СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ
2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 179
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.8-ыг үндэслэн, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод байгуулсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.
4. Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.
5. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад 2012 онд олгох нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулж цаашид олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment