахгүй юм.
–        Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль: Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбоотой үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байсныг газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийлгэх, Засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болголоо. 
–        Зарим давхар татварын гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгосон хуулийн талаар: Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, томоохон төсөл арга хэмжээ хэрэгжиж, үндэстэн дамнасан компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх нь хурдацтай нэмэгдэж буй өнөө үед давхар татварын гэрээний зарим заалтуудын улмаас Монгол Улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх татварын орлогоо алдаж буй байдалд дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Иймд Засгийн газраас Монгол Улсын хувьд хамгийн эрсдэлтэй давхар татварын гэрээнүүд болох Кувейт, Люксембургийн Вант Улс, Нидерландын Вант Улс болон Арабын Нэгдсэн Эмират улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнүүдийг дангаар цуцлах тухай хууль батлагдлаа.
Монгол Улсын 2013 оны төсвийн дэлгэрэнгүй тооцоо, хавсралтуудыг доорх холбоосуудаас татаж авна уу.

Saturday, November 10, 2012

Амралтын өдрийн уянга

Миний хувьд шинэхэн зохиолч Чагдгаагийн Батцэцэгийн анхны шүлгийн ном болох "Инээмсэглэлийн эрэлд" номны цөөн шүлгүүдээр энэ өдрийг уянгалая.

ӨНГӨБи ямар өнгө байх байсан бол?
Бэх шиг хар уу, эсвэл цагаан уу?
Галзуу улаан уу, гал шар уу?
Гандуу саарал уу? гэж зөндөө бодлоо..

Бусдад амархан бууж өгдгөөрөө
Будгаар бол хар лав биш
Усан нүдлэж уйлдгаараа бол
Улаан өнгө бүр ч биш

Наанаа инээвч цаанаа уурладаг
Намайг яав ч цагаан гэхгүй
Найр тавив ч найзалж болдоггүй
Найруулж болдог өнгө ер биш

Өчигдөр хууртавч өнөөдөр итгэдэг
Өглөө баясавч үдэш нь бачуурдаг
Өөрчлөгдөж үргэлж хувьсдаг
Өөрийнхөөрөө гэж байдаггүй

Нар мандахыг үзээд туяардаг
Нарны шил зүүмэгц сүүдэртдэг
Харанхуй болоход сар шиг хиртдэг
Харсан бүх өнгөндөө хувирдаг

Онцлох үндсэн чанаргүй хирнээ
Орчлонгийн бүх өнгөтэй ч юм шиг
Туулсан амьдралын түмэн талсттай
“Тунгалаг” юм байна, би.

ЯВ ДАА


Уучилсаан чамайгаа, хөлд чинь хий ороод гарсан бол
Урд шөнийн хууралтыг чинь ухаарлын босго байжээ гэж бодъё
Уучлаарай намайгаа, сэтгэлд чинь нэгэнт хий орсон бол
Уулын согооноос урьтаж чинийхээ зүрхийг гоёогүйг минь уучил

Уужуу сэтгэлийн минь алс хязгаарт
Удтал бодлогшрох харц чинь олдлоо
Уригдаж ирдэг зүүднийхээ зочинд
Ухаангүй ихээр дурласныг чинь ойлголоо

Би үгүй сэтгэлд чинь бишүүрхээд
Битүүхэн уйлсаан би, зөндөө их уйлсан
Гэвч чамайг, надаас их уйлдгийг чинь мэднэ ээ
Гэрээ орхиод нисэж чададаггүйг чинь ч мэднэ ээ

Гудамж ширтэн цонхны дэргэд царцах
Гунигт харц чинь юутай зовиуртай
Үнэнийг нуух гэж хүчлэх чиний зүтгэл
Үүл болоод бороошмоор гачлантай

Ирэхийг чинь биш ирэхгүйг чинь хүлээхдээ би
Ид шид горилж нойргүй хоносоон, олон хоносон
Ид шид надад биш, чамд минь хэрэгтэйг мэднэ ээ
Итгэж хүлээдэг хүн чинь ирээсэй гэж би залбирна аа

Өвөрт минь нулимастай өнжих чиний төлөө
Өдөр бүр өнгөгүй ширтэх харцны чинь төлөө
Өөрийг минь өрөвдсөндөө хорогдох ханийн төлөө
Өр эмтлэм зовлонг чинь анзаарахгүй амьдарч чадахгүй нь ээ

Дэргэдээ чамайгаа авч үлдэхийг би хүссэн
Дэндүү их хичээсээн, хором бүр хичээсэн
Үлдэх гэж бүр их хичээснийг чинь би мэднэ ээ
Үрээ өнчрүүлэхийг хүсээгүйг чинь бас мэднэ ээ

Хайр цацруулсан инээмсэглэлийг чинь дахиж харахын төлөө
Халуу дүүгсэн харцтай чинь хааяа гудманд таархын төлөө
Аз жаргалтай аавын төлөө
Алзахгүй ээ бидэн хоёр,

Яв даа.


ЗАХИДАЛ
/Сэгс Цагаан Богд III/

Найз минь, хайрт минь чи сайн уу?
Наана чинь дулаахан байна уу?
Нар мандаж бас жаргадаг хэвээрээ юу?
Надад ч бас ярих сонин зөндөө байна

Саяхан манай дээвэр дээр, сараана цэцэг ургасан ч
Саваагүй нэгэн ямаа, найргүй зажилж орхисон
Хажуу хавийн хулганууд хааяа орж гардаг ч
Хамаг арц, будааг минь зөөгөөд дууссан

Найз минь чи манайхаар нэг ороод гараач
Нарны элчийг санаж байна, намайг аваад гараач
Хамт зугаалж найрлъя, дарс бариад ирээрэй
Хаалганы нугас эвдэрсэн, шинийг аваад ирээрэй

Төрсөн өдрөөр минь яагаад ирээгүй юм бэ?
Түүртэж ажилдаа ядраад мартчихсан юм уу?
Өнгөрсөн ч гэсэн хамтдаа сайхан тэмдэглэе
Өвөрт чинь нэг шөнө дулаан хоноод авъя

Саяхнаас би жин хаяж эхэлсэн, толь авчраарай
Сайн мэдээ гэвэл үс минь урт ургасан, сам авчраарай
Завтай болохоороо заавал над дээр ирээрэй
Замдаа цэцэг түүгээд ирээрэй

Хайртай шүү би чамдаа
Хаягийг минь бүү мартаарай
Чингэлтэйн Далан давхар уул шүү
Чигээрээ яваад баруун энгэрт шүү.
НҮҮР БУДАЛТ

