МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 09 сарын 18өдөр Дугаар 37 Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын
2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай
2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулж байх;
2/Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Монгол Улсын Их Хурлын 2012 оны
37 дугаар тогтоолын хавсралт
37 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН засгийн газрын 2012-2016 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр
АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БҮХИЙ Л САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛИЙН ҮЗЭЛ САНААНД НЭГДЭН АРДЧИЛСАН НАМ, ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ, МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ХАМТРАН:
- Үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон,
- Хүний жам ёсны заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендерийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон,
- Монгол төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн,
- Иргэд, олон нийтийн санал, санаачилгад тулгуурлан,
- Эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглан,
- АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэслэн, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрийн зарим тодорхой саналыг тусган Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тодорхойлж байна.
нэг. Ажилтай, орлоготой Монгол хүн
Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт мөн.
Хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болгох, хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардагдах хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь гол зорилтын нэг байх болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна.
Жендерийн зохистой харьцаа алдагдсан салбарыг онцгой анхаарч ажиллана.
Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд дараах шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
- бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх;
- зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах;
- орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх;
- ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх;
- инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжих;
- барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох;
- экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх;
- хилийн боомтын шинэчлэлийг хийх;
- Хөрөнгийн биржийг шинэчлэх;
- банк санхүү, бирж, мэдээллийн технологи, амралт цэнгээний болон агаарын замын зангилаа төв байгуулах ажлыг эхлүүлэх.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг мөрдлөг болгон ажиллана:
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагыг өсгөхгүй, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хуульчлах;
- инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах;
- улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгах;
- дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг хоёр хувиас илүүгүй байлгах;
- хөрөнгө оруулалтыг тав хүртэл жилээр төлөвлөх зарчимд шилжих;
- алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компанийн удирдлагад хариуцлага тооцож, ашигтай ажиллахаар өөрчлөн зохион байгуулах;
- тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж, захиалагч нь шийдвэрлэдэг өнөөгийн тендерийн тогтолцоог өөрчилж гүйцэтгэгч нь шийдвэрлэдэг болгох;
- гадаадын зах зээлээс хямд эх үүсвэрийг боломжит хэмжээгээр татаж зөвхөн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх.
Дээрх зорилт, шинэчлэлийг хийх зорилгоор дэвшүүлсэн зарчмыг баримтлан дараах үйл ажиллагааг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ:
- цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх;
- цалин, тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх;
- мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлэх;
- түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгох бодлого явуулах;
- дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Хөгжлийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх;
- төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах;
- бусад улстай хийсэн давхар татварын гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шинэчлэх, эсхүл хүчингүй болгох;
- уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох;
- Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулах;
- төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх аж ахуйн нэгжид нийт борлуулалтын гучаас доошгүй хувийг өөрийн үйл ажиллагааны орлогоос олдог байх шаардлага тавих;
- гадаадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хянан зохицуулсан бодлого хэрэгжүүлэх;
- хувийн хэвшилтэй хамтран бизнес форум тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх;
- хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх;
- хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан, цөөн орноос хамааралтай байдлыг арилгахад анхаарч өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх;
- хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжиж иргэд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах;
- Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан жижиг бизнесийг дэмжих;
- Хөдөө, аж ахуйн биржийн тухай хууль, Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Засгийн газраас баталсан Хүнсний аюулгүй байдал, Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- санхүүгийн секторын шинэтгэлийг бодит сектор, тухайлбал, уул уурхайн бус эдийн засгийн бусад салбар, жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, хувийн даатгалын ба хөрөнгө оруулалтын сангууд, хувийн тэтгэврийн сангийн болон зээлийн батлан даалтын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр орчин үеийн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгоход чиглүүлэх;
- олон улсын нэр хүндтэй банк орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх.
Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
- нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, геомэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжих;
- нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах;
- геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Монголын Үндэсний геологийн албыг шинээр байгуулах;
- эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
- ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангах;
- ашиглалтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрт үндэслэн олгодог болгох;
- аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоонд тодорхой хязгаарлалт тавих;
- ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг орон нутгийн саналд тулгуурлан зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болгох;
- уул уурхайн олборлох үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжид нийлүүлдэг байх;
- улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших;
- техник-эдийн засгийн үндэслэлээр ашиггүй нь тогтоогдсон, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахгүй байх зарчмыг баримтлах;
- нөхөн сэргээлтийг стандартын түвшинд хийж чадах санхүүгийн баталгаа гаргасан аж ахуйн нэгжид ордыг ашиглах эрхийг олгодог болох;
- Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхойлолтыг судалгаанд үндэслэн боловсронгуй болгож, эрчим хүчний болон коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэргийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ангилалд оруулсан тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэх;
- геологийн хувьд нэгдмэл тогтоцтой ордуудын ашиглалтыг иж бүрнээр нэгдсэн байдлаар олборлох бодлого баримтлах.
- эрдэс баялгийн экспортыг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх;
- уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдэд үндэсний аж ахуйн нэгжүүд давуу эрхээр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтад оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд давуу эрхийн хувьцаа олгоно;
- алтны олборлолт, хадгалалт, борлуулалтыг ил тод болгох;
- бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах;
- олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга болон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлэх;
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх;
- байгалийн нөөцийн эдийн засгийн статистикийг шинэчилж, улсын эдийн засаг, санхүүд эрдэс баялгийн салбарын үзүүлж байгаа нөлөөллийн үзүүлэлтийг системтэй тооцоолох аргачлалыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох;
- эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттай багасгах, түүнчлэн экспортолж байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн шат дараатай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлах;
- Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих;
- гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах. уул, уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх;
- Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна. Улмаар Таван толгойн орд газрыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааг худалдах ажлыг Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу зохион байгуулна.
- тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх;
- байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, эвдрэлд орсон талбайн тооллого хийж буруутай этгээдээр нөхөн сэргээлгэж, цаашид нөхөн сэргээлтийн зардлыг улсын төсвийн тусгай санд байршуулдаг болгох;
- уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэн хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор хөхиүлэн дэмжих.
Уул уурхайн салбараас эдийн засгийн хамаарах хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгох нь эдийн засгийн бодлогын тэргүүлэх зорилт байна.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эдийн засгаа солонгоруулах бодлогыг дараах долоон чиглэлээр явуулна:
1.Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
- уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулах;
- Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг болох;
- “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах;
- “Чойр”, “Баганхангай” ложистик төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулах;
- уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоо, манлайлалтай боловсруулан хэрэгжүүлэх. Уул уурхайн салбарын экспортын орлогын тодорхой хэсгээс уул уурхайн бус экспортын хөгжлийн сан байгуулна.
- Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүлээсэн үүргийн дагуу гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах асуудлыг шийдвэрлэх
- барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлах;
- сэргээгдэх эрчим хүчний бодлогыг татварын орчноор хөхиүлэн дэмжиж гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- эдийн засгийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний суурь дэд бүтцийг бий болгох зорилгоор ДЦС-5-ыг барьж, ДЦС-4-ийг 100 МВт-р өргөтгөх;
- баруун бүсийн нүүрсний ордуудыг түшиглэн 60-100 МВт-ын дунд чадлын цахилгаан станц барих;
- Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг дамжуулах дэд бүтцийг шинэчлэх;
- дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох.
2.Ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого
- ноолуурын салбарын зээлийн санг 300 тэрбум, арьс ширний салбарын зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санг 100 тэрбум төгрөгт хүргэх;
- малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох;
- Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын гадна байгаль орчинд ээлтэй, хаягдлаа бүрэн боловсруулах чадвартай арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих.
3.Уламжлалт мал аж ахуй, мах, сүүний
чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
- малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хамруулах замаар олон улсын стандартын дагуу мал сүргийг бүртгэж даатгах;
- хангайн бүсийн аймгуудад өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, говь хээрийн бүсэд өндөр ашиг шимт хонь, ямааны аж ахуйг дэмжиж, тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх;
- малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий хөдөө аж ахуйн биржийг байгуулах;
- Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 150 саяаас доошгүй, аймаг, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг 3 тэрбумаас доошгүй, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн эх үүсвэрийг 500 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулах;
- эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуй эрхэлж байгаа аж ахуйг дэмжих зээлийн санг 50 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулах;
- газар тариалан, фермерийн бүс нутгийг түшиглэн хуурай сүү боловсруулах үйлдвэр, аймгуудад цөцгийн тос болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг дэмжих;
- мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор махны нийлүүлэлтийн шинэ тогтолцоог бүрдүүлэх;
- “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлэг, үржлийн төрийн үйлчилгээний албыг бүх сумд бэхжүүлэх.
