Wednesday, May 3, 2023

Ерөөл /туршилт 1/

Өвлийн дулаахан өдрийн үд дундын наран эмнэлгийн өрөөний хүйтэн цагаан өнгийг бүлээсгэх гэсэн мэт хурцаар гэрэлтүүлж байлаа. Олон тооны аппаратын дунд хэвтэх настай эмэгтэй гэр бүлийнхэн нь тойрон харж зогсох нь энэ нар хичнээн хурцаар гэрэлтүүлсэн ч энэ бүх хүний сэтгэлд гэгээлэг бүхнийг авчрах боломжгүй юм. Хайрт гэргий, хайртай ээжийнхээ сүүлийн амьсгал хураах мөчийг харан зогсох тэдэн дундаас хар нялхаасаа ханьсан ээнэгшсэн дассан хамгийн үнэтэй хүнээ тавьж явуулж чадахгүй гэсэн мэт гараас нь чанга атган жижиг сандал дээр суух настай эрэгтэй хором бүрт амьсгаагаа дараж чичрэн сууна. 

Эмэгтэй алгуурхан нүдээ нээж эргэн тойрноо энхрийлэн хайрлан харцаар эргүүлэн хараад хөдлөхгүй ширтсэн ханийнхаа өөдөөс инээмсэглэх мэт ширтэж байснаа чихэнд нэгэн зүйлийг удаанаар шивнэлээ. Эрэгтэй хэсэг хөдөлгөөнгүй байснаа гэнэт нэгэн зүйлийг санах мэт эхнэрээ удаан гэгч нь ширтэж, хацрыг нь , нүүрийг нь илж тиймээ чи мөн байж, мөн байна хэмээн амандаа бувтнаж эхлэхэд болоод байгаа бүхний учрыг олохгүй хүүхдүүд нь дэмий л гайхан өөд өөдөөсөө ширтэж байлаа. 

Эмэгтэйн нүднээс нулимс чимээгүйхэн урсаж, хамгийн сүүлийн удаа хайртай хүнээ харж байгаагаа мэдрэх үедээ, эцсийн хүчээ цуглуулах мэт хэсэг гүнзгий амьсгаа аваад үгээ алгуурхан боловч тодоор зөөн “Амалсандаа хүрсэн чамдаа баярлалаа, ахин намайг заавал олооорой” гэлээ. Хариуд нь хань нөхөр нь атгасан гараа чадах чинээгээрээ чангалан, нулимсаа урсгаж байхдаа, өөрийнх нь зүрх сүүлийн цусаа юулэн буйг хараахан тааварлаагүй байлаа. 

Олон жилийн өмнө яг нь ийм нэг өвлийн өдөр тэр хоёр анх удаа нэг нэгэндээ дурласан байлаа. Дурлах дурлахдаа холдож чадахааргүй хориотой дурлалд тэднийг автуулсан нь хувь заяаны тоглоомны эхлэх байсныг тухайн үед хэн нь ч таагаагүй юм. 

Тэр эрэгтэйн ажилладаг байгууллагад эмэгтэй ирснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байлаа. Өөрөөсөө нэлээн ах залууг анхнаасаа хүндлэх сэтгэлээр харьцаж байсан түүний хувьд өдөр бүр олон сайн чанарыг нь олж харах бүртээ л улам л хүндэлж биширч байна гэж бодож байснаас хэзээ ч дуусахгүй үргэлжлэх хайрын эзэндээ сэтгэл алдран буйгаа тухайн үедээ мэдээгүй юм. 

Эрэгтэйн хувьд гэр бүлтэй хүний хувьд тэр эмэгтэйтэй энгийн нэг харилцаатай боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хамт байх, түүнийг баярлуулах дуртай нэгэн болсон байлаа. 

Хэн хэн нь сэтгэл зүрхээрээ ойртож байсан өвлийн нэг өдрийн учрал тохиогоогүй бол энэ бүхэн хэрхэн цаашаа өрнөх байсан нь таашгүй юм. Бидний амьдрал үргэлж хийсэн сонголтын заасан замаар явахаас хойш үлдээсэн зам дээр юу болохыг бус явж буй замын төгсгөлд юу болох нь сонин юм. 

Байгууллагын зохион байгуулсан арга хэмжээний дээр тэр эрэгтэй тогтсон зуршлынхаа дагуу хамгаас түрүүнд явахаар түрүүлж гарахдаа эмэгтэй  санаатай санамсаргүй нь таахад бэрхээр тааралдаж хамтдаа гарлаа. Хэдийгээр нэг нь явж нөгөө нь үлдэж байгаа хоёр боловч шууд салаад явчихаж төвдөхгүй нааш цааш нэлээд алхаж, элдэв зүйлсийг ярилцаж байхдаа анх удаа сэтгэл дотроо “ би эндээс явмааргүй байна” гэсэн үгийг хоёулаа мэдэрсэн байлаа. 

Хэдий тийм боловч гэр бүлтэй, насаар ах хүний хувьд тэр эрэгтэй сэтгэлээ барьж, машиндаа суухаар зориглон салахад эмэгтэйн зүрх амнаасаа гарахаар тэмүүлэх мэт булгилж, чаддаг бол түүнийг шууд тэврээд авмаар хүсэлт сэтгэл биеэр нь нэг гүйж байлаа. Гэвч хүн бүхний үлгэрлэн ярьдаг гэр бүлтэй тэр л хүнийг тэврээд авбал цочоод цохиод авахад ч бэлэн гэсэн итгэлтэй байсан тул чимээгүйхэн харж зогссоор түүнийг явууллаа. 