Зумартал угаасан нүцгэн нүүрээ
Зуу настын хандаар чийгшүүллээ
Сэргээд ирэв

Зургийн хэрэгслээ дэлгэн тавьж
Зугуухан эхэллээ толины өмнө
Сэтгэл баясав

Үргэлж зангиддаг хөмсгөн дундаа
Үрчлээний эсрэг тос түрхлээ
Тэгшрээд ирэв

Өнгөрсөн хаврын сэвхэн дээрээ
Өө дарагчтай энгэсэг тавьлаа
Жигдрээд ирэв

Хамраа өндөрлөж, хацраа хонхойлгон
Хажуу шанаагаа хасаж сүүдэрллээ
HD болов

Өндөрлөг хэсгүүдээр цайруулан
Өнцөг тааруулан гэрэлтүүллээ
3D болов

Онигор нүдээ томсгон хүрээлж
Охор хөмсгөө уртасган зурлаа
Үзүүштэй болов

Нулимстай сормуусаа будаж хатаагаад
Нуухаа тойруулан цагаан тень тавьлаа
Үнэмшилтэй болов

Уруулаа хүрээлж улаанаар будаад
Усан ягаанаар хацраа өнгөллөө
Үзэсгэлэнтэй болчихов

Онцлох зүйлгүй уйтгартай дүрээ
Оо энгэсэг, охь будгаар гоёлоо
Орчлонгийн өнгө солонго, гэрэл гэгээг
Одоо та миний царайнаас харж болно

Нүгэл, гунигаа нуух гэж
Нүүрээ би өдөр бүр буддаг.

ХАРИЙН ХҮН


Дэргэдүүр зөрөхдөө дайрчих шахам мөрлөх нь олон мөртлөө
Дэрлээд уйлъя гэхээр мөр нэг ч олдохгүй юм
Дэндүү давчуу энэ хорвоод шахцалдаж амьдрах атлаа
Дэлхий хүнгүй мэт намайг ганцаардуулах юм

Ямар дүүрэн боловч хоосон хорвоо вэ?
Яагаад би олны дунд ганцаардана вэ?

Танихгүй айлд бадарчлан хоол хороох мэт тухгүй
Таарсан болгон хялайх харийн мэдрэмж хаа сайгүй
Тавхан настай жаал гэртээ түгжүүлсэн мэт тавгүй
Тавийн талыг амьдравч дотонсоогүй зожиг хорвоо

Энэ дэлхий надад нэг л өөриймсөг биш байна
Эсвэл би харь гаригаас ирсэн юм шиг байна

Олны дунд ормогц би хаашаа ч юм яарна
Онигоо шахууг сонсоод худал инээхээс ичнэ
Басамж дүүрэн архийг ууна гэхээс уур хүрнэ
Баяр нэртэй дарамтыг барж дуусгах гэж тэвчинэ

Зугаацах гоёгүй уйтгартай энэ хорвоог
Зулгуйдаж амьдрах нь утгагүй байна

Хайрласан болгон халаасыг минь уудалж
Хаяад явахдаа сэтгэлийг минь хоосолж
Мартъя гэхээр чемоданаа чирж ирчихээд
Маргааш өглөө нь дахиад л явчихна

Ханилгаа үгүй энэ хорвоод би
Харийн хүн шиг амьдарсаар...
ЭМ ЭГШИГ


Би..
Хиймор хөлөглөсөн утгат онгодын улаач
Хоймор залагдсан унаган нутгийн манаач
Хорвоог явгалсан маани мэдэхгүй бадарч
Хорьхон насны онгироо нь арилаагүй найрагч

Би..
Ээжийгээ дуурайж энэрлээр гоёсон үзэсгэлэн
Эр хүнд дурлаж энгэрээ хорсгосон гашуун
Аягатай цайнд хөвдөг хэсэгхэн бодлын зэрэглээ
Аянгатай өдөр төрдөг хөнжил доторхи жихүүдэс

Би..
Бэхээрээ гуниг ухаарал урладаг муухан зураач
Биеэрээ гутрал зовлонд нухлагдсан хуучин баримал
Бийрээрээ үсээ боож тогтоосон гоолиг цагаан хүүхэн
Би.. сэтгэлээрээ гэгээрэл эрсэн “эм эгшиг”

Ижийгээ би тээр үзлүү яалаа?
/Бүх шоучиддаа зориулав/


Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би, ээжийнхээ

Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би...

Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ...

Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ...

Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?

Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий

Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би...

Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа...

Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийхээ амьдад

Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимсийг нь өссөн цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн билүү би, ижийдээ

Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань

Ээж тандаа охин нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя

Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй!

Sunday, October 21, 2012

Амралтын өдөрт зориулав

Иймэрхүү төрлийн сонирхолтой зурагнууд хаа саагүй л байдаг даа. Хэдийгээр хурал цуглаан гээд ажилтай амралтын өдөр боловч түрхэн зуур сэргэцгээе
 
Хамгийн алдартай мэргэчид өөрсдийн зөн совин мэдрэмжиндээ итгэдэг. Гэсэн хэдий ч заримдаа энэхүү мэдрэмж андуурах тохиолдол бий. Бид ямар нэг юмыг хараад түүнд огт хамааралгүй үнэлэлт, дүгнэлт өгдөг. Тэгвэл энэ бол харааны хуурамч мэдрэмж юм. Зарим харааны хуурамч мэдрэмжинд шинжлэх ухааны талаас тайлбар байдаг бол заримд нь байдаггүй байна. Бидэнд харааны хуурамч мэдрэмж төрүүлдэг нэг зүйл бол хөдөлж буй зураг. Зарим нэг зургийг бид удаан ажиглахад үнэхээр хөдлөж байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч энэ бол бидний харааны болон хүлээн авах хуурамч мэдрэмж юм.

1. Параллель шулуун
Японы сэтгэл судлаач Акиоши Китаок энэхүү классик зургийг бүтээжээ. Шулуунууд хоорондоо бүгд параллель байна.



2. Хана
Шар зурааснуудын аль нь урт харагдаж байна? Зүүн талынхан илүү богино мэт харагдаж байгаа боловч яг үнэндээ эдгээр хоёр зурааснуудын өндөр яг ижил юм байна. Энэ бол харааны хуурамч мэдрэмж юм.



3. Эргэж буй эмэгтэй
Энэхүү зургийг Японы сэтгэл судлаач Nobuyuki Kayahara 2003 онд зохиожээ. Энэхүү зургийг харааны ой тогтоолт болон сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд ашигладг байна.
Хэрвээ энэ зураг дээрх бүсгүйг цагийн зүүний дагуу эргэж байна гэж харж байвал таны тархины зүүн тал илүү хөгжсөн гэж үүзэх бөгөөд хэрвээ эсрэгээрээ бол та зөн билгээрээ мэдэгч юм байна. Хэсэг хугацааны турш дасгал хийсний дүнд хүмүүс ихэвчлэн аль аль тийш эргэж байгаагаар харж чаддаг байна. Үүнийг хийхэд 30 секунд зургийг ширтэх эсвэл зургийн сүүдрийг ажиглахад хангалттай.