4.Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого
- аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх;
- Монгол Улсын байгалийн үнэт баялаг болсон хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хязгаарлаж, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх;
- •аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх;
- •аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор зах зээлийн эрэлтэд нийцсэн парк, музей, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг дэмжих;
- •аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу нийтийн ариун цэврийн газар, иж бүрэн үйлчилгээ бүхий түр буудаллах цэг байгуулахыг дэмжих;
- Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх;
- говийн аялал жуулчлалын бүс, Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсийг холбосон дэд бүтэц байгуулах;
- аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлэх;
- Улаанбаатар хот, говийн аймгуудад үлэг гүрвэлийн цогцолбор музей, палеонтологийн лабораторийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах;
- орон нутагт Аяллын төвүүдийг байгуулж тухайн нутгийн үзмэр, бизнес, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах түшиц болгон ашиглах.
5.Өндөр технологи, био, нано, мэдээллийн
технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
- •их, дээд сургуулиудыг түшиглэн өндөр технологийг дэмжих сургалтын тогтолцоо бий болгож, өндөр технологийн салбарт суралцагсдын тоог нэмэгдүүлэн, гадаад орнуудтай багш солилцох ажлыг өргөжүүлэх. Энэ чиглэлд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хангана.
- шинжлэх ухааны бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн сангаас олгох хөрөнгийг их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилдаг болох;
- мэдээлэл холбоо, нано, биотехнологийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлж, эдгээр мэргэжлээр 300-гаас доошгүй оюутныг дэлхийн шилдэг сургуулиудад оюутан солилцоогоор сургах;
- төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.
6.Импортыг орлох экспортын бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг дэмжих бодлого
- импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, төмс, хүнсний ногоо, сүү, өндөгний хэрэгцээг дотооддоо хангадаг болох;
- Тариаланг дэмжих сангийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо бүхий корпораци болгон зохион байгуулах;
- баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж, бүсийн гурилын хэрэгцээгээ хангадаг болох;
- хүнсний ногооны тариалалт, хураалтыг механикжуулж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах;
- хүнсний нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах;
аймгуудад усалгаатай газар тариаланг сэргээж дэмжих;
- боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсад олборлож байгаа ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрт эхний ээлжид нийлүүлдэг болох;
- Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт тусгасны дагуу газрын тос боловсруулах үйлдвэр барьж, боловсруулах үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон үйлдвэрийн байршлыг оновчтой тогтоох;
- газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг бий болгох;
- шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барих;
- төрөөс нүүрсний салбарт баримтлах бодлогыг тодорхойлох;
- нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгааг хийх;
- хийн түлшний аюулгүйн ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хийн түлшний тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд тавих стандарт, нормыг сайжруулах.
7.Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого
- Үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж, тус салбарын хэмжээнд мөрдөх стандарт, ёс зүйн дүрэм, үйлчилгээний зэрэглэл, тарифын зохицуулалтыг батлах эрх олгох.
Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
- •аж үйлдвэрийн болон экологийн тэргүүлэх хөгжлийн бүсүүдийг тогтоож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
- •Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан төмөр замыг барьж байгуулах ;
- аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах;
- Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замыг бүрэн шинэчлэх;
- Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзварыг шаардлагатай газарт барьж байгуулах;
- транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах;
- Улаанбайшинт-Өлгий-Ховд-Ярант, Ховд-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад оруулах;
- Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулах;
- далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх;
- Хөшигтийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгох;
- агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх;
- “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах;
- автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэн автотээврийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах төв байгуулах;
- олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг Замын-Үүд, Алтанбулаг, Улаанбаатар хотод байгуулах;
- “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, гурав дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтэц (нийт 3600 орчим км)-ийн судалгааг дуусгах;
- далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, тухайн салбарт үндэсний ажилтан, мэргэжилтнүүдийг ажиллуулах арга хэмжээ авах;
- “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах. Нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ;
- бүх аймгийн төв болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөх;
- хот, суурин газрыг иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотойгоор асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн дүрэмтэй болгох;
- иргэдийн оролцоотойгоор хотын дахин төлөвлөлтийг хийж, гэр хорооллын цахилгаан, цэвэр ус, авто замын асуудлыг нэгдсэн байдлаар, бусад дэд бүтцийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх замаар Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хот, аймаг, суманд хэрэгжүүлэх;
- аймаг бүрд “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх;
- барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн канад стандартыг нэвтрүүлж, шинээр барих барилгын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгах;
- аймгийн төвд төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын орчныг утасгүй интернетийн бүсэд хамруулах;
- иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх;
- нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх;
- төв, суурин газарт эдийн засгийн үр ашгийг нь харгалзан дулаан хангамжийн төвлөрсөн болон бие даасан систем бий болгох;
- хотуудын усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулна. Усыг зүй зохистой ашиглах бодлого явуулна;
- аймаг, сумын төвийн ногоон байгууламжтай талбайг хоёр дахин нэмэгдүүлэх;
- аймгуудын нэгдсэн захыг эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийн жишигт нийцсэн худалдааны төв болгох;
- аймгуудын төвийг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлэх;
- аймгийн төвийн иргэдийн амьдрах ая тухтай, эрүүл орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулж, хэрэгцээний халуун усны системийг бүрдүүлэх;
- бүх аймгийн төвд кинотеатр, усан бассейн бүхий үйлчилгээний цогцолбор байгуулах;
- аймгийн эмнэлгүүдийг орчин үеийн оношлогооны төвтэй болгох;
- аймаг, нийслэл, дүүрэгт усан сан бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага, хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
- “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх;
- дулаан алдагдал багатай барилгын технологийг нэвтрүүлж, дулаалгын материалд монгол хонины ноос ашиглах үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- сумдад дэд бүтэц барьж байгуулах ажлыг дэмжиж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулах.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлого
- хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан бүтцийг нэгтгэн зохион байгуулах;
- “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж 150000 хүний ажлын байр шинээр бий болгох;
- залуучууд болон 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдийг ажлын байраар хангах хүрээнд:
- oажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх;
- oажил хайж байгаа иргэнийг дахин сургалтад хамруулах;
- oнөхөрлөл, хоршоо байгуулахыг бүх талаар дэмжих;
- oхот, суурингаас хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажил эрхлэх санаачилгыг дэмжих бодлого явуулж, зохион байгуулах.
- ажлын байр бий болгох зорилго бүхий Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх;
- бүх сум, дүүрэгт ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн биет болон онлайн сүлжээг нэвтрүүлэх
Нийгмийн хамгааллын бодлого
- эх /эцэг/ нь төрүүлсэн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхдийг гурван нас хүртэл өөрөө асран хүмүүжүүлэх тэтгэмж, дэмжлэгийн эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлэх;
- олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх;
- 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон буюу 1995 оноос өмнөх ажилласан жил, авсан цалингаасаа тооцож тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах;
- зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх;
- хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэгт байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлэх, энэ зорилгод өөрсдийн оролцоог нь дэмжих;
- монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай сан байгуулах асуудлыг судлаж шийдвэрлэх;
- өндөр настны асрамжийн төв байгуулах хувийн хэвшлийн санаачnлгыг дэмжих;
- хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх;
- хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэх;
- нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, бодит цалин хөлсний өсөлт, амьжиргааны доод түвшинг харгалзан жил бүр шинэчлэн тогтоох;
- нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оролцогч талуудад нээлттэй мэдээллийн сан бий болгох;
- орон сууц, сургууль болон үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг байгуулах;
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогыг нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг хөгжлийн бүх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх.
хоёр.Эрүүл чийрэг монгол хүн
Шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан,олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ,үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт мөн.
Энэхүү зорилтыг хангах үүднээс дараах бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
- иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх;
- эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх;
- орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дэмжлэг үзүүлэх;
- импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хийх;
- монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах.