Сар гаруйхны дараа шинэ жил болох гэж байхад сэтгэл алдарсан хоёр хуучны адил ажлын харилцаагаа хадгалж үлдэхийг хэрдээ хичээн оролдож байвч хорих тусам булгилах сэтгэл нь тэднийг дотроос нь улам ч тарчлааж байлаа. 

Хорих тусам тэмүүлдэг сэтгэлийг хараахан амсаагүй хоёр зүрх удахгүй эдгэрэх өвчнөө хүлээх мэт чимээгүй хичээсээр л шинэ жил боллоо. 

Том жижиг олон л арга хэмжээнд хамтдаа байсан хоёр энэ баяраар нэг нэгнээ харах бүртээ шатаж, орчноо мэдрэх ч тэнхэлгүй олон хүн дунд хоёулаа мэт л үдшийг тууллаа. Гэсэн хэдий ч гаднаас харахад хэн ч тэднийг хайр дурлалдаа шатаад хамаг бүхнийг мартахад бэлэн болсныг анзаарч харах аргагүй байлаа. Арга хэмжээ тарахад энэ хаалгаар гараад явахад л бүх зүйл дуусах мэт санагдаж, эрэгтэй тэр л мөчид сэтгэлийн жолоогоо түр алдсан нь энэ бүхний эхлэл байлаа. Хувцасаа өмсөөд гараад явахдаа “би явлаа” гэж түүнд очиж хэлэхдээ ямар хариулт хүлээж, юу хүсэж байгаагаа тэр өөрөө ч мэдээгүй байх. Харин бүсгүй гараад явахыг нь араас нь үдээд зогсож байхдаа ийм асуулт хүлээгээгүй тул хэсэг тээнэгэлзсэн боловч зориг гарган “ намайг хүргэж өгөөрэй” гэлээ. Эмэгтэйн энэ мөчөөс эхлэн өөрийн гаргасан шийдвэртэй үргэлж хатуу зогсоно гэсэн итгэлтэй байлаа. 

Үүнээс хойш арван хэдэн жилийг хамтдаа үдсэн тэд жил, сараар битгий хэл өдөрт хэдэнтээ салж байсан ч хэн хэнийгээ тавьж явуулж чадахгүй байсаар үхэл салгах хүртэл үргэлж хамт байсан юм. 

Үлгэр домогт гардаггүй ч, үйлийн үрийн дуунд хаяадаа дурдагддаг нууц амрагийн түүхээ хамтдаа бичиж амьдрахдаа өвчин зовлон, үхэл хагацал, өөдлөх уруудах бүхнээ хуваалцан амьдралыг туулж явлаа. Киноноос илүү хайр, номноос илүү дотно сэтгэл, төсөөллөөс илүү мэдрэмж тэр хоёрт байлаа. 

Хүн бүхэнд зарлаад явахгүй ч хэн бүхнээс нуугаад яваагүй хамтдаа өнгөрүүлсэн он жилийг эмэгтэйн үхэл гэнэт л дуусгасан юм. Гэнэтийн мэдээг хожимдсон дуулсан эрэгтэй олон жил л хүүгийнхээ төлөө тэр эмэгтэйг гомдоож ганцаардуулж ирсний тоглоом гэлтэй ганц хүүгийнх нь хуриман дээр хайртай хүнээ эмнэлгийн орон дээр түүнийг хүлээн эцсийн мөчөө шавхаж буй сонссон юм. 

Түүнд одоо хугацаа байхгүй, түүнд дахиад хайртай хүнээ харах, хамтдаа бүхнээ ярилцах, дахиад жоохон хүлээвэл амьдрал хэрхэн эргэхийг хүлээх хугацаа байхгүй гэлгийг тэр ойлгох бүрт очих газар хол, өнгөрсөнд дандаа буруу зүйл хийсэн мэт санагдаж явлаа. 

Эмнэлгийн үүдэнд ирэхэд энэ хүнийг л хүлээж байгаа мэдсэн хүмүүс цочирдох баярлах хоёрын дунд түүнийг зэвхий цагаан нөгөө л олон гуурс холбосон өрөөнд орууллаа. 

Эмэгтэйн гарт хүрэхэд түүнийг хүлээж байсан тэрээр нүдээ нээн энхрийлж хайрласан, хэмжээлшгүй баярласан харцаар харан хэсэг хэвтээд сүүлийн хүчээ нөөцлөн хэд амьсгалаад “Дараа төрөлдөө намайг түрүүлж олоорой” гэж тод боловч зөөлөн дуугаар шивнэн хэллээ. Эрэгтэй “ Заавал, амалж байна, хайртай шүү” хэмээн дахин дахин шивнэх мөчид эмэгтэй сүүлийн амьсгалаа татаж байлаа. 

Хайртай түүнийгээ алдаж явуулахдаа хамаг амьдралынх нь гэрэл гэгээ байсныг ойлгож, түүний араас хурдхан очихгүй бол айж байгаа даа, хурдхан дахин төрөхгүй бол зөрчих вий дээ гэсэн бодол тэр эрэгтэйг дотроос нь хүчилсээр удалгүй бурхны оронд араас нь явжээ….

Үүнээс хэсэгхэн хугацааны дараа хөрш хоёр айлд нэгэн зэрэг охин, хүү мэндэлж, хар багаасаа зэрэгцэн өссөөр хорвоогийн амьдралын сүүлийн мөчийг хүртэл хайрандаа жаргаж ирсэн хос хоёрыг хүмүүс битгий хэл өөрсдөө ч урьд насныхаа амлалтаар учирсныг өнөөдрийг хүртэл мэдээгүй байлаа. 


No comments:

Post a Comment