4. Гарднер луу
Гарднер луу буюу Жери Андрус байнга түүнийг ажиглаж байгаа хүн рүү хардаг гэдэг нь мөн л харааны хуурамч мэдрэмж юм. Луу дээр тусах гэрэл доороос нь тусгалтай байхаар тавиад нэг 1-2 метрийн зайнаас нэг нүдээ аниад харахад луу тань руу харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг ажээ.



5. Мэргэн буудагч
Акиоши Китаока болон Eiji Watanabe нарын бүтээсэн хуурамч мэдрэмж. Ингээд харахад яг аль бөмбөлөг руу сум чиглэгдэж байгааг олж тогтооход хэцүү.



6. Галт тэрэгнээс харагдах байдал
Галт тэрэгнээс харахад гадаа байгаа зүйлүүд бүгд хөдөлгөөнтэй мэт харагддаг. Харин энэ бүхэн бол хүний харааны хуурамч мэдрэмж юм. Галт тэргийг аль зүг рүү явж байгааг хүн өөрийнхөө хүссэнээр тодорхойлж болно.



7. Харьцангуйн онол
Голландын зураач Эшерийн литограф. Анх 1953 онд хэвлэгдэн гарчээ.
Доорх зурган дээр бодит байдалтай үл нийцэх ертөнцийг зуржээ. Нэг газар нь 3 зүйл перпендикуляр байдлаар нэг нэгнийхээ араас холбогдсон бөгөөд энэ бүгдийг шатаар холбож үзүүлсэн байна. Энэ ертөнцөд амьдарч буй хүмүүсийн бодит байдалд хандах хандлагаас шалтгаалж ганцхан шат л аль ч зүг рүү хөтлөх болно.



8. Дуусашгүй шат
Энэхүү дүрсийг ихэвчлэн “дуусашгүй шат”, “мөнхийн шат” болон “Пенроузын шат” гэж нэрлэдэг байна. “Дуусашгүй шат” гэдэг нь хамгийн боломжгүй зүйлүүдийн нэг  юм.



9. Зугатаж буй мангас
Рожер Шепардын бүтээсэн энэхүү зураг хүний хүлээн авах чадварыг судлах зорилготой юм. Зурган дээр зугатаж буй мангас гүйцэж буй мангаснаас хамаагүй том мэт харагдаж байна. Яг үнэндээ бол эдгээр хоёр мангас ижилхэн хэмжээтэй бөгөөд хоёр дахь мангас эхний мангасны хуулбар юм.



10. Нисэж буй пирамид
Венэсуэлийн зураач Рафаэл Барриос (Rafael Barrios)-ын бүтээсэн баримал. Нью-Йорк хотын Авеню цэцэрлэгт хүрээлэнд байдаг байна. Энэхүү барималыг хавтгай ган ашиглан хийсэн боловч холоос харахад бүх талаас нь ганаар хийсэн мэт төвийж харагддаг байна.



11. Шатрын хөлгийн нүд
Өнгийг хүлээж авах хуурамч мэдрэмж. Массачусетын Технологийн Их Сургуулийн профессор Эдвард Эдельсон (Edward H. Adelson) 1995 онд нийтэлжээ.

А болон В зураг дээрх өнгө өөр байна гэж үү?



12. Нүднээс цацрах туяа
Akiyoshi Kitaoka-ийн хуурамч мэдрэмжийн зураг. Энэхүү зургийг ажиглахад эргэн тойронд нь байрлах өнгө өнгийн зурааснууд урсаж байгаа мэт сэтгэгдэл төрөх аж. Akiyoshi Kitaoka бол хуурамч мэдрэмжийн хөдөлгөөнт зураг хийдэг алдарт профессор юм.



13. Би замаа олчихлоо
Роберт Брюс Мюрре III энэхүү зургийг бүтээжээ. Бичиг рүү удаан ажиглаж үзээрэй. Тань руу хөвж байна уу?



14. Сэлж буй од
Зураач Kaia Nao. “2012 оны хуурамч мэдрэмжийн” тэмцээний оролцогч. Маш том од хөвж байгаа мэт харагдаж байна.



15. Байж боломгүй заан
Рожер Шепардын зураг.



16. Нохой унтаж л байг.
Энэхүү зургийг зураач Игорь Лысенко зурсан бөгөөд бодит байдал дээрээ энэхүү зураг маш олон нууцлаг шинжтэй юм байна. Энэхүү зурганы цаана галууны дүрс нуугдаж байгаа бөгөөд үүнийг олоход тийм ч амар биш юм. Харин та ямар дүрсийг харж байна?



17. Боломжгүй куб
Мауриц Корнелисын зурсан зураг. Энэхүү зургийг 3D Max-ын тусламжтайгаар бүтээсэн учраас энэхүү куб байх боломжгүй юм.



18. Хулгана ба муур
Энэхүү зурган дээр муур хулгана хоёрыг хоёуланг нь харж болно. Гэхдээ эсвэл муур эсвэл хулганыг харах бөгөөд хоёуланг нь нэг дор харж чадах хүн ховор.



19. Луу болон заан
1870 он. Испанийн шүдэнзний хайрцаг дээрх зураг.

 

Эх сурвалж: www.caak.mn 

Sunday, September 23, 2012

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай




МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 09 сарын 18өдөр                         Дугаар 37                         Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын
2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай
            Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
           1.“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.
            2.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
                        1/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулж байх;
                        2/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
МОНГОЛ УЛСЫН
                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД


Монгол Улсын Их Хурлын 2012 оны
37 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН засгийн газрын 2012-2016 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр

АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БҮХИЙ Л САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛИЙН ҮЗЭЛ САНААНД НЭГДЭН АРДЧИЛСАН НАМ, ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ, МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ХАМТРАН:
  • Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон,
  • Хүний жам ёсны заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон,
  • Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн,
  • Иргэд, олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан,
  • Эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглан,
  • АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэслэн, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрийн зарим тодорхой саналыг тусган Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тодорхойлж байна.
нэг. Ажилтай, орлоготой Монгол хүн
 Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт мөн.
 Хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болгох, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардагдах хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь гол зорилтын нэг байх болно.
 Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна.
 Жендерийн зохистой харьцаа алдагдсан салбарыг онцгой анхаарч ажиллана.
 Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд дараах шинэчлэлийг хэрэгжүүлнэ:

