Saturday, December 4, 2010

Монгол Улсын 2011 оны төсөв батлагдлаа


Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2010 оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.9 хувь болж байна.
Үүнд, Улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.



Монгол улсын 2011 оны төсвийн бодлогын гол чиглэл нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн суурийг оновчтой бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг татварын болон бодлогын бусад арга хэрэгслээр дэмжих, улмаар уул уурхайгаас хэт хамааралтай болж буй эдийн засгийн бүтцийг аажмаар өөрчлөх, жижиг дунд үйлдвэрлэл, түүн дотроо дотоодоос түүхий эдээ хангадаг үйлдвэрлэлийн салбарыг хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах асуудал юм.
Үүнтэй уялдаад уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй оруулж улс орныг үйлдвэржүүлж, хүн ардынхаа аж амьдралыг богино хугацаанд дээшлүүлэх зорилт тавигдаж байна.
Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн 2009 онд манай улсын татварын орлого эрс буурч, ДНБ-ий өсөлт саарснаар эдийн засаг дахь татварын ачаалалд нөлөөлжээ. Мөн зэсийн үнэ унаснаас үүдэлтэй зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого буурсан явдал ч үүнд нөлөөлсөн.
Үүнтэй зэрэгцээд эдийн засгийн цаашдын хурдацтай өсөлтийг дагасан олон шийдвэрлэх асуудал биднийг хүлээж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, иргэддээ үр өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, байгаль орчин, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх  чиглэлээр хийх ажил олон бий.
Цаашид макро эдийн засаг, төсөв, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах, банкны бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, халамжийг хавтгайруулах бус харин хүртээмжийг нь дээшлүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бодитойгоор бууруулах, бүс нутгийн жигд хөгжлийг хангах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.
Манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн асуудлуудын нэг бол төсвийн шинэчлэл юм. Улсын төсвийн тогтолцоог шинэчлэх, асуудалд иж бүрэн байдлаар хандаж тогтвортой байдлыг хангах, үр ашигтай төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын систем бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зөв, эрүүл тогтолцоог бий болгох зорилгод бидний шинэчлэлийн бодлого чиглэж байна.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд зайлшгүй шийдвэрлэх олон харилцааг зохицуулахаар боловсруулсан Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсанаар төсвийн шинэчлэлийн хоёр дахь тулгуур багана бий болно гэдэгт бид итгэлтэй байна.
УИХ-аар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож анх удаа төсвийн тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөлөө.
Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг орон нутагт нь олгох зорилгоор орон нутгийн ИТХ-аас орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байхаар Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдлаа.
Уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү татварыг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж ногдуулах бөгөөд зэсэнд дээр 5 + 15%, бусад ашигт малтмал дээр 5 + 5% -иар тооцон авч байхаар тусгасан.
Монгол Улсын төсөвт гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүн нь 2010 оныг хүртэл  Сангийн сайдын багцад бүхэл дүнгээр туссаар ирсэнийг өөрчилж төсвийн ерөнхийлөн захирагчидийн багцад зардлын зүйл бүрээр тодорхой тусгалаа.
Ирэх 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 48.2 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 15.7 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, 11.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардал тус тус зарцуулахаар төлөвлөлөө.
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч тулгамдсан олон асуудал бодитой байсаар байгаа тул ирэх онд 79.0 тэрбум төгрөгийг нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтад зарцуулах эрхийг олгож байгаа бол орон нутагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж аймаг тус бүрт улсын төсвөөс дунджаар 800.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тооцлоо.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх үүднээс:
-       Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2011 онд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг жилдээ нийт 252 мянган төгрөг олгох,
-       Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 165,000 оюутны 2010 – 2011 оны сургалтын төлбөрөөс оюутан тус бүрт 500 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох,
-       Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүх иргэдийг заавал даатгалд хамруулах чиглэлээр одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа 344.4 мянган иргэний 4.5 жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлэх,
-       Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг 1,356 сая иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөд 10.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгалаа.


Монгол Улсын 2011 оны төсвийн тухай танилцуулгыг доорхи холбоосуудаас татан авна уу.
Монгол Улсын 2011 оны төсвийн мэдээллүүдийг бүрэн эхээр нь доорхи холбоосуудаас татан авна уу.
 
 Эх сурвалж: www.iltod.gov.mn 

No comments:

Post a Comment