Sunday, January 29, 2012

Амралтын өдрийн гэгэлзэл

 Амралтын өдрийн уянгыг өнөөдөр зөвхөн Цоодолын Хулангаар хөглөлөө.

Би ч бас ийм л явсан 

Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт

Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан

Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан

Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан

Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг

Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа

 
НЭРГҮЙ ШҮЛЭГ

Сайрхах юм даанч биш дээ,
Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай…
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
Дөч хүрсэн эр үнэнч л баймаар даа.
Намар оройн жимс гашуун болоод амттай
Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй.
Янаг зөөлөн харцны тань аясаар
Ятга хуур шиг би хөглөгдөх дуртай.
Уруулын будгийг минь цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг
Уучлан боддогт тань би танд хайртай.
Дурлал гэдэг зугаа бишийг
Дуулим орчлонд та одоо л ойлгоно
Дутуу хайрласан ханиа аргадахаар
Дурлаад хоцорсон намайгаа ч мартана
Сүслэн залбирдаг гараараа тэвэрч
Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь
Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг
Сүүрс алдан ухаарах болно…

Хүсдэг гэвч зоргоор болдоггүй хайр
Хүлээдэг гэвч хүрээд ирдэггүй амьдрал
Хүндэлдэг гэвч намайг ойлгоогүй амраг
Хайрладаг гэвч минийх биш амраг 

Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа...
Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зүүж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгүй тэвэрч
Цэцгийн зулай дээр үнсээрэй...
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Үнсэлдэхсэн ...
Олдошгүй үхэшгүй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн

No comments:

Post a Comment