-       бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх;
-       зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах;
-       орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх;
-       ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх;
-       инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжих;
-       барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох;
-       экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх;
-       хилийн боомтын шинэчлэлийг хийх;
-       Хөрөнгийн биржийг шинэчлэх;
-       банк санхүү, бирж, мэдээллийн технологи, амралт цэнгээний болон агаарын замын зангилаа төв байгуулах ажлыг эхлүүлэх.
 Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг мөрдлөг болгон ажиллана:
  • Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагыг өсгөхгүй, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хуульчлах;
  • инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах;
  • улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгах;
  • дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг хоёр хувиас илүүгүй байлгах;
  • хөрөнгө оруулалтыг тав хүртэл жилээр төлөвлөх зарчимд шилжих;
  • алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компанийн удирдлагад хариуцлага тооцож, ашигтай ажиллахаар өөрчлөн зохион байгуулах;
  • тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж, захиалагч нь шийдвэрлэдэг өнөөгийн тендерийн тогтолцоог өөрчилж гүйцэтгэгч нь шийдвэрлэдэг болгох;
  • гадаадын зах зээлээс хямд эх үүсвэрийг боломжит хэмжээгээр татаж зөвхөн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх.
Дээрх зорилт, шинэчлэлийг хийх зорилгоор дэвшүүлсэн зарчмыг баримтлан дараах үйл ажиллагааг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ:
  • цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх;
  • цалин, тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх;
  • мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлэх;
  • түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгох бодлого явуулах;
  • дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Хөгжлийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх;
  • төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах;
  • бусад улстай хийсэн давхар татварын гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шинэчлэх, эсхүл хүчингүй болгох;
  • уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох;
  • Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулах;
  • төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх аж ахуйн нэгжид нийт борлуулалтын гучаас доошгүй хувийг өөрийн үйл ажиллагааны орлогоос олдог байх шаардлага тавих;
  • гадаадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хянан зохицуулсан бодлого хэрэгжүүлэх;
  • хувийн хэвшилтэй хамтран бизнес форум тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх;
  • хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх;
  • хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан, цөөн орноос хамааралтай байдлыг арилгахад анхаарч өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх;
  • хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжиж иргэд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах;
  • Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан жижиг бизнесийг дэмжих;
  • Хөдөө, аж ахуйн биржийн тухай хууль, Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Засгийн газраас баталсан Хүнсний аюулгүй байдал, Монгол Улсыг үйлдвэржүүлэх   хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • санхүүгийн секторын шинэтгэлийг бодит сектор, тухайлбал, уул уурхайн бус эдийн засгийн бусад салбар, жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, хувийн даатгалын ба хөрөнгө оруулалтын сангууд, хувийн тэтгэврийн сангийн болон зээлийн батлан даалтын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр орчин үеийн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгоход чиглүүлэх;
  • олон улсын нэр хүндтэй банк орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх.
Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
  • нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, геомэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжих;
  • нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах;
  • геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Монголын Үндэсний геологийн албыг шинээр байгуулах;
  • эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
-       ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангах;
-       ашиглалтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрт үндэслэн олгодог болгох;
-       аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоонд тодорхой хязгаарлалт тавих;
-       ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг орон нутгийн саналд тулгуурлан зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болгох;
-       уул уурхайн олборлох үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжид нийлүүлдэг байх;
-       улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших;
-       техник-эдийн засгийн үндэслэлээр ашиггүй нь тогтоогдсон, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахгүй байх зарчмыг баримтлах;
-       нөхөн сэргээлтийг стандартын түвшинд хийж чадах санхүүгийн баталгаа гаргасан аж ахуйн нэгжид ордыг ашиглах эрхийг олгодог болох;
-       Ашигт малтмалын тухай хуулийн  стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхойлолтыг судалгаанд үндэслэн боловсронгуй болгож, эрчим хүчний болон коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэргийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ангилалд оруулсан тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэх;
-       геологийн хувьд нэгдмэл тогтоцтой ордуудын ашиглалтыг иж бүрнээр нэгдсэн байдлаар олборлох бодлого баримтлах.
  • эрдэс баялгийн экспортыг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх;
  • уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдэд үндэсний аж ахуйн нэгжүүд давуу эрхээр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтад оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд давуу эрхийн хувьцаа олгоно;
  • алтны олборлолт, хадгалалт, борлуулалтыг ил тод болгох;
  • бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах;
  • олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга болон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлэх;
  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх;
  • байгалийн нөөцийн эдийн засгийн статистикийг шинэчилж, улсын эдийн засаг, санхүүд эрдэс баялгийн салбарын үзүүлж байгаа нөлөөллийн үзүүлэлтийг системтэй тооцоолох аргачлалыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох;
  • эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттай багасгах, түүнчлэн экспортолж байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн шат дараатай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлах;
  • Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих;
  • гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах. уул, уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх;
  • Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна. Улмаар Таван толгойн орд газрыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааг худалдах ажлыг Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу зохион байгуулна.
  • тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх;
  • байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, эвдрэлд орсон талбайн тооллого хийж буруутай этгээдээр нөхөн сэргээлгэж, цаашид нөхөн сэргээлтийн зардлыг улсын төсвийн тусгай санд байршуулдаг болгох;
    • уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэн хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор хөхиүлэн дэмжих.
Уул уурхайн салбараас эдийн засгийн хамаарах хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгох нь эдийн засгийн бодлогын тэргүүлэх зорилт байна.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эдийн засгаа солонгоруулах бодлогыг дараах долоон чиглэлээр явуулна:
1.Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
  • уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулах;
  • Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг болох;
  • “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах;
  • “Чойр”, “Баганхангай” ложистик төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулах;
  • уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоо, манлайлалтай боловсруулан хэрэгжүүлэх. Уул уурхайн салбарын экспортын орлогын тодорхой хэсгээс уул уурхайн бус экспортын хөгжлийн сан байгуулна.
  • Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүлээсэн үүргийн дагуу гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах асуудлыг шийдвэрлэх
  • барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлах;
  • сэргээгдэх эрчим хүчний бодлогыг татварын орчноор хөхиүлэн дэмжиж гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
  • эдийн засгийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний суурь дэд бүтцийг бий болгох зорилгоор ДЦС-5-ыг барьж, ДЦС-4-ийг 100 МВт-р өргөтгөх;
  • баруун бүсийн нүүрсний ордуудыг түшиглэн 60-100 МВт-ын дунд чадлын цахилгаан станц барих;
  • Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг дамжуулах дэд бүтцийг шинэчлэх;
  • дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох.
2.Ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого
  • ноолуурын салбарын зээлийн санг 300 тэрбум, арьс ширний салбарын зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санг 100 тэрбум төгрөгт хүргэх;
  • малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох;
  • Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын гадна байгаль орчинд ээлтэй, хаягдлаа бүрэн боловсруулах чадвартай арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих.
3.Уламжлалт мал аж ахуй, мах, сүүний
чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
  • малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хамруулах замаар олон улсын стандартын дагуу мал сүргийг бүртгэж даатгах;    
  • хангайн бүсийн аймгуудад өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, говь хээрийн бүсэд өндөр ашиг шимт хонь, ямааны аж ахуйг дэмжиж, тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх;
  • малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий хөдөө аж ахуйн биржийг байгуулах;
  • Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 150 саяаас доошгүй, аймаг, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг 3 тэрбумаас доошгүй, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн эх үүсвэрийг 500 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулах;
  • эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуй эрхэлж байгаа аж ахуйг дэмжих зээлийн санг 50 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулах;
  • газар тариалан, фермерийн бүс нутгийг түшиглэн хуурай сүү боловсруулах үйлдвэр, аймгуудад цөцгийн тос болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг дэмжих;
  • мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор махны нийлүүлэлтийн шинэ тогтолцоог бүрдүүлэх;
  • “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлэг, үржлийн төрийн үйлчилгээний албыг бүх сумд бэхжүүлэх.
4.Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого
  • аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх;
  • Монгол Улсын байгалийн үнэт баялаг болсон хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хязгаарлаж, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх;
  • •аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх;
  • •аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор зах зээлийн эрэлтэд нийцсэн парк, музей, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг дэмжих;
  • •аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу нийтийн ариун цэврийн газар, иж бүрэн үйлчилгээ бүхий түр буудаллах цэг байгуулахыг дэмжих;
  • Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх;
  • говийн аялал жуулчлалын бүс, Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсийг холбосон дэд бүтэц байгуулах;
  • аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлэх;
  • Улаанбаатар хот, говийн аймгуудад үлэг гүрвэлийн цогцолбор музей, палеонтологийн лабораторийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах;
  • орон нутагт Аяллын төвүүдийг байгуулж тухайн нутгийн үзмэр, бизнес, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах түшиц болгон ашиглах.
5.Өндөр технологи, био, нано, мэдээллийн
технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
  • •их, дээд сургуулиудыг түшиглэн өндөр технологийг дэмжих сургалтын тогтолцоо бий болгож, өндөр технологийн салбарт суралцагсдын тоог нэмэгдүүлэн, гадаад орнуудтай багш солилцох ажлыг өргөжүүлэх. Энэ чиглэлд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хангана.
  • шинжлэх ухааны бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн сангаас олгох хөрөнгийг их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилдаг болох;
  • мэдээлэл холбоо, нано, биотехнологийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлж, эдгээр мэргэжлээр 300-гаас доошгүй оюутныг дэлхийн шилдэг сургуулиудад оюутан солилцоогоор сургах;
  • төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.
6.Импортыг орлох экспортын бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг дэмжих бодлого
  • импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, төмс, хүнсний ногоо, сүү, өндөгний хэрэгцээг дотооддоо хангадаг болох;
  • Тариаланг дэмжих сангийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо бүхий корпораци болгон зохион байгуулах;
  • баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж, бүсийн гурилын хэрэгцээгээ хангадаг болох;
  • хүнсний ногооны тариалалт, хураалтыг механикжуулж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах;
    • хүнсний нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах;
аймгуудад усалгаатай газар тариаланг сэргээж дэмжих;
  • боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсад олборлож байгаа ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрт эхний ээлжид нийлүүлдэг болох;
  • Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт тусгасны дагуу газрын тос боловсруулах үйлдвэр барьж, боловсруулах үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон үйлдвэрийн байршлыг оновчтой тогтоох;
  • газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг бий болгох;
  • шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барих;
  • төрөөс нүүрсний салбарт баримтлах бодлогыг тодорхойлох;
  • нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгааг хийх;
  • хийн түлшний аюулгүйн ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хийн түлшний тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд тавих стандарт, нормыг сайжруулах.
7.Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого
  • Үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж, тус салбарын хэмжээнд мөрдөх стандарт, ёс зүйн дүрэм, үйлчилгээний зэрэглэл, тарифын зохицуулалтыг батлах эрх олгох.
Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
  • •аж үйлдвэрийн болон экологийн тэргүүлэх хөгжлийн бүсүүдийг тогтоож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
  • •Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан төмөр замыг барьж байгуулах ;
  • аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах;
  • Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замыг бүрэн шинэчлэх;
  • Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзварыг шаардлагатай газарт барьж байгуулах;
  • транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах;
  • Улаанбайшинт-Өлгий-Ховд-Ярант, Ховд-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад оруулах;
  • Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулах;
  • далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх;
  • Хөшигтийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгох;
  • агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх;
  • “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах;
  • автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэн автотээврийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах төв байгуулах;
  • олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг Замын-Үүд, Алтанбулаг, Улаанбаатар хотод байгуулах;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, гурав дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтэц (нийт 3600 орчим км)-ийн судалгааг дуусгах;
  • далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, тухайн салбарт үндэсний ажилтан, мэргэжилтнүүдийг ажиллуулах арга хэмжээ авах;
  • “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах. Нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ;
  • бүх аймгийн төв болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөх;
  • хот, суурин газрыг иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотойгоор асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн дүрэмтэй болгох;
  • иргэдийн оролцоотойгоор хотын дахин төлөвлөлтийг хийж, гэр хорооллын цахилгаан, цэвэр ус, авто замын асуудлыг нэгдсэн байдлаар, бусад дэд бүтцийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх замаар Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хот, аймаг, суманд хэрэгжүүлэх;
  • аймаг бүрд “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх;
  • барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн канад стандартыг нэвтрүүлж, шинээр барих барилгын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгах;
  • аймгийн төвд төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын орчныг утасгүй интернетийн бүсэд хамруулах;
  • иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх;
  • нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх;
  • төв, суурин газарт эдийн засгийн үр ашгийг нь харгалзан дулаан хангамжийн төвлөрсөн болон бие даасан систем бий болгох;
  • хотуудын усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулна. Усыг зүй зохистой ашиглах бодлого явуулна;
  • аймаг, сумын төвийн ногоон байгууламжтай талбайг хоёр дахин нэмэгдүүлэх;
  • аймгуудын нэгдсэн захыг эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийн жишигт нийцсэн худалдааны төв болгох;
  • аймгуудын төвийг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлэх;
  • аймгийн төвийн иргэдийн амьдрах ая тухтай, эрүүл орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулж, хэрэгцээний халуун усны системийг бүрдүүлэх;
