Friday, January 22, 2010

Хэрээ

80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа. - Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад - "Хэрээ гэдэг юм" гэж хүү хэллээ.
 Хэсэг хугацааны дараа эцэг нь хүүгээсээ 2 дахь удаагаа - Энэ юу вэ? гэхэд хүү нь - Ааваа "Энийг хэрээ гэдэг юм" гэж би танд хэлсэн шүү дээ гэв.
 Өвгөн 3 дахь удаагаа - "Энэ юу вэ?" гэж асуув. Энэ үед хүү нь "Үүнийг хэрээ, хэрээ гэдэг юм" хэмээн дуугаа өндөрсгөхөд түвэгшээсэн өнгө түүний дуунд илт мэдрэгдэж байлаа .
 Жаахан байзнаад аав нь "Энэ юу вэ?" хэмээн 4 дэх удаагаа асуултаа давтлаа. Энэ удаа хүү нь "Би танд олон удаа үүнийг хэрээ гэдэг юм гэж хэлээд байхад та ойлгохгүй яагаад нэг асуултыг дахин дахин асуугаад байгаа юм бэ?" хэмээн эцэг рүүгээ хашгичлаа.
 Эцэг нь өрөөрүүгээ ороод буцаж ирэхдээ хүүгээ төрсөнөөс хойш хөтлөж байсан өдрийн тэмдэглэлээ барьсан байлаа. Тэгээд нэг хуудасыг нь хүүгээ уншихыг хүсэв. Уг өдрийн тэмдэглэлд дараахи зүйл бичээтэй байлаа.
 "Өнөөдөр гурван настай хүү минь буйдан дээр надтай зэрэгцэн сууж байтал манай цонхон дээр нэгэн хэрээ ирж суулаа. Хүү минь 23н удаа "Энэ юу вэ?" хэмээн асуух бүрт нь би түүнд 23 удаа "Үүнийг хэрээ гэдэг юм" гэж хариулав. Хүү минь нэгэн ижил асуултыг 23н удаа асуух бүрт нь би хүүгээ энхрийлэн харж, гэнэн хонгор үрээ түвэгшээлгүйгээр хариулж, хайр энхрийлэл харин ч улам ихээр ундарч байлаа" гэсэн байв 

Урьдчилан дүгнэх нь

Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадахгүй, нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж унтдаг. Тэр үед нь хэн нэг нь мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд гэнэт орилж хашгиран хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй байдаг ч гэсэн заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна. Доктор ярьж дуусаад, оюутнуудаас ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув. Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв. Харин доктор өөрөө ийм нэгэн хүнийг сайн дураараа асардаг, мөн сэтгэл хангалуун байдгаа хэлж байв. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж хэлэхэд оюутнууд ихэд гайхаж байв. Доктор энэхүү хүнийхээ зургийг харуулахад зураг дээр түүний 6 сартай охин нь байв. Доктор хэлэхдээ “Хүн хүнээ сайн сонсоогүйгээс мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог юм” гэжээ. 

Тэнэг үү эсвэл ухаалаг уу

Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том юм байна.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв.

Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм” гэхэд Жон инээмсэглэн “анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгшй байсан юм” гэж хариулжээ.

Thursday, January 21, 2010

Сарнайн цэцэрлэг

….Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
….Сониуч зан минь хөтөлж түүнтэй уулзаад:
- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал,
- Та миний сарнайн цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье, гэлээ.
….Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:
- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнайн цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
….Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сайрнай байх нь тэр… Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “Та ард үлдсэн цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм.
….Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:
- Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хангийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд зөвхөн энэ л сарнай байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.
….Тэр надад:
- Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

Зорилгодоо хүрсэн мэлхий

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон -Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

Ид шид ямар үнэтэй вэ

Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Сэлли охин нэг удаа аавынхаа “Хүүд минь одоо ид шид л туслана даа” гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон Сэлли охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуудаг бяцхан гахайгаа хага цохиод байгаа бүх мөнгөө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст
Эмийн санч:
- Охин минь, чамд юугаар туслах вэ? Хурдхан шиг хэлээрэй, ах нь чиний ард буй ноёнтонд бас үйлчлэх хэрэгтэй байна гэлээ.
Охины ард гоёмсог хослол өмссөн нэгэн ноёнтон байлаа.
Сэлли охин:
- Надад ид шид хэрэгтэй байна гэлээ.
Эмийн санч:
- Охин минь энд ид шид зардаггүй. Чамд тийм их хэрэг болоо юу? Тусалж чадахгүй нь дээ гэлээ.
Охин:
- Та надад ид шид өгөөч. Надад тун их хэрэгтэй байна. Манай дүү хүнд өвчтэй гэртээ байгаа л даа. Дүүд маань ид шид л туслана гэж аав хэлсэн. Ид шид ямар үнэтэй юм бэ? Би худалдаж авъя . Надад хангалттай мөнгө байна гэж хармаандаа байгаа мөнгөө чанга атгасан хэвээрээ хэллээ.
Энэ үед охины ард зогсож байсан ноёнтон ярианд оролцож
- Чамд тэгээд хэр их мөнгө байгаа юм бэ дээ? гэв
Охин:
- 1 доллар 10 цент гэж хариуллаа.
Нөгөөх ноёнтон инээмсэглээд:
- Энэ мөнгө чинь тэгээд ид шид худалдаж авахад хүрнэ гэж бодож байна уу гэж асуухад
Охин:
- Яг хүрнэ гэж бодож байна ноёнтоон гэж итгэл төгс хариуллаа.
Ноёнтон “Яг зөв охин минь, наад мөнгө чинь ид шид худалдаж авахад хангалттай хүрнэ” гэж хариулаад нэг гартаа охиныг хөтлөн нөгөө гартаа мөнгөө барин охины гэр лүү явлаа.
Тэр гоёмсог хослолтой ноёнтон алдартай мэс засал Карл Амундсен гэж хүн байлаа.
Мэс засал амжилттай явагдаж бяцхан охины гэр баяр хөөрөөр дүүрлээ. Аав нь харин энэ үнэтэй мэс засал ямар үнэтэй хийгдсэнийг мэдэхгүй гайхашран суух тэр үед Сэлли охин хөөрхөн дүүгээ харан “Алтан гартай цагаан халаадтай энэ эмч нар чинь ёстой жинхэнэ ид шидтэнгүүд юм даа” хэмээн дотроо инээмсэглэн зогслоо. Мэс засал ямар үнэтэй байсныг ганцхан Сэлли охин мэдэж байсан бөгөөд мэс засал яг 1 доллар 10 центийн үнэтэй байлаа.