Дээрх шинэчлэлийг үр дүнд хүргэх зорилгоор дараах ажлыг зохион байгуулна:
- эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэдтав дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;
- эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, даатгалын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх;
- оношлогоо, эмчилгээний чанарын хяналтын үнэлгээг үндэслэн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг тарифийн ялгаваргүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх;
- өрхийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх;
- эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг төрийн албаны бүтцээс гаргаж, нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүдийн санхүүгийн бие даасан үйл ажиллагааг хангаж, эмч, сувилагчдын ажлын ачаалал, ур чадварт суурилсан цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;
- эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох;
- иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
- телемедицины үндэсний сүлжээ байгуулж, зайн оношлогоог өргөтгөх;
- эмнэлгийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээ бий болгож, алсын дуудлагад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлж, явуулын болон сэхээн амьдруулах тасгуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
- нэг сувилагчид ногдохөвчтөний тоог олон улсын жишигт хүргэж өвчтөнд үйлчлэх асаргаа, сувилгааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
- анагаахын боловсрол олгох, мэргэшил дээшлүүлэх, нарийн мэргэшлийн эмчийг дотоод, гадаадад бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;
- эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
- төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар оношлогооны томоохон төвийг байгуулж, эх орондоо бүрэн оношлуулах нөхцөлийг бүрдүүлэх;
- уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан эмчилгээ, сувилгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлж, рашаан сувиллын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
- орчин үеийн эмийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, уламжлалт эм, тангийн үйлдвэрлэлийг өргөтгөх;
- эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнийг гурван жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хамруулах;
- “Эрүүл хот, сургууль, цэцэрлэг, хотын эрүүл мэнд” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
ГУРАВ.ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН
Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно.
Монгол соёл, өв уламжлал, их спорт, биеийн тамирыг хөгжүүлж Монгол эх орноо дэлхийд данстай байлгана.
Энэ зорилгоор дараах шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- их, дээд сургуулийн тоог бус чанарыг чухалчилж, шинэ стандарт мөрдүүлснээр их, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх;
- өндөр хөгжилтэй оронд оюутан сургах тогтолцоог шинэчлэх;
- мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг ажлын байртай шууд холбодог тогтолцоонд шилжих;
- ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх;
- монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Монгол Улсын нэрийг дэлхийд гаргадаг соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох.
Дээрх зорилго, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлэх;
- эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох;
- цэцэрлэг, сургуулийн удирдлага болон эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм, арга зүйн зөвлөмжтэй болгох;
- орон нутагт гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлэх;
- “Үдийн цай” хөтөлбөрийг чанаржуулах;
- сургуулийн бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлж нөхцөлийг сайжруулах;
- мэдээллийн технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглаж, сурах бичиг, видео хичээл, танин мэдэхүйн цахим хуудас нээж ажиллуулах;
- боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл, туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулах;
- ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөн, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- багш бэлтгэдэг сургуулиудад тавих шаардлага, стандартыг өндөржүүлж, багшийн сургуульд элсэх босгыг дээшлүүлэх;
- мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх;
- мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа сурагчдын сургалтын тэтгэлгийг бууруулахгүйгээр суралцах сонирхлыг дэмжиж ажиллах;
- чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжих;
- инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжих;
- их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх;
- багш, инженер бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжих;
- боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх;
- сургалтын технологийн хөгжил, санал санаачилгыг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий боловсролыг дэмжих үндэсний сан бий болгох;
- “Өрсөлдөх чадвартай монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх. Судалгааны үндсэн дээр монголын хөгжилд тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн дэлхийн шилдэг сургуулиудад 300 оюутан сургана;
- хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх;
- үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх;
- улсынхаа нэрийг олимп, дэлхийн хэмжээнд гаргасан тамирчдын амьдралын баталгааг хангах бодлогыг хэрэгжүүлснээр их спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоог нэмэгдүүлэх;
- соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах;
- соёлын байгууллагын барилга, байгууламжийг стандарттай болгож шаардлагатай музей, театрын барилгыг шинээр барьж байгуулах;
- түүх, палеонтологи, археологийн олдворыг онцгойлон хадгалж хамгаалах;
- дэлхийн Монгол соёл судлалын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжих;
- соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх;
- соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргаж, улсын нэгдсэн бүртгэлийн цахим мэдээллийг хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын дотоод сүлжээтэй холбох;
- биеийн тамир, спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих замаар боловсронгуй болгож, Оюутны их наадмыг 2013 онд, Монголын бүх ард түмний спортын XIҮ их наадмыг 2014 онд, Хүүхдийн спортын их наадмыг 2016 онд тус тус бэлтгэн зохион байгуулах;
- спортын судалгаа, шинжилгээний ажлыг эрхлэн гүйцэтгэх бүтэц байгуулж, биеийн тамир, спортыг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэх;
- бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн, цагийг нэмэгдүүлэх, секцийн цагийн хөлсийг олгох, идэвхтэн дасгалжуулагчтай байхыг дэмжих;
- сургуулийн өмнөх боловсролд зориулан хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах.