  • бүх аймгийн төвд кинотеатр, усан бассейн бүхий үйлчилгээний цогцолбор байгуулах;
  • аймгийн эмнэлгүүдийг орчин үеийн оношлогооны төвтэй болгох;
  • аймаг, нийслэл, дүүрэгт усан сан бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага, хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх;
  • дулаан алдагдал багатай барилгын технологийг нэвтрүүлж, дулаалгын материалд монгол хонины ноос ашиглах үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • сумдад дэд бүтэц барьж байгуулах ажлыг дэмжиж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулах.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлого
  • хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан бүтцийг нэгтгэн зохион байгуулах;
  • “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж 150000 хүний ажлын байр шинээр бий болгох;
  • залуучууд болон 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдийг ажлын байраар хангах хүрээнд:
  1. oажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх;
  2. oажил хайж байгаа иргэнийг дахин сургалтад хамруулах;
  3. oнөхөрлөл, хоршоо байгуулахыг бүх талаар дэмжих;
  4. oхот, суурингаас хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажил эрхлэх санаачилгыг дэмжих бодлого явуулж, зохион байгуулах.
  • ажлын байр бий болгох зорилго бүхий Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх;
  • бүх сум, дүүрэгт ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн биет болон онлайн сүлжээг нэвтрүүлэх
Нийгмийн хамгааллын бодлого
  • эх /эцэг/ нь төрүүлсэн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхдийг гурван нас хүртэл өөрөө асран хүмүүжүүлэх тэтгэмж, дэмжлэгийн эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлэх;
  • олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх;
  • 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон буюу 1995 оноос өмнөх ажилласан жил, авсан цалингаасаа тооцож тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах;
  • зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх;
    • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэгт байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлэх, энэ зорилгод өөрсдийн оролцоог нь дэмжих;
    • монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
    • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай сан байгуулах асуудлыг судлаж шийдвэрлэх;
    • өндөр настны асрамжийн төв байгуулах хувийн хэвшлийн санаачnлгыг дэмжих;
    • хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх;
    • хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэх;
    • нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, бодит цалин хөлсний өсөлт, амьжиргааны доод түвшинг харгалзан жил бүр шинэчлэн тогтоох;
    • нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оролцогч талуудад нээлттэй мэдээллийн сан бий болгох;
    • орон сууц, сургууль болон үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг байгуулах;
    • Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогыг нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг хөгжлийн бүх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх.
хоёр.Эрүүл чийрэг монгол хүн
Шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан,олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ,үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт мөн.
Энэхүү зорилтыг хангах үүднээс дараах бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
  • иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх;
  • эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх;
  • орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дэмжлэг үзүүлэх;
  • импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хийх;
  • монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах.
Дээрх шинэчлэлийг үр дүнд хүргэх зорилгоор дараах ажлыг зохион байгуулна:
  • эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэдтав дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;
  • эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, даатгалын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх;
  • оношлогоо, эмчилгээний чанарын хяналтын үнэлгээг үндэслэн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг тарифийн ялгаваргүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх;
  • өрхийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх;
  • эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг төрийн албаны бүтцээс гаргаж, нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүдийн санхүүгийн бие даасан үйл ажиллагааг хангаж, эмч, сувилагчдын ажлын ачаалал, ур чадварт суурилсан цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;
  • эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох;
  • иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
  • телемедицины үндэсний сүлжээ байгуулж, зайн оношлогоог өргөтгөх;
  • эмнэлгийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээ бий болгож, алсын дуудлагад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлж, явуулын болон сэхээн амьдруулах тасгуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • нэг сувилагчид ногдохөвчтөний тоог олон улсын жишигт хүргэж өвчтөнд үйлчлэх асаргаа, сувилгааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
  • анагаахын боловсрол олгох, мэргэшил дээшлүүлэх, нарийн мэргэшлийн эмчийг дотоод, гадаадад бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;
  • эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
  • төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар оношлогооны томоохон төвийг байгуулж, эх орондоо бүрэн оношлуулах нөхцөлийг бүрдүүлэх;
  • уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан эмчилгээ, сувилгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлж, рашаан сувиллын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
  • орчин үеийн эмийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, уламжлалт эм, тангийн үйлдвэрлэлийг өргөтгөх;
  • эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнийг гурван жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хамруулах;
  • “Эрүүл хот, сургууль, цэцэрлэг, хотын эрүүл мэнд” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
ГУРАВ.ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН
Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно.
Монгол соёл, өв уламжлал, их спорт, биеийн тамирыг хөгжүүлж Монгол эх орноо дэлхийд данстай байлгана.
Энэ зорилгоор дараах шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
  • их, дээд сургуулийн тоог бус чанарыг чухалчилж, шинэ стандарт мөрдүүлснээр их, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх;
  • өндөр хөгжилтэй оронд оюутан сургах тогтолцоог шинэчлэх;
  • мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг ажлын байртай шууд холбодог тогтолцоонд шилжих;
  • ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх;
  • монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын нэрийг дэлхийд гаргадаг соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох.
Дээрх зорилго, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  • сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлэх;
  • эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох;
  • цэцэрлэг, сургуулийн удирдлага болон эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм, арга зүйн зөвлөмжтэй болгох;
  • орон нутагт гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлэх;
  • “Үдийн цай” хөтөлбөрийг чанаржуулах;
  • сургуулийн бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлж нөхцөлийг сайжруулах;
  • мэдээллийн технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглаж, сурах бичиг, видео хичээл, танин мэдэхүйн цахим хуудас нээж ажиллуулах;
  • боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл, туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулах;
  • ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөн, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • багш бэлтгэдэг сургуулиудад тавих шаардлага, стандартыг өндөржүүлж, багшийн сургуульд элсэх босгыг дээшлүүлэх;
  • мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх;
  • мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа сурагчдын сургалтын тэтгэлгийг бууруулахгүйгээр суралцах сонирхлыг дэмжиж ажиллах;
  • чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжих;
  • инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжих;
  • их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх;
  • багш, инженер бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжих;
  • боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх;
  • сургалтын технологийн хөгжил, санал санаачилгыг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий боловсролыг дэмжих үндэсний сан бий болгох;
  • “Өрсөлдөх чадвартай монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх. Судалгааны үндсэн дээр монголын хөгжилд тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн дэлхийн шилдэг сургуулиудад 300 оюутан сургана;
  • хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх;
  • үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх;