Дуулгавартай зан

Миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн өгсөн заавар, хүссэн зүйлийг баяртайгаар биелүүлэх
Модны нугасны дэгдээхэй эхийгээ дуудахад хальсаа хаглан гарч ирдэг. Yүний дараа эх нь үүрнээсээ доошоо үсэрэхийг шаардахад ч биелүүлдэг. Yүгээрээ тэд дуулгавартай байдлыг харуулж эхийгээ даган ойролцоох цөөрөм рүү явдаг.
Би үүнээс хойш
• миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн үгийг цаг тухайд нь даган биелүүлнэ.
• уриалгахан байна
• хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэд хийнэ
• гомдоллохгүй
• хийх ёстой зүйлээсээ илүү ихийг хийж байна.
“Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?” (Эх хүний хэлдэг үг)
“Хүний үгийг дуулгавартай дагаж сураагүй хүн хэзээ ч сайн захирагч байж чадахгүй гэдэг нь дамжиггүй үнэн үг юм” Аристотель
“Тушаал ёсоор гүйцэтгэе” (Цэрэг армийн хэллэг)
“Yүрэг хариуцлагаас мултрах арга олох амархан ч үүнийхээ үр дагавраас зайлсхийх арга даан ч үгүй юм” Иосиа Стэмп
Өгөөмөр сэтгэл
Эд зүйлсдээ ариг гамтай хандаж хэрэгцээтэй нэгэнд туслах
Хотон шувууны урт том хошуу нь загасыг чадварлаг барихад зориулагдсан байдаг. Yүнийхээ ачаар барьсан загасаараа зөвхөн өөрийгөө хооллоод зогсохгүй ангаахайгаа тэжээж өөр бусад шувуунд ч илүүчлэн өгөөмөр ханддаг байна.
Би үүнээс хойш
• байгаа бүхнээ бусадтай хуваалцана
• бусдад өгөхийн тулд эд зүйлсээ хадгалж хамгаална
• хариу горьдохгүйгээр бусдад тусалж байна
• цаг зав, авъяас чадвараа бусдад зориулна
• бусдын сайн сайхан чанарыг магтаж урам өгч байна.
“Бусдаас үргэлж авдаг хэрнээ хэзээ ч өгддөггүй хүн нь дотор нь орсон бүхнээ залгиад, эцэст нь тэр бүхнээ ялзруулж орхидог тогтоол устай агаар нэг юм” Жон А Жеимс
“Чадах бүхнээ хий. Хадгалж чадах бүхнээ хадгал. Өгч чадах бүхнээ өг” Жон Весли
“Цаг алдалгүй таслах нь өгөөмөр зангийн дээд хэлбэр юм” Бхартрихари (МЭ 100 он)
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусал (Монгол ардын зүйр цэцэн үг)
“Өгөөмөр занг ажил хэрэг болголгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн нь дархан хүний галын сэтгүүр лугаа адил бөгөөд тийм хүнийг амьсгалтай мөртлөө амьд гэж тооцоход хэцүү юм” (Санскрит зүйр үг)
Анхааралтай зан
Хүний ярьж байгаа зүйлд ухаан санаагаа бүрэн төвлөрүүлснээр тухайн хүнд хүндэтгэл үзүүлэх.
Цагаан сүүлт буга нь эргэн тойрондоо гарч буй ямар ч дуу чимээг нарийн сайн ялган сонсдог. Идээшилж байсан ч орчин тойронд нь аюул занал бий эсэхэд маш соргог, анхааралттай ханддаг ажээ.
Би үүнээс хойш
• хүмүүсийг надад хандан ярихад өөдөөс нь харах болно
• ойлгомжгүй зүйл байвал асууж тодруулна
• зөв сууж цэх зогсоно
• бусдын анхаарлыг өөртөө татахгүй
• ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа сарниулахгүй.
“Чамтай ярьж байхад нүд рүү минь харж бай” (Эх хүний хэлдэг үг)
“Агуу хүн болохын тулд сайн сонсогч байх хэрэгтэй” Артур Хелпс
“Олон хүн ам амандаа дуугарвал хэн чих тавин сонсдоггүй” (Шотланд ардын зүйн цэцэн үг)
“Мэргэн ухаан нь сонсохоос, гэмшил нь ярихаас” (Итали ардын зүйр үг)
Ууч сэтгэл
Сэтгэл сэвтээсэн хүний талаарх гомдлоо арилгаж, түүний эсрэг
муу санаа өвөрлөхгүй байх.
Хонь өөрийнх нь аминд аюул учирсан ч эргэж дайрдаггүйгээрээ ууч сэтгэлийг илтгэдэг. Мөн түүнчлэн хоньчин хүн сүргээсээ тасарсан хонио буцаан буй нь ч ууч сэтгэлийг харуулдаг байна.
Би үүнээс хойш
• бусдыг аль болох хурдан уучилж байна.
• өөрийн бурууг нуун далдлалгүй даруй уучлалт гуйна.
• бусдад хонзогнох сэтгэл өвөрлөхгүй.
• намайг гомдоосон хүмүүст эелдэг хандана.
• өрөөлийн өмнөөс өөр нэгэнд хонзогнохгүй.
“Хүмүүсийг үзэн ядах нь гэртээ орсон ганц хулганаас салахын тулд гэрээ бүхэлд нь шатаахтай адил юм” Харри Эмерсон Фосдик
“Өчигдрийн болсон явдлыг хэзээ ч өнөөдөр дахин бүү сөх” Ричард Х.Нэлсон
“Дайсандаа өгөх хамгийн эрхэм зүйл бол уучлал болой” Артур Жеймс Балфо
“Өшөө авалтаас татгалзаж, болсон явдлыг зүрх гарган уучлах сэтгэлтэй байхдаа л хүмүүний сүнс хамгийн хүчтэй байдаг аж

Хүн доторх хүн

Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъёо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг. Ингээд та өөрийгөө чамлаж өөртөө гомдож яагаад би ойлгодоггүй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж стресст ордог.