ДӨРӨВ.АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН
Эдийн засгийн өсөлтийг хангахаас гадна байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, байгалийн нөөцийг тогтвортой ашиглаж, нөхөн сэргээж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах замаар нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого нь ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдаж, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг байх нь энэ хүрээний гол зорилт болно.
Энэ зорилгоор дараах шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
- ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох;
- байгаль орчны асуудал эрхэлсэн яамыг үндсэн чиг үүргийн яам болгон өөрчлөх;
- Улаанбаатар хотын утаа, хог, түгжрэлтэй тэмцэх цогц шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх;
- “Амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- газрын харилцааны шинэчлэл хийх;
- аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
- хаягжилтын шинэчлэлийг хийх;
- сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
- “Туул гол” хөтөлбөр хэрэгжүүлэх.
Дээрх зорилт, шинэчлэлийг хэрэгжүүлэх үүднээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн, “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгох;
- орон нутаг дахь иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргах;
- хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхт болон химийн хорт бодисын хэрэглээг багасгаж, онцгой хорт бодис худалдах, ашиглах, тээвэрлэх, хадгалах, импортлоход тавих хяналтыг хүчтэй болгох;
- томоохон гол, мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усан сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангах. Хөв цөөрмүүдийг байгуулна;
- гол, мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, усны менежментийн цогц бодлогыг хэрэгжүүлэх;
- улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх;
- ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтрүүлэх;
- устах аюулд орж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлэх;
- уул уурхайн нөхөн сэргээлтэд “дүйцүүлэн хамгаалах” механизмыг нэвтрүүлэх;
- байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх;
- уул уурхай болон бусад томоохон төслийг санхүүжүүлэгч банкуудтай ногоон хөгжлийн бодлогыг холбох механизмыг бий болгох;
- үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэх;
- хатуу хог хаягдлыг ангилан дахин боловсруулж ашиглах;
- цөлжилтөөс сэргийлж, бэлчээрийн талхлалтыг бууруулах зорилгоор бэлчээр, усны цогц бодлогыг хэрэгжүүлэх;
- цөлжилтийн явц /эрчим/-ыг хянах нэгдсэн сүлжээ байгуулж, цөлжилтөд өртсөн нутагт цөлжилттэй тэмцэх ногоон ажлын байр бий болгох замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
- органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх эдийн засаг, санхүү банкны тааламжтай орчныг бүрдүүлж, Органик монгол үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
- байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах замаар бага нүүрстөрөгч бүхий нийгэмд шилжих ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх.
Батлан хамгаалах бодлого
Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, урт, дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх замаар Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжлийн шинэ шатанд гаргана.
- батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан төрийн батлан хамгаалах бодлогыг шинэчлэх;
- батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх;
- зэвсэгт хүчний нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчинтэй болох;
- хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэглэл, техникийг нэвтрүүлэх;
- зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлж, үндэсний байнгын хүчний тогтолцоо бүрдүүлэх;
- иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх. Зэвсэгт хүчинд эх оронч үзэл, хүмүүжил, хүний хөгжил, төлөвшлийн орчныг бүрдүүлнэ;
- •цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулах;
- •цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах.
Гадаад харилцаа
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж, дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд оновчтой оролцож, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчилж, эх орноо гадаадад сурталчилан таниулах ажлыг эрчимжүүлнэ.