  • улсынхаа нэрийг олимп, дэлхийн хэмжээнд гаргасан тамирчдын амьдралын баталгааг хангах бодлогыг хэрэгжүүлснээр их спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоог нэмэгдүүлэх;
  • соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах;
  • соёлын байгууллагын барилга, байгууламжийг стандарттай болгож шаардлагатай музей, театрын барилгыг шинээр барьж байгуулах;
  • түүх, палеонтологи, археологийн олдворыг онцгойлон хадгалж хамгаалах;
  • дэлхийн Монгол соёл судлалын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжих;
  • соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх;
  • соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргаж, улсын нэгдсэн бүртгэлийн цахим мэдээллийг хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын дотоод сүлжээтэй холбох;
  • биеийн тамир, спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих замаар боловсронгуй болгож, Оюутны их наадмыг 2013 онд, Монголын бүх ард түмний спортын XIҮ их наадмыг 2014 онд, Хүүхдийн спортын их наадмыг 2016 онд тус тус бэлтгэн зохион байгуулах;
  • спортын судалгаа, шинжилгээний ажлыг эрхлэн гүйцэтгэх бүтэц байгуулж, биеийн тамир, спортыг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэх;
  • бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн, цагийг нэмэгдүүлэх, секцийн цагийн хөлсийг олгох, идэвхтэн дасгалжуулагчтай байхыг дэмжих;
  • сургуулийн өмнөх боловсролд зориулан хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах.
ДӨРӨВ.АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН
Эдийн засгийн өсөлтийг хангахаас гадна байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, байгалийн нөөцийг тогтвортой ашиглаж, нөхөн сэргээж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах замаар нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого нь ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдаж, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг байх нь энэ хүрээний гол зорилт болно.
Энэ зорилгоор дараах шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
  • ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох;
  • байгаль орчны асуудал эрхэлсэн яамыг үндсэн чиг үүргийн яам болгон өөрчлөх;
  • Улаанбаатар хотын утаа, хог, түгжрэлтэй тэмцэх цогц шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • “Амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • газрын харилцааны шинэчлэл хийх;
  • аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • хаягжилтын шинэчлэлийг хийх;
  • сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • “Туул гол” хөтөлбөр хэрэгжүүлэх.
Дээрх зорилт, шинэчлэлийг хэрэгжүүлэх үүднээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  • ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн, “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгох;
  • орон нутаг дахь иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргах;
  • хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхт болон химийн хорт бодисын хэрэглээг багасгаж, онцгой хорт бодис худалдах, ашиглах, тээвэрлэх, хадгалах, импортлоход тавих хяналтыг хүчтэй болгох;
  • томоохон гол, мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усан сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангах. Хөв цөөрмүүдийг байгуулна;
  • гол, мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, усны менежментийн цогц бодлогыг хэрэгжүүлэх;
    • улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх;
    • ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтрүүлэх;
    • устах аюулд орж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлэх;
    • уул уурхайн нөхөн сэргээлтэд “дүйцүүлэн хамгаалах” механизмыг нэвтрүүлэх;
    • байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх;
    • уул уурхай болон бусад томоохон төслийг санхүүжүүлэгч банкуудтай ногоон хөгжлийн бодлогыг холбох механизмыг бий болгох;
    • үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэх;
    • хатуу хог хаягдлыг ангилан дахин боловсруулж ашиглах;
    • цөлжилтөөс сэргийлж, бэлчээрийн талхлалтыг бууруулах зорилгоор бэлчээр, усны цогц бодлогыг хэрэгжүүлэх;
    • цөлжилтийн явц /эрчим/-ыг хянах нэгдсэн сүлжээ байгуулж, цөлжилтөд өртсөн нутагт цөлжилттэй тэмцэх ногоон ажлын байр бий болгох замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
    • органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх эдийн засаг, санхүү банкны тааламжтай орчныг бүрдүүлж, Органик монгол үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
    • байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах замаар бага нүүрстөрөгч бүхий нийгэмд шилжих ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх.
Батлан хамгаалах бодлого
Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, урт, дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх замаар Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжлийн шинэ шатанд гаргана.
  • батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан төрийн батлан хамгаалах бодлогыг шинэчлэх;
  • батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх;
  • зэвсэгт хүчний нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчинтэй болох;
  • хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэглэл, техникийг нэвтрүүлэх;
  • зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлж, үндэсний байнгын хүчний тогтолцоо бүрдүүлэх;
  • иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх. Зэвсэгт хүчинд эх оронч үзэл, хүмүүжил, хүний хөгжил, төлөвшлийн орчныг бүрдүүлнэ;
  • •цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулах;
  • •цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах.
Гадаад харилцаа
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж, дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд оновчтой оролцож, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчилж, эх орноо гадаадад сурталчилан таниулах ажлыг эрчимжүүлнэ.
  • төрийн гадаад бодлого нэгдмэл байх, Засгийн газрын байгууллагуудын гадаад бодлого, гадаад харилцаа харилцан зохицуулалттай байх зарчмыг хэрэгжүүлэх;
  • ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш улс, холбоодтой стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх;
  • Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцоогоо өргөжүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад бодитой ахиц гаргах;
  • ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй үргэлжлүүлэх;
  • Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор сан байгуулж ажиллуулах;
  • Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах;
  • Монгол Улсын хөгжил, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Монгол судлалыг дэмжих ажлыг эрчимжүүлэх;
  • хил орчмын худалдааг дэмжиж, орон нутгийн иргэд түр хугацаагаар хил нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх;
  • гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах;
  • гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, эх хэл, соёлоо сурах, нутагтаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
  • гадаад улсад амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг төрөөс дэмжих
Нийгмийн аюулгүй байдал
  • аюулгүй байдлыг хангах байгууллагын хүч хэрэгсэл, техник хангамжийг сайжруулж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх;
  • Монгол Улсын эдийн засаг, байгаль экологийн аюулгүй байдлыг хангахад аюулгүй байдлыг хангах байгууллагын оролцоог нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргахад мэдээллийн бодит дэмжлэг үзүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, үйл ажиллагаатай тэмцэх ажлыг идэвхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • цахим аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • ган, зудаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож, бэлэн байдлын нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох. Газар хөдлөлт болон бусад гамшгийн мэдээлэл, судалгааны газрын хүчин чадал, техник, технологийг шинэчилнэ;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглоно;
  • цөмийн энергийн чиглэлээр явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр “Шар нунтаг”-аас цааш үргэлжлэхгүй байхыг хуульчлан тогтоох;
  • стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжих;
  • малын хулгайтай тэмцэх асуудлын хүрээнд байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллууланүнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоо бүрдүүлэх;
  • хар тамхи, хүний болон зэвсгийн наймааны гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тусгай боловсон хүчин бэлтгэх, гадаад улсын туршлага судлах, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах;
  • “Архигүй монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ:
-       спиртийн үйлдвэрлэлд тавих төрийн хяналтыг нэмэгдүүлэх;
-       архидалт зохион байгуулдаг явдлыг таслан зогсоож, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжих;
-       төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хуулиар хориглох;
-       архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй Эрүүл идэвхтэй амьдралын клубыг аймаг, дүүрэг, сумдад байгуулахыг дэмжих;
-       согтууруулах ундааны хатуулаг болон савлагааны хэмжээг бууруулах бодлого баримтлах;
-       өндөр хатуулагтай согтууруулах ундааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх.