Энэ юуных вэ? Тэгвэл бүхнийг удирдагч бидний доторхи хүн маань энэ хичээлийг уншихыг хүсээгүй гэсэн үг. Яагаад гэвэл доторхи хүн өөр юм бодож байсан болоод тэр. Заримдаа бид юм бодож суухдаа бусдын хэлж буйг анзаардаггүйтэй адил шүү дээ. Тэгээд л бид дүнгийн төлөө бусдаас хичээлээ хуулаад өнгөрдөг ч сэтгэл тавгүй нэг л юманд санаа зовоод байх шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Энэ юу хэлээд байна вэ гэвэл доторхи хүн маань биднийг үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Хааяа бид 7 хоногийг маш их ачаалалтай өнгөрүүлж энгийн үед 30 хуудас унших гэж зовдог бол одоо бүр нэг номын хэмжээний зүйл судлах болох нь гэсэн төвөгшөөсөн бодол цухас бодогддог ч хийх гэсэн зүйлээ амжуулж чаддаг. Уг нь ийм бүтээлч чадвар бидэнд байдаг. Харин энэ чанар зарим үед яагаад алга болчихдог вэ? Хэрвээ бүтээлч сэтгэхүйгүй бол ямар үр дагавар ирэх бол гэж бодож байсан уу? Энэ асуулт танд нэгийг бодуулж хоёрыг мэдрүүлэх байх.
Хүмүүс өөрийнхөөрөө байх шиг сайхан юм байхгүй гэж ярьцгаадаг. Өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүнд хайртай болж түүнийхээ төлөө өөрийгөө өөрчлөх нь өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Аль эсвэл доторхи хүндээ итгэж захирагдаж байвал өөрийнхөөрөө байна гэсэн үг үү?
Энэ бүхний эцэст та, би ямар хүн бэ гэдгээ нэвтэрхий мэдэж дүгнэж чаддаг бил үү. Чаддаг бол доторхи хүнтэйгээ нэгдэн нэгэн махбодь оюун ухааны төгс нийлэмж болохоо мэдэрнэ. Хүмүүс доторхи хүнтэйгээ бүрэн ойлголцдоггүйн улмаас зөрчилд хүрдэг. Энэ зөрчлөөс гарахын тулд өдрийнхөө хэсэгхэн хормыг өөртөө зориулж дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадахгүй байгаа бол бясалгал хийх нь ярих чин хүслийг тань нээж өгнө. Дотоод зөрчил нь зүүд зөн совинтой холбоотой байдаг. Тийм учраас сэтгэл санаа хоёрдож хүсэл, ухаан хоёр зөрчилдөж байдаг. Энэ нь таны итгэл үнэмшлийг мохоож стресст хүргэдэг. Ийм дотоод зөрчилгүй байвал та өөрийгөө хөгжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхдээ өөрт байгаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэрч дотор хүнтэйгээ хамтран нэгэн сэтгэлээр өчүүхэн бага ч гэсэн идэвхи гаргавал агуу их амжилт таны өмнө байна. Амжилтаа мэдрэхийн хэрээр та санаа бодол, авъяас чадвараа зорилгодоо ашигласнаар амьдрахын утга учрыг ухан ойлгож гэгээрэхүйд хүрэх мөрөөдөл тань биелэх болно.
Та ч гэсэн тодорхой зорилготой байгаа биз. Тэгвэл яг одооноос өөрийн нөөц бололцоогоо ашиглан зорилгодоо хүрэх зорилт тавиад үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлээд үз. Ингэвэл таны чадварлаг эмч, эрдэмтэн болох гэсэн цаашдын зорилго ойрхон байгааг санаарай.
Хичээлээ хийж эхлэхдээ өөрийн доторхи хүнээ хичээл хийхэд бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ойлгохгүй нэг цаг уншсанаас ойлгоод таван минут уншсан нь илүү үр дүнтэй. Ийм учраас доторхи хүнийхээ тэхэхсэн ингэхсэн гэсэн хүслийг түр сатааруулж би яг одоо үүнийг л хийх ёстой гэж түүнтэй тохиролцон тэр зүйлдээ төвлөрөх хэрэгтэй. Ингэж оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх”-ээс хамгаалж чадвал ямар нэгэн бодох зүйлгүй хичээлээ хийх нөөц бололцоо ямар ч орчинд хангагдана. Хэрвээ тэр хичээлийг хийх дургүй байгаа бол яавал энэ хичээлд би сонирхолтой болох вэ гэдэгт аргумент дэвшүүлж чаддаг байх ёстой. Хүмүүс өөрийгөө сайхан амьдрахын тулд би сурч байна гэж боддог. Харин та сурахын тулд би зовж амьдардаг гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө өөрчилж чадвал мөрөөдөл аз жаргалдаа хүрэхэд тань хамгийн дөт зам байх болно.