- төрийн гадаад бодлого нэгдмэл байх, Засгийн газрын байгууллагуудын гадаад бодлого, гадаад харилцаа харилцан зохицуулалттай байх зарчмыг хэрэгжүүлэх;
- ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш улс, холбоодтой стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх;
- Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцоогоо өргөжүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад бодитой ахиц гаргах;
- ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй үргэлжлүүлэх;
- Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор сан байгуулж ажиллуулах;
- Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
- Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах;
- Монгол Улсын хөгжил, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Монгол судлалыг дэмжих ажлыг эрчимжүүлэх;
- хил орчмын худалдааг дэмжиж, орон нутгийн иргэд түр хугацаагаар хил нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх;
- гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах;
- гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, эх хэл, соёлоо сурах, нутагтаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
- гадаад улсад амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг төрөөс дэмжих
Нийгмийн аюулгүй байдал
- аюулгүй байдлыг хангах байгууллагын хүч хэрэгсэл, техник хангамжийг сайжруулж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх;
- Монгол Улсын эдийн засаг, байгаль экологийн аюулгүй байдлыг хангахад аюулгүй байдлыг хангах байгууллагын оролцоог нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргахад мэдээллийн бодит дэмжлэг үзүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, үйл ажиллагаатай тэмцэх ажлыг идэвхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
- цахим аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
- ган, зудаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож, бэлэн байдлын нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох. Газар хөдлөлт болон бусад гамшгийн мэдээлэл, судалгааны газрын хүчин чадал, техник, технологийг шинэчилнэ;
- Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглоно;
- цөмийн энергийн чиглэлээр явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр “Шар нунтаг”-аас цааш үргэлжлэхгүй байхыг хуульчлан тогтоох;
- стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжих;
- малын хулгайтай тэмцэх асуудлын хүрээнд байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллууланүнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоо бүрдүүлэх;
- хар тамхи, хүний болон зэвсгийн наймааны гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тусгай боловсон хүчин бэлтгэх, гадаад улсын туршлага судлах, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах;
- “Архигүй монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ:
- спиртийн үйлдвэрлэлд тавих төрийн хяналтыг нэмэгдүүлэх;
- архидалт зохион байгуулдаг явдлыг таслан зогсоож, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжих;
- төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хуулиар хориглох;
- архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй Эрүүл идэвхтэй амьдралын клубыг аймаг, дүүрэг, сумдад байгуулахыг дэмжих;
- согтууруулах ундааны хатуулаг болон савлагааны хэмжээг бууруулах бодлого баримтлах;
- өндөр хатуулагтай согтууруулах ундааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх.
ТАВ.ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН
Төр засгийг түмэн олондоо тунгалаг, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг бий болгож, улмаар төрийн албыг нийтийн алба, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон үндсээр нь өөрчилж, хууль дээдлэн, хүн бүр эрх тэгш, эх орондоо, аймаг, хотдоо сайхан амьдрах нийгмийг цогцлооход энэ чиглэлийн эрхэм зорилго оршино.
Энэ зорилгоор дараах шинэчлэлийг хэрэгжүүлнэ:
- төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах;
- төрийн албыг нийтийн алба болгон өөрчлөх;
- улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх;
- Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох;
- Зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах;
- Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн зөвхөн нэг цонхоор, нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгууллагууд хоорондоо харьцах замаар иргэдэд үйлчлэх;
- төрийн үйлчилгээ хүргэж байгаа төрийн байгууллага хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцох зарчмыг шинээр нэвтрүүлэх;
- Европын Холбоо, АНУ, ISO-ийн стандартыг хангасан бүтээгдэхүүнд шууд зөвшөөрөл олгодог болох;
- мэдээллийн технологийг ашиглан цаасаар үйлддэг шат дамжлагыг 50 хувиар бууруулах;
- бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх;
- “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах;
- шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцооны шинэчлэлт хийх.