ТАВ.ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН
Төр засгийг түмэн олондоо тунгалаг, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг бий болгож, улмаар төрийн албыг нийтийн алба, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон үндсээр нь өөрчилж, хууль дээдлэн, хүн бүр эрх тэгш, эх орондоо, аймаг, хотдоо сайхан амьдрах нийгмийг цогцлооход энэ чиглэлийн эрхэм зорилго оршино.
Энэ зорилгоор дараах шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
  • төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах;
  • төрийн албыг нийтийн алба болгон өөрчлөх;
  • улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх;
  • Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох;
  • Зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах;
  • Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн зөвхөн нэг цонхоор, нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгууллагууд хоорондоо харьцах замаар иргэдэд үйлчлэх;
  • төрийн үйлчилгээ хүргэж байгаа төрийн байгууллага хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцох зарчмыг шинээр нэвтрүүлэх;
  • Европын Холбоо, АНУ, ISO-ийн стандартыг хангасан бүтээгдэхүүнд шууд зөвшөөрөл олгодог болох;
  • мэдээллийн технологийг ашиглан цаасаар үйлддэг шат дамжлагыг 50 хувиар бууруулах;
  • бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх;
  • “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах;
  • шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцооны шинэчлэлт хийх.
Дээрх зорилт, шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  • дотоод хэргийн чиг үүрэг давамгайлсан байдлыг халах замаар Хууль зүйн яамны чиг үүрэг, зохион байгуулалтыг өөрчлөн боловсронгуй болгож, хууль зүйн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй, хүний эрх, эрх зүйт ёсны зарчимд нийцүүлэх механизмыг бий болгох;
  • төрийн албан тушаалтны эрх мэдлийг тодорхойлсон хууль зүйн бодлогыг өөрчилж, төрийн албыг нийтийн эрх ашгийг хамгаалж, иргэнд үйлчлэх нийтийн алба, иргэний алба болгон шинэчлэх;
  • төрийн үйл ажиллагаанд иргэд бүхий л хэлбэрээр оролцдог байх бололцоог эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх;
  • Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох;
  • төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болох;
  • гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
    • хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг хуульчдын ажил, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгуурын гол үзүүлэлт болгох;
    • ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, авлига, албан тушаалын болон шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох;
    • иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд олгож иргэний үндсэн эрхийн баталгааг сайжруулах;
    • хууль зүйн мэргэжлийн болон иргэний боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, мэргэжлийн хуульч бэлтгэх тогтолцоог шинэ шатанд гаргах. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ;
    • хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг байгуулж чадавхжуулах;
    • иргэдэд өдөр тутам үйлчилдэг нийтийн албан хаагчдыг иргэд өөрсдөө үнэлдэг тогтолцоонд оруулж, цалин хангамжийг ажлын бүтээмжтэй уялдуулан тооцож, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
    • авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, алагчлалгүй, шударга, хүртэмжтэй болгох;
    • Удирдлагын академийг нийтийн албан хаагчдын үргэлжилсэн сургалтын байгууллага болгон өөрчлөх;
    • залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Засгийн газрын Үндэсний хороог байгуулах;
    • нийтэд тустай үйл ажиллагааны тухай хууль батлуулж, иргэний нийгмийн байгууллагын санхүүжилтийн шинэ хувилбаруудыг бий болгох;
    • төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх;
    • нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжих;
    • судалгаа, шинжилгээний ажлыг их, дээд сургууль болон бодлогын институт дээр төвлөрүүлж, Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилтийг энэ зорилготой уялдуулах;
    • салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох;
    • шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох;
    • шүүхийг тойргийн тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулахтай уялдуулан прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх;
    • шүүхэд мөрдөн байцаалтын шатны шүүгчийн бүтцийг бий болгож, хүний эрхийн баталгааг дээшлүүлэх;
    • шүүн таслах ажиллагааг захиргааны үйл ажиллагаанаас тусгаарлаж, шүүхийн захиргааг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
    • шүүх, шүүгчийн хамгаалалт, шүүгдэгчийг албадан авчрах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, хорихоос оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хуяглан хүргэх зэрэг чиг үүрэг бүхий тусгай албыг бий болгож, эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ялгавартай зохион байгуулах;
    • прокурорын байгууллагын хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессын маргаан шийдвэрлэх чиг үүргийг шүүхэд шилжүүлэх;
    • захиргааны болон эрүүгийн зөрчлийг бүртгэх нэгдсэн сан бий болгож, эргүүлийн цагдаа, хилийн алба, татвар, бусад мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх;
    • мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүх, ийн шинжилгээний бүтцийг бий болгох;
    • цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх мэргэшсэн нэгж байгуулах;
    • цагдаагийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг орон нутгийн эрх мэдлийн түвшинд зохион байгуулах;
    • хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувь эзэмшил, орлогыг ил тод болгож, хэвлэлийн байгууллагуудын бие даасан байдлыг дээшлүүлж, иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах;
    • захиргааны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийг батлуулж, нийтийн захиргааг мэргэшүүлэх, хариуцлагажуулах механизмыг бий болгох;
    • шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хэрэгжилтийг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээг цогцоор нь төлөвлөж шийдвэрлэх;
    • шүүхээс гадуур хүний эрхийг хязгаарлаж, эрүүгийн хэргийг байцаан шалгадаг тогтолцоог халж, шүүхийн хяналтын дор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох;
    • хээл хахууль, шан харамжийг ялгамжтай зохицуулж, хахууль өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хөнгөлөх асуудлыг хуульчлах.
           Засгийн газар нь 2012-2016 оны үйл ажиллагааны энэхүү хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн замаар үйл ажиллагаагаа зохион байгуулж, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, зорилгуудыг хэрэгжүүлснээр ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах монгол хүнээ дэмжин ажиллана.
             МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ МАНДАН БАДРАГ!