Харахын тулд заавал нүд байх ёстой юу

Тэрээр гацаанд анх удаа ирж байгаа тул очоод газар мэдэхгүй ийш тийш харан зогсож байв. Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж байгаа жаалхүүгээс
- Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм л даа. Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хэлсэн юм.
Хүү машины цонхыг онгойлгон,
- Би ч гэсэн эндхийх биш л дээ. Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө хүн гайхан, хүүгээс яаж мэдсэнийг нь асуухад хүү инээмсэглэн,
- Далдуу модны анхилуун үнэрийг та үнэртэхгүй байна гэж үү ? Бас шувуудыг жиргээ тэр зүгээс сонсогдож байна гэв.
- Тиим л дээ, гэхдээ тэр анхилуун үнэр, шувуудын жиргээ цэцэрлэгээс бус, зүгээр нэг тэр хавьд ургасан ганц модноос үнэртэж байж болно шүү дээ!
- Ганц модноос ингэж үнэртэхгүй . Тэгээд ч замбага цэцэг бас үнэртэж байна. Та ч гэсэн сайн үзэх юм бол тэр зүгээс шинэхэн талхны үнэр ч бас ирж байна.
Нөгөө хүн нүдээ бага зэрэг анин сайтар үнэрлээд үнэхээр хүүгийн хэлсэнээр шинэхэн талхны үнэр үнэртэв. Тэгээд тэр хүүд баярласан талархсанаа илэрхийлэн мөнгөн дэвсгэрт гарган хүүд өгөхөөр сунгангаа жаал хүүгийн сохор болохыг анзаарчээ. Баярлаж талархсанаа илэрхийлж байсан хүний дуу гэнэт намжсанд хүү өөрийг нь сохор гэдгийг нөгөө хүн анзаарсныг мэдээд нүдээ нуун нөгөө тийш эргүүлэв. Тэгээд,
- Би гурван жилийн өмнө нэг осолд орсон юм. Дахин харахыг ямар их хүсдэг гээч ! Харин таны нүд эрүүл, та бүхнийг хардаг байх тийм үү ? Нөгөө хүн хүүгийн заасан зүг рүү явангаа,
- Харин одоо хардаг эсэхдээ итгэлтэй биш болчихлоо. Харин чамайг надаас илүү хардаг гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Аз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ.
Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ.

Гэхдээ “Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!” гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд “Ордоноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй” гэж анхааруулжээ. Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантай дээр эргэж ирэв. Мэргэн ухаантай “За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу?” гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ. Мэргэн “Тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир” гэв.
Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ.
Танилцаж дуусаад харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс “Чамд өгсөн халбагатай тос хаана байна?” гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантай хүүд хандан, “Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь “Халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ.” Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар юм.

Сүүний цаг

Хотын хамгийн үзэмжтэй сайхан барилгуудын хооронд орших нэгэн цэцэрлэгт нэг доголон муур амьдардаг байв. Төв гудамжны замбараагүй замын хөдөлгөөнд нэг хөлөө дайруулснаас хойш энд амьдрах болжээ.
Тэр хавийн хүмүүсийн хоолны үлдэгдэл энэ тэрээр хооллосоор бие нь овоо тэнхэрч удсан ч үгүй хэдэн хөөрхөн зулзага гаргажээ. Тэр муур зулзагануудаа ихэд энхрийлэн тэдний төлөө бүхнээ зориулдаг байлаа. Жижигхэн муужгайнууд ч хоорондоо эвтэй сүүгээ ээлж дараалан хөхөж өдөржин ноололдон наадна. Ингээд нилээд хугацаа өнгөрөхөд зулзаганууд ч өсөж том болцгоожээ.
Гэтэл нэгэн өдөр эх муур нэг зулзагатайгаа зэрэг зулзагалан эмээ болов. Эмээ болсон муур ач нараа хичнээн хайрладаг ч сүүнээсээ ерөөсөө өгдөггүй байлаа. Яг л сүүгээ өөр өөрийн ээжээс хөхөх ёстой гэсэн шиг. Гэтэл нэгэн өдөр тэр хавийн хүмүүс, эмээ муур ач нартаа сүүгээ өгч байхыг харлаа. Харин энэ үед ихэд өлссөн жижигхэн муужгайнууд өмнөхөн нь осолд орж нас барсан ээжийнхээ тухай юу ч мэдэхгүй байлаа.

ӨР

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:
- Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан:
- Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд:
Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан:
- Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би … гээд чимээгүй болов.
Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.
Өвгөн гунигтайгаар:
- Тавиад жилийн өмнө … гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар …
Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.
Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:
-Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг о надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

Амьдралын үнэ цэнэ

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.
Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа.
Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь:
Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй.
Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.

Сайныг сийлж үлдээ

Энэ түүх хоёр дотны найзын тухай өгүүлдэг юм.
Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ:
“Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан.”
Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ.
Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр “Намайг миний хамгийн сайн найз аварлаа” гэж бичжээ.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, “Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ” гэж асуухад нөгөөх нь:
“Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ”
“Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая.”
Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

Захидал

Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.
удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.
Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.
Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд:
* Талханд явах 200₮
* Хог асгах 300₮
* Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь 10000₮ болж байв.
“Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнхрүү хийв.
Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10000₮ -тэй цуг бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр “Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, өсгөн, хооллож, бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний хайр болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон энэ мөнгөө сайн сайхан зүйлд зориулаарай” гэсэн байлаа

Хэн нь баян бэ

Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ:
“За тэгээд замд явах таалагдав уу?” гэж асуухад хүү нь “Тийм ээ, маш их таалагдлаа.” гэж хариулжээ.
“Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?”
“Тиймээ”
“Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?”
“Манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.”
Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.
Төгсгөлд нь хүү, “Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа ааваа!” гэв

Цэцэрлэг

Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж, хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн, бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд ургадаг цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа.
Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.” Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан, эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй ажээ.
Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй.” гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод “Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог.” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв.
Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч, хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан, жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

Нэгэн хайрын түүх

Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.
Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров…
Түүнээс худалдан авч байсан бүх СД-нүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив…
Охин юуны учир уйлав…?
Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ны хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж…
Өгүүллэгийн сургамж: бүхнийг хувь тавиландаа бүү даатга, өөрөө тэмцэж бүтээ…

Сэгсрээд үсэр

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсанаас живсэнгүй.
Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв.
Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болхоор шороогоор дүүрэгцгээе гэв.
Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байжээ. Тиймээ ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргасанаар ийнхүү аврагдсан юм гэнэ.
Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л СЭГСРЭЭД ҮСЭР.

