Tuesday, June 11, 2013

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай


Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Үүнд:

Нэг.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.

Хоёр. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох.

Гурав. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах.

Дөрөв. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.

Тав.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох.


МОНГОЛ УЛСЫН                                             МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                ЕРӨНХИЙ САЙД
            
 Ц.ЭЛБЭГДОРЖ                                                  Н.АЛТАНХУЯГ

No comments:

Post a Comment