Saturday, January 14, 2012

Төсвийн тухай хууль

Төсвийн тухай шинэ хуулийн талаар Сангийн яамны www.iltod.gov.mn Сайт дээрх мэдээлэл

УИХ шинэ оны өмнөхөн буюу  2011 оны 12 дугаар сарын 23-нд  Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь төсвийн шинэчлэлийн хоёр дахь шатны хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараа гарч байгаа процессийн шинжтэй томоохон эрх зүйн акт юм.
       2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар макро түвшин дэх төсвийн нийт орлого, зарлага, улсын өр төлбөрийн зохистой  хэмжээг тусгай дүрмийн дагуу тогтоож хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал тэрхүү тусгай шаардлагуудыг хэрхэн дагаж мөрдөх хэм хэмжээг заасны зэрэгцээ уул уурхайн баялагаас бий болсон орлогын тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулахтай холбоотой  харилцааг зохицуулах юм.
      Харин Төсвийн тухай хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгааралалтуудын хүрээнд  төсвийн цаглабарын дагуу төсөв бүрдүүлж захиран зарцуулахтай холбогдсон үйл явцыг буюу төсөв боловсруулах, батлах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах болон хяналт тавих харилцаанд  төсвийн үйл явцад оролцогч субьектүүдийн эрх үүргийг  тодорхойлж өгч байна. Үүний  зэрэгцээ төсөв гэж юу болох түүний бүтэц, ангилал ямар байх, орлого бүрдүүлэгч эх үүсвэрийг улс болоод орон нутгийн төсөвт хэрхэн хуваарилах  хийгээд  мөнгөн хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагын тогтолцоо, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлыг хэрэгжүүлэх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулахаар  заасан. Мөн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашигийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах асуудлыг шинэчлэн зохицуулна.
        Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг  хугацааг  3 үе шаттай байхаар тогтоосон бөгөөд эдгээр үе шатны дагуу Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудын зохицуулалтууд үе шаттай хүчингүй болно. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг он дамжуулан  санхүүжүүлэх харилцааг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс,
2. Төсвийн календарын дагуу  2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж батлах, жилийн төсвийн төсөл боловсруулах, өргөн  мэдүүлэх, батлах болон 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах, түүнийг аудитаар баталгаажуулах  харилцааг зохицуулсан заалтууд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс,
3. Хуулийн бусад зүйл заалтуудыг  хэрэгжүүлэх хугацааг  2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тус тус тогтоосон.
        Төсвийн байгуулалтын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийн үйлчлэлийг мөн хугацаанд уялдуулан хүчингүй болгосоны зэрэгцээ  28  хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон байна.
       Сангийн яам  хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох заавар, журмыг боловсруулах, бүх шатны төсөв захирагч болон тэдгээрийн нягтлан бодогч, иргэний нийгмийн байгууллагуудад сургалт, семинар  хийх ажлыг эхлүүлж байна.
Монгол Улсын “ТӨСВИЙН ТУХАЙ” хуулийг доорх холбоосоос татан авна уу

Эх сурвалж: www.iltod.gov.mn

No comments:

Post a Comment