Сэтгэл нэг бол

Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг л нэг доллар наян долоон ццент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент байв. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай өмгөр өрөөнд амьдардаг байжээ. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу ажээ. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.
Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар наян долоон цент л байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын өмнөөс л юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч энэ нь ямарч бэлэг авахад хүрхээргүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20секүүндийн дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг байлаа. Нэг нь Жимийн өвөг дээдсээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг даган урсах урт үс байлаа. Деллагийн алтан шаргал үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл урсаж, ар нурууг хучив. Агшин зуур тээнэглзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унав. Нулимсаа хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарав. “ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нийлээн барьж, харж үзснээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс, сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинжийг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. Сэтгэлээр унасангүй… яагаад гэвэл тэр хо ёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа…

Үзэгдэх орчноороо битгий сэтгээч…

…Худгийн мэлхий, нуурын мэлхий хоёр уулзажээ гэж эхэлдэг билүү дээ. Нэг жижигхэн сургамжит өгүүллэг байдаг шиг санагдаж байна. Тэр өгүүллэг дээр нуурын мэлхий өөрийнхөө амьдардаг нуурын тухай нөгөө худгийн мэлхийдээ ярьж л дээ. Гэтэл худгийн мэлхий түүний яриад байгаа нуур гэдэг зүйлийг үнэхээр тийм их устай гэдэгт итгэсэнгүй. Түүгээрч зогсохгүй нуурын мэлхийн ярьж буй болгонд эргэлзэж, өөрт таалагдаагүй болгоныг үгүйсгэжээ. Учир нь худгийн мэлхий худгаасаа огт гарч үзээгүй бөгөөд өөрийгөө хамгийн их усанд амьдардаг мэлхий гэж итгэдэг аж. Энэ өгүүллэг цаашаа яаж үргэлжилдэгийг санахгүй байна. Гэхдээ энэ өгүүллэгийн энэ хэсгээс би юу ойлгож авсан бэ гэвэл “ үзэгдэх орчноороо сэтгэх нь өрөөсгөл юм байна” гэдгийг сайтар мэдэж авсан.
Цаг хугацаа өнгөрч ажил төрөл хийж, олон олон аавын хүүтэй анд нөхөд аль эсвэл атаат дайсан бололцож явлаа. Энэ хооронд би бас юуг мэдсэн бэ гэвэл “ жижигхэн орчинтой хүмүүс жижигхэн л сэтгэдэг юм байна” гэдгийг ойлгож авсан. Энэ ойлгоц маань дээр дурдсан мэлхийнүүдийн тухай өгүүллэгээс ойлгож авсан ойлгоцыг минь улам л бататгаад байх шиг.
Зуун хувь төгс хүн гэж юу байхав. Цагаа тулхаар бурхад ч тийм төгс биш. Харин хүний амьдралын зам мөр уудам байх тусмаа, хүний сэтгэл уужим байх тусмаа, хүний оюун ухаан саруул байх тусмаа энэ орчлон хорвоо илүү гэрэл гэгээтэй сайхан байдгийг мэдэх үү. Жижигхэн бачим бодолдоо тархиа хүлчихээд явж байгаа хүний харц нь хүртэл сүр сүлдгүй байдаг биз дээ. Тэр тусмаа залуу хүн бидний хувьд өчүүхэн сэтгэхүй шиг хэрэггүй зүйл алга даа. Монгол залуу хүн бидний зүрх дэврүүн, өөдрөг, омголон байх энэ цаг үедээ л бид хийнэ. Тэрнээс хойшхи насандаа бид сайнаар хэлвэл хашир, саараар хэлвэл муу санаатай гэх ангилалд хамаарах тул биднээс нэг их олигтой юм гарахгүйл болов уу. Өнөөдөр бид нар том ярина уу, том хөдөлнө үү бидний эрх. Ийм сэтгэхүй зөвхөн залуу хүнд л байдаг зүйл. Тэр болгоныг нухчин дархыг ородогч, үймүүлэн хорлогч, хорон үгээр амаа билүүдэгч увайгүй, аймхай, арчаагүй зантнууд сөнөтүгэй.

Эцэг

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өндөөдөр их хүнд өдөр байлаа.” Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

Болзоо

Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ Генерал Грантын төмөр замын төвбуудлын орой дээр байрлуулсан том дугираг цагийн зүү зургаан цагт зургаан минут дутуу болохыг зааж байлаа. Өндөр нуруутай, наранд түлэгдэж борлосон хүрэн царайтай армийн залуу дэслэгч галт тэрэгнээс дөнгөж буугаад цаг яг хэд болж байгааг харахаар мөнөөх цаг уруу харав.
Дэслэгч Брандфорд зугаахан минутын дараа урьд өмнө нь хэзээ ч зүс царайг нь хараагүй эмэгтэйтэй уулзах болзоотой юм. Түүнд дайны үеэр сэтгэл түгшин айж байгаа тухайгаа захидал бичиж байснаа гэнэт эргэн санажээ. Мөн байлдааны хамгийн аймшигтай мөчийг дурсан бодлоо.