Дээрх зорилт, шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- дотоод хэргийн чиг үүрэг давамгайлсан байдлыг халах замаар Хууль зүйн яамны чиг үүрэг, зохион байгуулалтыг өөрчлөн боловсронгуй болгож, хууль зүйн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй, хүний эрх, эрх зүйт ёсны зарчимд нийцүүлэх механизмыг бий болгох;
- төрийн албан тушаалтны эрх мэдлийг тодорхойлсон хууль зүйн бодлогыг өөрчилж, төрийн албыг нийтийн эрх ашгийг хамгаалж, иргэнд үйлчлэх нийтийн алба, иргэний алба болгон шинэчлэх;
- төрийн үйл ажиллагаанд иргэд бүхий л хэлбэрээр оролцдог байх бололцоог эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх;
- Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох;
- төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болох;
- гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
- хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг хуульчдын ажил, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгуурын гол үзүүлэлт болгох;
- ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, авлига, албан тушаалын болон шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох;
- иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд олгож иргэний үндсэн эрхийн баталгааг сайжруулах;
- хууль зүйн мэргэжлийн болон иргэний боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, мэргэжлийн хуульч бэлтгэх тогтолцоог шинэ шатанд гаргах. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ;
- хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг байгуулж чадавхжуулах;
- иргэдэд өдөр тутам үйлчилдэг нийтийн албан хаагчдыг иргэд өөрсдөө үнэлдэг тогтолцоонд оруулж, цалин хангамжийг ажлын бүтээмжтэй уялдуулан тооцож, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
- авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, нийтийн албаны үйл ажиллагааг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, алагчлалгүй, шударга, хүртэмжтэй болгох;
- Удирдлагын академийг нийтийн албан хаагчдын үргэлжилсэн сургалтын байгууллага болгон өөрчлөх;
- залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Засгийн газрын Үндэсний хороог байгуулах;
- нийтэд тустай үйл ажиллагааны тухай хууль батлуулж, иргэний нийгмийн байгууллагын санхүүжилтийн шинэ хувилбаруудыг бий болгох;
- төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх;
- нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжих;
- судалгаа, шинжилгээний ажлыг их, дээд сургууль болон бодлогын институт дээр төвлөрүүлж, Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилтийг энэ зорилготой уялдуулах;
- салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох;
- шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох;
- шүүхийг тойргийн тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулахтай уялдуулан прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх;
- шүүхэд мөрдөн байцаалтын шатны шүүгчийн бүтцийг бий болгож, хүний эрхийн баталгааг дээшлүүлэх;
- шүүн таслах ажиллагааг захиргааны үйл ажиллагаанаас тусгаарлаж, шүүхийн захиргааг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- шүүх, шүүгчийн хамгаалалт, шүүгдэгчийг албадан авчрах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, хорихоос оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хуяглан хүргэх зэрэг чиг үүрэг бүхий тусгай албыг бий болгож, эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ялгавартай зохион байгуулах;
- прокурорын байгууллагын хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессын маргаан шийдвэрлэх чиг үүргийг шүүхэд шилжүүлэх;
- захиргааны болон эрүүгийн зөрчлийг бүртгэх нэгдсэн сан бий болгож, эргүүлийн цагдаа, хилийн алба, татвар, бусад мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх;
- мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүх, ийн шинжилгээний бүтцийг бий болгох;
- цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх мэргэшсэн нэгж байгуулах;
- цагдаагийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг орон нутгийн эрх мэдлийн түвшинд зохион байгуулах;
- хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувь эзэмшил, орлогыг ил тод болгож, хэвлэлийн байгууллагуудын бие даасан байдлыг дээшлүүлж, иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах;
- захиргааны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийг батлуулж, нийтийн захиргааг мэргэшүүлэх, хариуцлагажуулах механизмыг бий болгох;
- шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хэрэгжилтийг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээг цогцоор нь төлөвлөж шийдвэрлэх;
- шүүхээс гадуур хүний эрхийг хязгаарлаж, эрүүгийн хэргийг байцаан шалгадаг тогтолцоог халж, шүүхийн хяналтын дор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох;
- хээл хахууль, шан харамжийг ялгамжтай зохицуулж, хахууль өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хөнгөлөх асуудлыг хуульчлах.
Засгийн газар нь 2012-2016 оны үйл ажиллагааны энэхүү хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн замаар үйл ажиллагаагаа зохион байгуулж, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, зорилгуудыг хэрэгжүүлснээр ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах монгол хүнээ дэмжин ажиллана.
МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ МАНДАН БАДРАГ!
No comments:
Post a Comment