Сөнөсөн нисэх онгоцноосоо шүхрээр буухад дайсны цэргүүд бах нь ханасан байдалтай малийталй инээгээд өмнө нь зогсож байхыг хэзээ ч мартаж чаддаггүй билээ. Тэрхүү тулалдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өнөө эмэгтэйгээс авсан захианд “Мэдээж, чи айж байгаа. Зориг зүрхтэй бүх л хүн айдаг. Хуучин гэрээний алдарт Давид хаан айж эмээхийг мэддэггүй байсан гэж үү? Тэрбээр айсандаа л Библийн хамгийн нэртэй 23-р Дууллыг бичсэн шүү дээ. Ширүүн тулалдаан дунд чамд өөрөө өөртөө итгэхээ болих цаг ирж магадгүй. Үхлийн сүүдэр дунд алхаж явахдаа Бурханы гайхамшигтай ивээл чамтай хамт байна гэдгийг ойлговол чи чөтгөрөөс ч үл айх болно.” хэмээн бичсэн байлаа. Урам хайрласан ийм сайхан захидал бичсэн эмэгтэйн дуу хоолойг Брандцорд төсөөлж үзлээ. Дөрөвхөн минутын дараа түүний ярихыг яг бодитоор нь сонсоно гэхээс зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилно. Хажуугааар нь шүргэх шахан өнгөрөх нэгэн эмэгтэйг хараад дэслэгч Брандфорд эргэлзэв. Энгэрт нь улаан өнгийн цэцэг зүүлттэй харагдав. Гэхдээ тэр нь ярьж тохирсон бяцхан улаан сарнай бус, гүн улаан өнгийн алтан зул гэгч өөр цэцэг байлаа. Бас тэгээд дэндүү залуу, хорь орчим настай байжээ. Холлис Мэйнил өөрийгөө гучин настай гэдгээ нуулгүй хэлсэн. “Би гучин хоёртой, бид хоёрхон насны зөрүүтэй” гэж бодоход Брандфордод нэг л сайхан санагдана. Флоридын цэргийн сургуулийн номын санд байсан “Хүмүүн боол” гэсэн ном түүний анхаарлыг ихэд татсан юм. Хүний дотоод зүрх сэтгэлийг эмэгтэй хүн тийм нинжин сэтгэлээр ойлгож чадна гэдэгт Брандфорд огтхон ч итгэдэггүй байлаа. Гэтэл тэрхүү номын хавтсан дээр Холлис Мэйнил гэсэн эмэгтэй зохиолчийн нэр байв. Брандфорд Нью-Иорк хотын телефон утасны жагсаалтаас түүний хаягийг олж авснаар тэд захидлаар харилцдаг болжээ. Тэд арван гурван сарын туршид бие биедээ тасралтгүй захидал бичжээ. Ямар ч хүнд хэцүү сэдэв хөндөж бичсэн байхад Мэйнил түүнд үнэчээр хариу өгдөг байлаа. Ийнхүү Брандфорд түүнд итгэж, түүнийг хайрлах сэтгэлтэй болжээ. Гэвч Мэйнил Брандфордын хүссэнээр зургаа явуулахаас татгалзсан байна. Энэ нь төдийлөн сайхан санагдаагүй нь мэдээж хэрэг. Гэхдээ Мэйнил “Чи намайг ойлгож надад үнэнч сэтгэлээр хандаж байгаа л бол миний ямар харагдах нь огтхон ч хамаагүй. Намайг гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж битгий бод. Эс тэгвэл чи миний гаднах төрхөнд татагдаж мөрөөдөх болно. Тийм өнгөц хайр надад ердөө ч хэрэггүй агаад миний сэтгэлд эгдүүцэл төрүүлнэ. Намайг жирийн нэг эмэгтэй гэж бод. Ер нь ч би жирийн л нэг эмэгтэй. Зургаа явуулаач гэж надаас дахин бүү хүсээрэй. Чи Нью-Иоркод ирэхдээ надтай уулзана. Тэгээд яахаа шийдээрэй. Бид цаашид хамт байх уу, эсвэл болих уу? Алиныг нь ч сонгож авсан бид чөлөөтэй гэдгийг ойлгоорой” хэмээн юуны тулд зургаа явуулахаас татгалзсан байгаагаа тайлбарласан юм. Зургаан цагт нэг минут үлдлээ. Гэнэт Брандфордын зүрх сэтгэл нь түүний онгоц ч хүрээгүй тийм өндөрт байгаа мэт догдолж эхэллээ. Гоо үзэсгэлэнт нэгэн эмэгтэй түүний өмнөөс чиглэн алхана. Өндөр нуруутай, бас тэгээд гуалиг нарийхан. Цайвар шаргал үс нь чихнийхээ араар мушгиралдан унжина. Тормолзсон алаг нүдтэй. Уруул нь булбарай болоод эелдэгхэн. Цайвар ногоон өмсгөл нь эгээ л хаврын навч адил. Дэслэгч түүний сарнай цэцэг зүүсэн эсэхийг нь үл анзааран өмнөөс нь угтан алхав. Брандфордыг дөхөж ойртмогц сээтэн хаясан бяцхан инээмсэглэл уруулд нь тодорч, бүсгүй “Цэрэг гуай, намайг дагаад явахгүй юу? Уулзах хүн тань энд байна.”гэж шивнэх аядан хэлэв. Тэгээд Брандфорд Холлис Мэйнилийг олж харлаа. Гуч нилээд гарсан, намхан нуруутай нэгэн эмэгтэй залуу бүсгүйн ард зогсож байлаа. Тэрбээр нилээд махлаг бүдүүн хөлөндөө намхан өсгийтэй шаахай угласан харагдана. Бас тэгээд хүрэн бор өнгөтэй хүрэмнийхээ үрчийж үнгэгдсэн заханд улаан сарнай цэцэг зүүсэн байлаа. Ногоон хувцастай өнөөх залуу эмэгтэй тэр дорхноо алга болсон байлаа. Брандфордын зүрх сэтгэл хоёр хэсэгт хуваагдсан мэт санагдаж байлаа. Энд зогсож буй хижээл насны эмэгтэйн байдал түүнийг гүнээ эзэмдэж, түүнтэй уулзаж учирах ёстой байсан хэдий ч залуухан эмэгтэйн араас ухаан жолоогүй дагаад алхчихмаар санагдав. Өмнө зогсож байгаа эмэгтэйн махлагдуу тунгалаг царай нь эелдэг дөлгөөхөн болохыг нь тэр дөнгөж сая л олж харлаа. Сайхан хар нүд нь сэтгэлд дулаахан инээмсэглэнэ. Энэ бол Холлис Мэйнил мөн гэдэгт дэслэгч Брандфорд огтхон ч эргэлзсэнгүй. Тэрээр өөрийн таних тэмдэг болсон цэнхэр хавтастай “Хүмүүн боол” номыг гартаа атган зогсоно. “Хайр дурлал байх албагүй шүү дээ. Энэ бол хайр дурлалааас ч илүү үнэ цэнэтэй байж чадах үерхэл нөхөрлөл юм” гэж дотроо гэнэт бодсоноо Брандфорд өргөн мөрөө хавчиж түүнтэй мэндэлж, урам хугарсан, сэтгэл балмагдсан хэдий ч гартаа атгасан мөнөөх номоо түүнд өглөө. – Би дэслэгч Жон Брандфорд байна. Харин та .. Та хатагтай Мэйнил мөн үү? Надтай уулзахаар ирсэнд тань баярлалаа. Үдийн хоол хамт идэж болохсон болов уу? хэмээн асуухад эмэгтэйн царайд ичингүйрсэн инээмсэглэл тодорч: – Энэ чинь юу гэсэн үг вэ? Хүү минь, би огтхон ч ойлгохгүй байна. Дөнгөж сая хажуугаар минь өнгөрсөн ногоон хувцастай залуухан эмэгтэй энэ сарнай цэцгийг хувцсан дээр чинь зүүж өгөх үү гэж надаас гуйсан юм. Тэгээд чамайг надтай хамт гадуур явъя гэж хүсвэл, замын хажууханд байгаа тэр зоогийн газарт хүлээж байгааг дамжуулаарай гэсэн. Энэ нь нэг ёсондоо чамайг туршиж байгаа юм уу даа. Харин би хоёр хүүгээ галт тэрэгнээс буухыг хүлээж байгаа юм гэж саахь эмэгтэй тайлбарлав. Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ.

Сайхан сэтгэлийн тус

Та бусдад хэр тусалдаг вэ?
Таны бусдад туслах гэсэн сайхан сэтгэлийн хариу нэгэн өдөр заавал ирэх болно.
Бид танд “Сайхан Сэтгэлийн хариу” хэмээх нэгэн богино өгүүллэгийг хүргэж байна.
Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.”
Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ.
“Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.”
Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд , нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ баахан магтжээ.
Хэдэн өдрийн дараа цагаас сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч “Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад, намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй.” гэжээ.
10000 мянгыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг “Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй.” гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ.
Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно.

Эрвээхэй ба хүүхэлдэй

Хүүхэлдэйн нэг үзүүрт бяцхан нүх гарч эрвээхэй дотроос нь гарах гэж хичээж байлаа. Хөөрхий эрвээхэй бяцхан нүхээр гарахыг хичээн шаргуу оролдож байгааг нэг хүн хэдэн цаг ажиглан харж суужээ.
Эрвээхэй ядарсан бололтой хэсэг намжив.
Зүтгэсээр байгаад ядраад за одоо ингээд больё гэж байгаа юм шиг санагдахад нөгөө хүн эрвээхэйд туслахаар шийдэв. Тэгээд нөгөө хүүхэлдэйг нь хайчлаад томоос том нүх гаргажээ. Эрвээхэй ч гараад ирэв. Нөгөө хүн эрвээхэйг ажигласаар байлаа. Учир нь далавч тэнийж биеэ дааж нисэх хэрэгтэй байсан юм.
Гэвч бодсон шиг нь болсонгүй ээ… Эрвээхэйн далавч хэзээ ч тэнийсэнгүй, нисч чаддаггүй хэвээр үлджээ.
Тэр хүний буруу байж. Эрвээхэй хүүхэлдэйнээсээ гарахын тулд тэр давааг зайлшгүй давах ёстой байсан юм. Учир нь тэр жижиг нүхээр багтаж гарах үед биеэс нь ялгарах шингэн далавчийг нь тэтгэж, нисэх хүчийг өгдөг юм байна.
Бидний амьдралд тохиолддог зарим хүндрэл бэрхшээлүүд хэцүү зовлон мэт санагдаж байгаа ч даван туулсаар илүү сайн юманд хүрдэг. Хэрэв бих юм ямар ч хүндрэлгүйгээр бүтдэг байсан бол амьдрал гээч нь утгагүй болохоос гадна бид маш сул дорой болох байсан юм.
Хэзээ ч нисч чадахгүй гэсэн үг
Бурханаас хүч хүслээ
Хүчтэй болохын тулд хүндрэл хайрласан юм.
Мэргэн ухаан хүслээ
Шийдвэрлүүлэх гэж асуудал өгсөн юм.
Баялаг хүслээ
Ажил хий гэж оюун ухаан, хүч чадал өгсөн юм.
Эр зориг хүслээ
Даван туул гэж аюулыг өгсөн юм.
Хайр хүслээ
Тусалж бай гэж зовж буй хүмүүсийг өгсөн юм.
Сайн үйлс хүслээ
Надад боломжуудыг өгсөн юм.
Хүссэн бүх зүйлээ авч чадаагүй ч
Хэрэгцээтэй бүх зүйлээ авч чадсан юм би.

Харамч

Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.
Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа.Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ.Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ.Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор хальсныг мэдлээ.Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксины мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно.Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ.Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана.Түүний ойлгосноор хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах ч сонирхол байсангүй.Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж: настай өвгөний нүд рүү нэг хараад халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж:
-Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав, гэв.
Жаалхүү бөхийж мөнгийг цуглуулж гаран дээрээ авахад, залуугийн нүд уначих шахлаа.Хүүгийн гарт гурав дөрвөн алтан зоос гялалзаж байв.

Цаг бол алт

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө.Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно.Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ?
Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад.Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий.Энэ бол ЦАГ ХУГАЦАА.


Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.
Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ.Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа.Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.
Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.
Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.
Нэг САРЫН үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу.
Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч эрхлэгчээс асуу.
Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.
Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.
Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу.
Эцэст нь та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй.Тэгвэл цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно.Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа.Өнөөдөр бол бидэнд оногдсон шагнал юм.

Сэтгэлийн нүд

Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”
Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгал гэгэлзэнэ.
Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Хадаас

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:
-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.

Эхийн тухай үлгэр

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.
Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.
Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.

-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.
Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.
Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.
-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.
… Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг …
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.
…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,
-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,
-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,
-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,
-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.

Цусан өшөө

Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь хамгийн сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
Товчоор хэлбэл энэ цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө нойронд автадгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.
Тийм ээ, би тэднээс олныг хөнөөсөн юм. Мөн тэднээс биеэ хамгаалхын тулд юу хийснийг минь хүн бүр мэдэж байгаа. Харин дайснууд минь ойлгож байгаа гэж бодохгүй байна. Тэд миний төлөвлөгөөг мэдэхгүй нь лавтай. Учир нь тэдэнд олон удаа:
- Наашаа хүрээд ирцгээ, хэлэлцээр хийе. Та нар намайг битгий оролд, би ч бас та нарт хүрэхгүй. Цусаа хий дэмий урсгах хэрэггүй биз дээ гэж хэлж байсан. Гэвч тэд миний саналыг хүлээж авалгүй, ахин тулалдахаар ирдэг байв. Магадгүй хамгийн бяцхан үр нь хүртэл зэвсэг хэрэглэж чаддаг байхаа.
Тэднээс яаж салах вэ? Би хүч мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч хэрэв “бүгдээрээ зэрэг дайрвал яах вэ?” гэж боддог боллоо. Тэгвэл тэд биднийг шархдуулж хөнөөхөд тун хялбар болох байв. Тэд үүнийг санаагүй байлгүй дээ.
Тэр орой урьдынх шигээ хаалга цонхоо хаахаа мартсангүй. Орны доод хөндий, шүүгээнийхээ ар руу харж шалгахгүйгээр орондоо ордоггүй байв. Бусад өрөөнийхөө хаалгыг сайн хаадаггүй тул хуугээ дуудан түүнд:
- Хэрэв шөнө босч, орж гарвал хаалгануудаа онгорхой орхиж болохгүй гэж сануулдаг байлаа. Шөнө дунд ямар нэг чимээнд сэрлээ. Өрөөний хаалга хагас онгойн, чихран дуугарчээ. Харанхуйд нүдээ дасгах гэж оролдож байхдаа цонх онгорхой байгааг мэдлээ.
- Халуун байна гээд хүү минь онгойлгосон байх гэж дотроо бодож байсан ч дайснууд маань үүгээр орж ирсэн байх гэхээс эмээж байв. Босч харахаар толгой дээрх гэрлээ асаав уу үгүй юү тэдний нэгэнтэй улаан нүүрээрээ халз тулгарлаа. Миний зүг шийдэмгий ойртон хурц үзүүртэй зэвсэгээ чиглүүлжээ. Түүнээс өмнө би:
- Тийм ч амархан өртөхгүй шүү гээд байдаг чадлаараа түүнийг цохилоо. Гайхалтай сайхан цохисон тул өөрөөрөө бахархаж байлаа. Учир нь тэр өчүүхэн төдий дуу гаргалгүйгээр хананд наалдан цусандаа хутгалдсан байлаа. Түүнийг хананаас хусан арилгаж байхдаа:
- Ямар сайхан хэрэг вэ? Энэ шумуулууд ухаантай байсан бол яах байсан болдоо? гэж бодлоо. Ээ дээ энэ хүмүүс хоорондоо л байлдахаа больчихвол, бусдыг нь ч …

Заяаны хань

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.
Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.
Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.
Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.
Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.
Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

Саад

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.
Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.
Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.
Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

Шунал

Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.
Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.
Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.
Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.
Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир “энэ нь өөхтэй, энэ нь ястай юм” гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс “найрыг” эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө хонод хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.
Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.

Аяга

Нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ…гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна…шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч ” -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ” гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : ” – Чи харав уу…Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна ” гэсэн гэдэг…

Цуурай

Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
“Чи хэн вэ”гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
“чи хэн вэ?”
Харин хүү бухимдан:
“хулчгар” гэв.
Хариу бас л ижилхэн:
“Хулчгар ” гэж ирэв.
Хүү аавда:
“Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна.” гэв
Аав нь:
“миний хүү сонсож бай” гээд,
“Бүх юм сайхан” гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
“Бүх юм сайхан” гэв.
Аав:
“Би чамд хайртай”
Уулнаас ирэх дуу:
“Би чамд хайртай”
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ.

Сургамжит өгүүллэгүүд номноос Девидийн түүх


Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
Би анх энэ өгүүллэгийг гавъяат жүжигчин Чаминчулуун гуайг уншихаар нь их сэтгэл догдлон сонсож байлаа. Амжилтын түлхүүрт миний нэмэр.

Би түүндээ хайртай байсааан

Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.
Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.
Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээ хайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.

Их зүйл багаас эхэлнэ

Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:
- та эднийг яагаад далай руу эргүүлж хаяд байгаа юм вэ, гэхэд
-Удахгүй нар мандана. Усны давлагаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:
-Эрэг урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нь нөгөө хүн цуглуулсан однуудаасаа нэгийг авч шидэнгээ:
-та хар л даа, түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахиан нэг одыг далай руу шидэв.

Ааваас хүүдээ бичсэн захидал

Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн\. Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.
Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аавруугаа харснаа гараараа даллан “ааваа баяртай” гэхэд чинь цэх зогс гэж чамд тушаасан.
Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм гэж загнасан.
Хүү минь төсөөлж байна уу. Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу. Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэгэн зүйл хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би “чи яах гээв ” гэж чамруу хашгирсан. Юу ч хэлэлгүй хүү минь гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ үргэлж л хүүгийнээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л “шагнасан” шүү дээ. Чамд хайргүйн учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. өнөөдрийн үнсэлт чинь үүнийг баталж өгч байна. Харанхуйд орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ маргаашаас эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд хамт инээнэ. Таагү зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. өөрөө өөртөө “энэ чинь хүүхэд шүү дээ” гэж сануулж байя. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л, шшш үр минь чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ.
Хүмүүсийг шлү үмжлэхийн оронд тэднийг ойлгохыг хичээгээрэй. Юу хийхийг хүссэнийг нь ойлго. Дотно байж, хүлцэнгүй эелдэг байх нь шүүмжлэхээс хавьгүй илүү нөлөөтөй. Ойлгоно гэдэг уучласных . бүү шүүмжил, бүү зэмлэ, бүү буруутга.

Хулс мод

Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм.
Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.
Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.
Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.

Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.
Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.
Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.